Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт үйлдвэр Беларусиас $3 саяын БелАЗ авахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Беларусийн автомашин үйлдвэрлэлийн БелАЗ компани нийтдээ $3 саяын үнэ бүхий гурван ширхэг ачааны машинийг Монголын Эрдэнэт үйлдвэрт энэ онд багтаан нийлүүлэхээр болжээ.

Саяхан тус компанийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочилж, техникийн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний гэрээ байгуулаад ирсэн байна. “Гэрээ ёсоор тус бүр нь 130 тонны даацтай гурван ширхэг ачааны машиныг $3 саяар энэ онд багтаан нийлүүлэхээр боллоо” хэмээн БелАЗ компанийн нэгдүгээр орлогч захирал Василий Шостак ярьжээ.

Эрдэнэт үйлдвэр Беларусийн үйлдвэрлэгчтэй түүхэн уламжлалт харилцаатай. Тус үйлдвэрийн ачаа тээвэрлэлтийг голдуу БелАЗ үйлдвэрийн техникүүд гүйцэтгэдэг ба тэдний даац нь 30, 45, 55, 130 тонн байдаг гэнэ. Мөн бусад уул уурхайн машин механизм ч ашиглагддаг ажээ.

БелАЗ үйлдвэр 2017 оны эхний хагаст 24 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байна. Энэ хугацаанд Оросын зах зээлд нийлүүлэлт нь 32.7 хувиар, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад 41.2 хувиар, бусад орнуудад 63.6 хувиар нэмэгджээ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байгаагүй орнуудаас хамгийн том захиалагчид нь Зимбабвэ, Морокко, Ангол, Босни Герцеговина байсныг тус компанийн мэдээлэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Belta.by