Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Украины ерөнхийлөгчтэй “мэндлээд өнгөрнө”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Петро Порошенког өнөөдөр буюу Мягмар гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзах гэж байгаа.

Гэвч энэ уулзалт маш богинохон болж, Украинд Цагаан ордон ямар амлалт өгөх нь тодорхойгүй үлдэж болзошгүй байна. Даваа гарагт Порошенко Киевээс АНУ руу мордсон ч Трамптай хийх уулзалтынх нь хөтөлбөр гараагүй байгаа юм. Үнэндээ Трамп түүнтэй уулзах дургүй байгаа гэнэ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер түүнийг зөвхөн дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй уулзах тухай мэдээлсэн. Харин сүүлд дэд ерөнхийлөгчтэй уулзах төлөөлөгчдийн хоёр нь л Трампын өрөөгөөр дайраад гарах тохиролцоо хийжээ.

Өөрөөр хэлбэл Трамп бусад улсуудын тэргүүнүүдтэй зэрэгцэн зогсоод хамтарсан мэдэгдэл хийдэг уламжлалт арга хэмжээг Порошенкотой төлөвлөөгүй байна. Украин улс Өрнөдийн Оростой тулж байгаа нүүрний шугам болж байгаагийн хувьд Трампын мэдэгдлийг зөвхөн Украинчууд биш, Европ тэр чигтээ ажиглаж байгаа.

Харьцуулбал өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Панамын төрийн тэргүүнийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан. Дипломат ёсны дагуу тэд зэрэгцэн сууж, хамтарсан мэдэгдэл хийсэн. Трамп “Панамын суваг сайн ажиллаж байгаа. Бид хамтдаа тун хэрэгтэй зүйл бүтээсэн шүү. Тийм биз?” гэхэд Панамын ерөнхийлөгч Ян Карлос Варела “Тиймээ. Гэхдээ 100 жилийн өмнө” хэмээн хошигнож байв.

Мөн өнгөрсөн сарын 10-нд Трамп ОХУ-ын гадаад хэргийн сайдыг өрөөндөө хүлээн авч уулзсан нь том хүндэтгэл байсан юм. Уг уулзалтын дараа Трампыг Кремльтэй холбож хардах явдал улам эрчимжсэн.

Лавровыг хүлээж авсан өдрөө Трамп Украины гадаад хэргийн сайд Павло Климкинтэй товч уулзалт хийсэн бөгөөд дараа нь ердөө “Энхийг тогтооцгооё” гэсэн богинохон мэдэгдэл хийсэн юм.

Тэгвэл Порошенкогийн уулзалт мөн л ийм хэмжээнд болохоор байна.

Уг нь тэр Украиныг дэмжихийг, Оросын аюулаас сэргийлэхэд Украин чухал үүрэгтэй зэргийг Цагаан ордны эзэнд ойлгуулах хүсэлтэй байгаа.

Тэр бас Москвагийн эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг Трампаас хүсэх нь тодорхой. Тэгвэл Дональд Трамп энэ бүх амлалтаас бултаж, төрийн нарийн бичгийн дарга, Пентагоны тэргүүн зэрэг бусад албаны хүмүүсээрээ Порошенког “аргалуулаад” буцаах шинжтэй байгаа нь тодорхой болжээ. Ер нь Дональд Трамп тангараг өргөж ажилдаа орсноос хойш Орос-Украины харилцааны талаар, 2014 онд Крымийг ОХУ булаан эзэлсэн явдлын тухай байр сууриа илэрхийлэхээс зайлсхийсээр өдийг хүрсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian