Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Унаач хүүхдийн даатгалыг Хүй долоон худаг болон аймаг сумдад хийнэ"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны төсвийг 220 сая төгрөгөөр баталсан. Үүний 161 сая буюу 78.9 хувийг зөвхөн бай шагналд зарлцуулах ажээ.

Үндэсний зохицуулах хорооноос наадмын хөтөлбөр гарч, үүний дагуу Хурдан морины салбар хорооны ажил долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэх юм байна.

"Унаач хүүхдүүдийг паркт 5 хүртэлх тоглоомд үнэгүй тоглуулахаар болсон"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд уралдана.

Долоодугаар сарын 11-нд азарга, их нас, долоодугаар сарын 12-нд соёолон, дааганы уралдаан болж зургаан насаа стадионд цоллуулах ажил зохион байгуулагдана.

Уяачдын наадам Хүй долоон худагт долоодугаар сарын 13-нд зохион байгуулагдана. Уяачдын наадмаар эрлийз, дээд, дунд, бага насны морьд уралдах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Уяачдын бүртгэл долоодугаар сарын 9-ний 08:00 цагаас Хүй долоон худагт бүргэнэ. Морьтон Монголчууд наадмыг наадмын өдрүүдээр мөн уламжлал ёсоор зохион байгуулна.

Үндэсний соёл амралтын хүрээлэн Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран унаач хүүхдүүдийг паркт 5 хүртэлх тоглоомд үнэгүй тоглуулахаар болсон.

Зай хугацааны хувьд хуучин зайгаараа уралдах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэсэн байгаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд бөхөөс сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Уралдсан морьдоос шинжилгээ авна гэж заагаагүй учраас бид хуулийнхаа дагуу ажиллана” хэмээн тайлбарлалаа.

"Эрлийз морьдыг ялгахдаа биеийн ерөнхий галбир, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Эрлийз морьдыг ялгах асуудал яригдаж байгаа. Яг энэ дагуу чиг үүрэг өгөгдсөн, ажиллаж байна.

Эрлийз морьдыг ялгахдаа биеийн ерөнхий галбир, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно. Сэрвээний өндрийг нас насаар нь тодорхой зааж өгсөн байгаа” гэлээ.

"Унаач хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар хийж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Гэр бүл, хүүхэд залуусын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх “Гэр бүл хүүхдийн хөгжлийн газраас Улсын баяр наадмаар хүүхдийн эрсдлээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.

Энэ жил уламжлал ёсоороо бид ажиллах болно. Юуны өмнө Хүй долоон худаг болон Стадионд төөрсөн хүүхдийг түр хамгаалалтад авах, эцэг эхэд хариуцуулан өгөх тодорхой тэмдэгтэй гэрүүд баригдсан байгаа.

Тэгэхээр төөрсөн хүүхэд байвал наадамчин олон тухайн тэмдэгтэй гэрт хүргэж өгөөрэй гэдгийг хэлмээр байна.

Улсын хэмжээнд 7,000 орчим унаач хүүхэд байна гэсэн судалгаа гарсан. Энэ жил 900 орчим хүүхэд Улсын баяр наадамд морь унаж, оролцоно гэсэн урьдчилсан мэдээ байгаа.

Энэ жилээс бид хүүхдүүдийнхээ бүртгэлийг цахимаар хийж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийж буй энэхүү ажил их давуу талтай.

Хамгаалах хэрэгслийг бүх хүүхдэд бүрэн хэрэглүүлж, Номин болон Монгол даатгал компаниуд Хүй долоон худагт, бусад даатгалын компаниуд аймаг сумдад хүүхдийн даатгалыг хийхээр төлөвлөгдсөн.

Мөн баяр наадмын үеэр хүүхэдтэй холбоотой ямар нэг осол гэмтэл, хэргийн талаарх мэдээллийг 108 утсанд 24 цагийн турш хүлээж авна” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид дараах зүйлийг албаныхнаас тодруулж, асуулаа.


-Уралдааны явцад ямар нэг гэмтэл, эрсэл үүсвэл яах вэ?

-Хүй долоон худагт Баяр наадмын үеэр түргэн тусламж, мал эмнэлгийнхэн ажилладаг. Морь уралдахаас өмнө мал эмнэлгийнхэн үзлэг хийдэг.

Үзлэг хийгдсэн морь уралдааны замд гарч болно. Явцын дунд морь багтрах, унах, хөлөө гэмтээх үзэгдэл гардаг ч эмнэлгийнхэн шуурхай ажиллана.

Гэхдээ хуучин эмнэлгийн машиныг давхар уралдааны явцад дагуулж явуулдаг байсан бол энэ удаад өртөөчилсөн байдлаар зохион байгуулахаар болсон.

-Нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Төмөр замынхантай тохиролцсон байгаа. Эрээс нь Эмээлт өртөө хүртэл явна. Эмээлт өртөөнөөс цааш Хүй долоон худаг хүртэл чиглэлийн автобусууд үйлчилнэ.

-Уралдаанд амжилттай оролцсон хүүхүүдийн шагналын тухайд?

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана гэж заасан байдаг.

Мөн тухайн бай шагналын 20 хувийг хүүхдэд олгоно гэж хуульчилсан байгаа. Тиймээс түрүүлэхэд 5 сая төгрөгийн 20 хувь болох сая төгрөгийг хүүхдэд олгодог.