Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Оюумаа: Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн сайн ирцтэй байдаг. Гэхдээ...

Ч.Болортуяа
2017 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 - СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛД - 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Даваа гарагт болно. Зуны дэлгэр цагт Даваа гарагт сонгууль болох нь сонгогчид Бямба гарагаас эхлээд амралт зугаалганд явж саналаа өгөхгүй байх вий гэсэн болгоомжлолыг бий болгоод байна. 

Уг нь Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) анх Лхагва гарагт санал хураалт явуулах төсөл оруулсан ч УИХ-ын гишүүд буурч буй сонгуулийн ирцэнд нэрмээс болж Даваа гарагийг сонгодог нь ямар ч учиртай юм. 

Сонгуулийн ирц буурах нь ямар уршигтай талаар ЭНЭ өгүүллээс унших боломжтой. 

Энэ жил СЕХ сонгогчдын ирцийн асуудалд хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар тус хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай товч ярилцсанаа хүргэе. 

- Сонгогчдын ирц буурч байгаа шалтгааныг системтэй судалж үзсэн болов уу?
- 1990 оноос хойш болсон сонгуулийн ирцүүд байнга буурч ирсэн. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц анх удаа нэмэгдсэн. 

Сонгуульд ирц буурч байгааг судалсан судалгааны байгууллагуудын тайланг харахаар сонгогч саналаа өгөхгүй байх шалтгаан гэхээсээ илүү шалтаг мэт харагдахаар зүйл их байдаг. Ялангуяа залуу сонгогчдын хувьд “Санал авах байраа мэдээгүй” ч гэх жишээтэй тайлбаруудыг хийсэн байсан. 

Гэтэл хөдөө орон нутгийн сонгогчид 50, 60 км явж ирээд саналаа өгдөг байхад санал авах байрнаасаа харьцангуй ойрхон амьдардаг Улаанбаатар хотын сонгогчдын ирц их бага гарч ирдэг. Хаяанд байгаа сонгуулийн санал авах байраа мэдээгүй гэх нь итгэхэд бэрх шалтгаан юм. 

2016 оны УИХ-ын сонгуулийн ирц нэмэгдсэн. Энэ нэмэгдсэн үзүүлэлтийг сонгогчдын нас, хүйсээр аваад үзэхээр сонгогчдын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд, насны хувьд 35-45 насны хүмүүс Монгол Улсын хүн амын насны ангиллаас хамаараад сонгуульд өгч байгаа хувь нь илүү жин дарж байна. 

График 1,  Сонгогчдын насны бүлэг ба тэдний идэвх

Харин хамгийн бага ирцтэй нь 18-25 насныхан байгаа юм. 

Мэдээж сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд бид олон нийтийн сүлжээ, залуусын их мэдээлэл авдаг сайтуудад сурталчилгаа байршуулахыг чухалчилж байна. 

- Энэ жилийн сонгуулийн санал авах өдрийг Даваа гарагт тааруулсан нь сонгуулийн ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлолыг илүү их бий болгож байна. 
- Сонгуулийн хуульд ирцийн хувьд хоёр төрлийн босго байдаг. 

Нэгдүгээрт нь, сонгогчдын ирцийн босго гэж бий. Нийт сонгогчдын 50-иас доошгүй нь хувь нь сонгуульдаа оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулна гэж байдаг. Энэ нэмэлт санал хураалт гэдэг нь 50 хувьдаа хүрээгүй хэсэгт санал хураалт болно гэсэн үг. Нэгэнт сонголтоо хийчихсэн сонгогч бол дахиж санал өгөхгүй.   

Хоёрдугаарх босго нь, нэр дэвшигчдийн саналын босго. Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн саналаа өгсөн нийт сонгогчдын олонхын саналаар сонгогдоно. Олонхын санал гэдэг нь 50 хувь дээр нэмэх нь нэг санал л гэсэн үг. 

Ийм хоёр төрлийн ирцийн босго сонгуулийн хуульд бий. 

Сонгуулийн санал авах өдөр Даваа гарагт таарч байгаа нь ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол бий болгож байна. Гэхдээ иргэд, сонгогчиддоо найдаж байна. Дөрвөн жил төрийн тэргүүн хэн байхыг сонгох чухал сонголт бид бүхэн хийх гэж байна. 

- Даваа гараг гэдгийг өөрчлөх боломжгүй байсан уу?
- Бид саналаа оруулахдаа уламжлал ёсоор Лхагва гараг гэж оруулсан. Санал авах өдрийг тогтоох эрх мэдэл нь УИХ-д байдаг. УИХ-ын тогтоолоор зургаадугаар сарын 26-ны баталж өгсөн.  

- Сонгуулийн ирц буурч байгаа нь Монголд ч биш олон улсад тохиолдож байгаа бэрхшээл гэх юм уу даа. Ирцийг нэмэгдүүлэх тал дээрх туршлагуудыг та бүхэн судалж үздэг л байх. Сонирхолтой жишээнүүдээс дурдахгүй юу?
- Гадаадын улс орнуудын сонгуулийн хуулийг харахаар ихэнх оронд ирцийн босго байдаггүй. Ирцийн босготой цөөхөн орны нэг нь Монгол.  Сонгогчийн ирцийн асуудал аль ч орны сонгуулийн байгууллагын санааг зовоож буй зүйлийн нэг.

Гэхдээ бусад оронтой харьцуулахад манай улсын сонгуулийн ирц өндөр байх нь бий. Тэглээ гээд үүнд санаа амарч болохгүй.  Ирц буурсаар байх юм бол УИХ, Ерөнхийлөгчийг  сонгох төлөөлөл л багасаад явчихаж байгаа юм.  Учир нь сонгогдсон хүмүүс маань нийт ард иргэдийн төлөөлөл болж чадах уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирдэг. 

Тэгэхээр өөрсдөө сонгуульд оролцоогүй байж араас нь төр засгийг шүүмжлэх эрх байхгүй болчихож болохоор. Гадны улс орнууд буурч байгаа ирцээ сайжруулахын тулд урамшууллын тогтолцоо ашигладаг.  Сонгуульд оролцох юм бол ирэх улирлын татвараас чөлөөлнө ч гэдэг юм уу янз бүрийн аргуудтай байна. Гэхдээ нөгөө талд сонгууль өгөх нь бүр үүрэг гээд тусгаад өгчихсөн ч газар байгаа. Жишээ нь, Австралид гэхэд сонгуулиа өгөөгүй бол 20 австрали долллараар торгодог.  Зарим нь урамшуул байна, зарим нь торгож байна. Манай улсын хувьд аль нь ч хуульчлагдаагүй байна. 

- Гурван шатны сонгуулиас уг нь хамгийн өндөр ирцтэй байдаг нь Ерөнхийлөгчийн сонгууль юм билээ.  Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийн ирцийн хувь Ерөнхийлөгчийн сонгуулиас ирцээс давсан байсан.
- Тийм ээ. Манайд гурван шатны сонгууль явагдаж байгаа.  Улсын Их Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  (ИТХ), Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн гурван шатны сонгуулиас Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн сайн ирцтэй, дараа нь УИХ, хамгийн бага нь ИТХ байдаг. Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ бол хууль тогтоох байгууллага, иргэдийн төлөөлөгчдийн хурал бол яг таны өдөр тутмын асуудлыг шийдэх иргэдийн амьдралд илүү ойрхон сонгууль юм. 

- Ирцийн хувьд эсрэгээрээ байх ёстой юм байна. Тийм үү?
- Бүх л сонгууль өөр, өөрийн ач холбогдолтой. Гэхдээ орон нутгийн сонгуульд иргэд уг нь илүү анхаарал тавьж сонголтоо хийх ёстой сонгууль гэж хэлж болно.  

- Сонголтгүй сонгуультай нүүр туллаа гэж олон хүнтэй таарч байна. Сонгуульд оролцох хүсэлтэй ч сонгох хүнгүй байгаа хүмүүс саналын хуудсаа хүчингүй болгох л сонголт байгаа. Тийм үү?
- Сонгуульд оролцоод сонгох нэр дэвшигч байхгүй бол сонголт хийхгүйгээр саналын хуудсаа уншуулж болно. Гэхдээ энэ тохиолдолд нэр дэвшигчдийн авах санал өнөөх 50 хувь гэх босгод хүрэхгүй байх магадлал бий болно. Энэ тохиолдолд хоёр дахь санал хураалт явагдана. Гурван нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг саналын хуудсанд үлдээгээд хоёр дахь санал хураалтыг явуулна. 

- Дахин сонгуулийг Сонгуулийн Ерөнхий Хороо товлоно. Зөв үү?
- Тийм ээ. Сонгуулийн Ерөнхий Хороо анхан шатны сонгууль явагдсанаас хойш 14 хоногийн дотор сонгуулийг зарлаад зохион байгуулах ёстой. 

- Сонгогчиддоо хандаад таны өгөх зөвлөгөө юу вэ?
- Юун түрүүнд сонгогчид маань сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон эсэх, мэдээлэл нь үнэн зөв орсныг нягтлах хэрэгтэй. Та орхигдчихоогүй байгаа гэдгээ шалгах хэрэгтэй. Зургаадугаар сарын 6-н гээд санал авах байруудад нэрсийн жагсаалт очно. Тэгэхээр өөрийнхөө санал өгөх байранд очоод цаасан хэлбэрээр нь ч өөрийн болон гэр бүлийн мэдээллээ шалгах боломжтой. 

Сонгогч ТА өөрийн бүртгэлийг ЭНД дарж нягтална уу. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.