Уншиж байна ...

Чеченийн эрх баригчид Грозный хотод Путиний нэрэмжит дүүрэг байгуулахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Путиний нэрээр нэрлэгдсэн шинэ дүүргийг байгуулах болсон тухай Чеченийн нийслэл Грозный хотын захиргаа өчигдөр мэдээлжээ.

Шинэ дүүргийг одоогийн Шейх-Мансуровын дүүргээс салгаж байгуулах гэнэ. Саяхан тус дүүргийн 35,000 оршин суугчаас санал авахад 34,700 гаруй нь Путиний нэрээр нэрлэхийг дэмжжээ.

Ердөө 200 гаруй нь нэрийн “өөр хувилбар” санал болгосныг Грозныйн захиргаа мэдээлсэн байна.

Энэхүү санал асуулгын үр дүнг Чеченийн парламентад танилцуулж, шийдвэрлүүлэхээр хотын захиргаанаас өргөн барьжээ.

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров өмнө нь нийслэл хотдоо 200 гаруй га талбайтай шинэ дүүрэг байгуулж, ерөнхийлөгчийн нэрэмжит болгох санал гаргаж байсан юм.

Тухайн дүүрэгт 130 айлын орон сууцны барилга, сүм хийд, цэцэрлэг, нийгмийн бусад дэд бүтэц байгуулахаа тэр амлаж байжээ.

Путиний нэрийг шинэ дүүрэгт өгөх болсон шалтгааныг “Бүгд Найрамдах Улсыг сэргээн босгох боломж өгсөнд нь Чеченийн ард түмнээс үзүүлсэн гүн талархлын илэрхийлэл” гэж Кадыров тайлбарласан юм.

Барилга, бүтээн байгуулалт дууссаны дараа Путинский дүүрэг Грозный хотын хамгийн тохилог, нэр хүндтэй хэсэг болохыг тэр бас амлажээ.

2008 онд Грозный хотын гол гудамж болох Победа өргөн чөлөөг Путиний нэрэмжит болгож байсан юм.

“Терроризмын эсрэг тэмцэж, эдийн засгийг сэргээж, Чеченийн нийгмийн салбарт гарамгай зүтгэсний төлөө” гэж Кадыров шийдвэрээ тайлбарлаж байжээ.

Украинд дайтах цэргүүдийг бэлддэг Гудермес дэх ОХУ-ын тусгай хүчний их сургуулийг мөн Путиний нэрэмжит болгосон байна.

“Владимир Владимирович Орос улсыг хөл дээр нь босгож, үндсэн хууль, эх орны аугаа хүч чадал, тусгаар тогтнолын баталгаа болсон гэж үзвэл бидний хувьд энэ байгууллагыг нэрээр нь нэрлэх илүү зохистой хүн олдсонгүй” гэж Кадыров шийдвэрээ тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Moscow Times, ТАСС