Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Амарзаяа: Спинингээр нэг цаг хичээллэхэд 800-1,200 ккал илчлэгийг шатаадаг

Г.Нарантуул, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголд спининг гэх спортоор хичээллэх хүсэлтэй залуус сүүлийн үед олширсон. Суурин дугуйн дээр бүжиглэх хөдөлгөөн нь хүний биеийг эрүүлжүүлэн тураах, биеийг зөв бие галбиртай болгодог. Спининг хүний биед хэрхэн эерэг нөлөө үзүүлдэг болон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар “Magical” спининг клубийн багш Ц.Амарзаяа ийнхүү зөвлөж байна.

-Спининг буюу дугуйтай аэробик манай улсад харьцангуй шинэ спорт болохоор манай уншигчдад энэхүү спортын талаар танилцуулахгүй юу?

-Спининг маань сонирхолтой, уйдахааргүй, эрч хүчтэй спорт гэж ойлгож болно. Суурин дугуйн дээр босоо байдлаар хөгжмийн аянд дасгал, хөдөлгөөн хийдэг нь сонирхолтой бөгөөд уйдахгүй спортын төрлийн нэг гэж ойлгож болно. Спининг гэдэг нь эргэлдэх гэсэн утгатай.

Нэг цаг хичээллэхэд л 800-1,200 ккал илчлэгийг шатаадаг бөгөөд эрчимтэй гайхалтай үр дүнг үзүүлдгээрээ фитнесс болон бусад хөдөлгөөнт спортоос онцлогтой. Бүжиг маягийн хөдөлгөөнүүдтэй. Хичээллэх орчин нь яг л диско клубт байгаа юм шиг цоглог ая хэмнэлд хийгддэг.

-Манай улсад хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?

-Энэ спорт 1984 оноос үүссэн түүхтэй. Анх АНУ-аас үүдэлтэй ба одоогоор Ази болон тэр дундаа Солонгос Улсад өөр өөрсдийн өнгө аясаар хөгжиж байгаа. Харин манай улсад 2014 оноос орж ирснээр охид, залуус идэвхтэй хичээллэж өнөөдөр хүн бүрийн дуртай спорт болсон. Манай улсад нэлээн эрчимтэй хөгжиж байгаа гэж ойлгож болно.

-Фитнессийн бусад төрлөөс юугаараа онцлогтой вэ. Турахаас гадна биеийг галбирлаг болгодог гэдэг юм билээ. Нэлээн эрчимтэйгээр галбирлаг байдлаар турдаг гэж ойлгож болох уу?

-Биеийн тойргоосоо хасаж галбиржин турдаг гэж ойлгож болно. Фитнессээс ялгаатай нь спининг дасгал хөдөлгөөнийг удаан давтамжтайгаар хэсэгчлэн хийдэггүй. Харин нэгэн зэрэг эрчимтэй богино хугацаанд өөхийг хайлуулж галбиржин тураадгаараа фитнессээс ялгаатай. Спинингээр хичээллэснээр нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Ихэнх охид бүсгүйчүүд спинингт 1-2 cap яваад л хүссэн үр дүндээ хүрнэ гэсэн ойлголттой байдаг.

Үнэхээр та хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл таны тууштай байдал амьдралын зөв дадал, зөв хооллолт зэрэг нь нэн чухал. Мөн сэтгэлзүй маш чухал. Та нэгэнт туръя хэмээн тууштай шийдсэн бол заавар зөвлөгөөний дагуу спинингээр хичээллэвэл хүссэн үр дүнгээ мэдрэх болно. Ер нь ядарч сульдахгүйгээр өөрийгөө өөрчилж чаддагаараа сэтгэл ханамж 100 хувь байдаг.

-Нэг удаа хичээллэхэд хэдэн минут үргэлжлэх вэ. Эрчимтэй хичээллэж байгаад орхих тохиолдолд биед ямар нэгэн сөрөг нөлөө, өөрчлөлт гарах уу?

-Нэг удаа хичээллэхдээ 40-45 минут зарцуулдаг. Манай “Magical" клубт спининг дугуйн дээрээ 45 минут хичээллүүлэхийн зэрэгцээ давхар биеийнхээ суларсан махыг чангалах дасгалууд, иогийн болон сунгалтын дасгал түлхүү хийдэг. Ингэснээр нэг цаг 10 минут хичээллэнэ гэсэн үг. Ядрах, шантрах гэсэн ойлголт байхгүй. Эхний нэг юм уу хоёр оролтоор бага зэрэг сульддаг ч энэ нь биед сөрөг нөлөө үзүүлэхгүй. Цаашлаад ядрах, сульдах гэсэн ойлголт биш.

Үүнийг тухайн хүний биеийн онцлог болоод бие дасгалдаа дасах үйл явц гэж ойлгож болно. Амьдралын дадал, зөв хооллолтын хэвшлийг бүрдүүлж эргээд таргалах, нэмэх асуудал бага. Мөн энэ нь дан ганц жин хасах асуудал биш нуруу болон үе мөчний асуудалтай хүмүүст ч эерэг сайн нөлөөтэйг би өөрийн биеэрээ мэдэрч зовуурьтай асуудлаасаа салсан.

-Та ямар зовуурьтай байсан гэж. Хичээллээд хэчнээн жил болж байна?

-Хүмүүс амьдралд хэрэгжсэн бодит зүйлд итгэдэг учраас яримаар санагдлаа. Би нурууны гэмтэл авч хүнд хагалгаанд орсон. Наад зах нь 3-10 жил гам барих цаашлаад биед ачаалал өгөх хөдөлгөөн хязгаарласнаар 18 кг жин нэмсэн. Өдөр ирэх тусам жин нэмж байсан. Ийнхүү өөрт тохирох спортын төрлүүдээс судалж байгаад спининг гэх гайхалтай спортыг олсон. Эхний нэг cap дүүгийнхээ спининг клубт явж дөрвөн кг хассан.

Анх хичээллэхэд хялбар байгаагүй ч сонирхол, биеийн шаардлага хоёртоо хөтлөгдөн сонирхогчийн спининг клуб байгуулан гурвуулаа хамтран хичээллэж үр дүнг нь үнэлж, дүгнэлт хийх, эрүүл хооллох талаар судалгаа хийж дадлага туршлага хуримтлуулан үр дүнг нь өөрсдийн биеэр мэдэрсэн.

Одоогоор би таван cap хичээллэж байгаа. Нийт нэмсэн жингээ хаяж чадсан. Ийнхүү өөрийн туршлагаас бусадтай хуваалцах үүднээс клубээ нээсэн. Монголд энэ спортыг хөгжүүлсэн энэ спортод тодорхой байр суурь эзэлсэн “Супер”, “Сүлд" спининг клубүүдэд хичээллэж, сургалтад хамрагдсанаар багшлах болон хичээллэх эрхээ авсан.

-Дугуй унахаар шилбэ бүдүүрдэг гэдэг. Мэдээж дугуйгаа жийдэг болохоор хөлийн булчин нэлээн хөгжих байх?

-Биеийн байдал нь тогтворгүй, асуудалтай хүмүүс төлөвлөж байгаа бол эхлээд эмчид үзүүлсэн байх шаардлагатай. Спининг бөөрний даралт болон бөөрний үрэвсэлтэй даралт, зүрх судасны архаг өвчтэй, амаржаад удаагүй болон жирэмсэн эмэгтэйчүүд хичээллэхэд тохиромжтой биш. Эдгээр хүмүүст зөвлөгөө өгч буцаадаг.

Хөлийн булчин мэдээж эрчимтэй хөгжинө. Бүх булчингууд зэрэг ажилладаг учраас жигд хөгждөг. Түүнээс биш хөлийн булчин илүү хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Спининг дээрээ зөв техникээр жийх юм бол шилбэний булчин түлхүү хөгжинө, булчин бүдүүрэх асуудал байхгүй.

-Спинингээр хичээллэснээр биед гарах эерэг өөрчлөлтүүдээс дурдвал?

-Нурууны мурийлт, суулт, шохойжилт засагддаг. Мөн цусны эргэлт, дархлаа болон анхаарлын түвшин сайжрах, бэлгийн идэвх нэмэгдэх, галбиржин турах, нойргүйдэх болон алжаал тайлах, бүжиг, хөдөлгөөний эвсэлтэй болох гэх мэтчилэн олон давуу талтай.

-Танай спининг клубийг нэлээн онцлогтой гэж сонссон?

-Манай клуб нээсэн цагаасаа эхлэн зорин ирсэн хүмүүст нээлттэй боломжийг бүх нөхцөлөөр хангаж ирсэн. Жишээлбэл, нэг цагийн үнэгүй хичээл, гэр бүлийн нээлттэй өдөрлөг, “Эхлээд хичээллэж дараа нь шийд” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж бүх талын боломжоор хангадаг. Өөрөөр хэлбэл, бид ашиг, мөнгө харахаас илүү өөртөө зав гарган ирж байгаа хүн бүхний төлөө сэтгэл гаргаж ажилладаг. Энэ сайхан бодол санааг минь дэмжин ийм нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн ах нартаа талархаж явдгаа илэрхийлье.

Зөвхөн надад бус олон сайхан хүмүүст ийм боломж олгосон. Нас, хүйсийн хязгаарлал гэж байхгүй. Эрүүл мэнд болон өөртөө анхаарч цаг зав гаргаж буй хүн бүрт нээлттэй. Манайд хичээллэж байгаа гишүүдийн хамгийн ахимаг нь 58 нас, хамгийн залуу нь 17 нас. Саунд орох, зааланд тоглох, ууланд алхах гэх мэт эрүүл хэв маягийг бүрдүүлэх өдрүүдтэй учир найз нөхдийн хүрээлэл ихтэй болов.

-Турахыг хүссэн эмэгтэйчүүдэд хандаж ямар гол зөвлөгөө өгөх вэ?

-Хамгийн чухал зүйлсийн нэг нь дээр дурдсан зөв хооллолттой холбоотой. Хэдий хөлсөө урсгаад ядраад дасгал хийсэн ч замбараагүй идэх юм бол ямар ч дасгал нөлөө үзүүлэхгүй. Яах вэ жингээ бариад л явж болох ч илүү төгс болно гэвэл үгүй. Ямар ч дасгалын үед давхар заавал хоолондоо анхаарч илүү үр дүнд хүрдэг. Оройн хоолоо идэж спининг хийхээр яах аргагүй турдаг юм билээ.

-Гоо зүйн талын эерэг нөлөөлөл нь юу вэ?

-Бөгтийж явдаг хүмүүс цэх алхдаг болно. Учир нь дасгал хөдөлгөөн хотойсон байрлалд хийгддэг учраас тэр юм. Нурууны загасан булчин илүү тодорч өгдөг. Эрэгтэйчүүдийн хувьд энэхүү спортоор хичээллэхэд гэдэс амархан арилна. Учир нь байнга дугуй жийхэд хэвлийн булчин их ажилладаг юм.

Зураг