Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

МГТИС-ийн оюутан П.Тэмүүлэн: Боломж үргэлж бидний дэргэд байдаг

ikon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN

-Амжилтын түүх-

Ирээдүйд өндөр үнэлэмжтэй, эрэлттэй, чадварлаг, өндөр мэдлэгтэй  мэргэжилтэн байхын тулд эзэмших мэргэжил, суралцах сургуулиа эртнээс зөв сонгох нь хамгийн чухал. Энэ асуудалд хүүхэд залуус маань ялангуяа шийдвэр гаргах эцэг эхчүүд маань эрх биш эрэл хайгуул хийж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар хамгийн эрэлттэй 20 мэргэжлийн жагсаалтад инженерийн мэргэжил нэлээд дээгүүр байр эзлэж байгаа.

Тиймээс инженер мэргэжлээр сайн суралцаж чадвал дипломтой ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэхгүй гэсэн үг юм. Чухам ямар сургууль сонгож, хэр чанартай суралцах нь танаас шалтгаалах хэрэг. Ингээд инженер мэргэжлээр суралцах гэж байгаа хүүхэд залуусынхаа сонголтод мэдээлэл болох үүднээс Монгол-Германы хамтарсан, ашигт малтмал, технологийн их сургуульд “Механик инженер”-ээр 3 дахь жилдээ 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байгаа оюутан Пүрэвдоржийн Тэмүүлэнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Тэрээр, дэлхийн түвшний мэдлэгийг эх орондоо хэрхэн эзэмшиж байгаа тухай, яагаад инженер болох болсон тухайгаа та, бидэнтэй хуваалцах болно.

 

- Манай уншигчдад өөрийгөө  товч танилцуулаач?

- Намайг Пүрэвдоржийн Тэмүүлэн гэдэг. Би Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 3 дугаар курст сурдаг. Одоо механик инженерийн чиглэлээр суралцаж байна.

- Ингэхэд яагаад инженер мэргэжлийн сонгосон бэ?

- Хоёр шалтгаан байгаа. Би бүр багаасаа л сонирхолтой шинжлэх ухааны тухай баримтат кино мөн роботтой кинонуудыг үзэх их дуртай байсан.

Бас аав маань инженер мэргэжилтэй хүн, аавын хийдэг ажлууд нь миний сонирхолыг их татдаг байлаа. Магадгүй энэ хоёр шалтгаан миний инженер болох хүсэл мөрөөдлийг нээж өгсөн байх гэж би боддог юм.

Гэхдээ яг суралцаад ирэхээр инженер болно гэдэг тийм ч амаргүй даваа юм байна. Сайн инженер болохын тулд их мэдлэг туршлага хурамтлуулж, олон талын чадваруудыг эзэмших хэрэгтэй, дадлага хийх явцдаа ер нь нэлээн хариуцлагатай ажил мэргэжил гэдгийг ойлгосон.

Анхандаа би инженер хүн тоо сайн боддог, хими физик ойлгодог, жаахан философийн мэдлэгтэй байхад хангалттай гэж боддог байсан бол дадлага хийж байхдаа инженер байна гэдэг нэг талаасаа хүний арга эвийг олдог, хүнд өөрийгөө ойлгуулж, асуудлын гогцоог тайлж чаддаг, нөгөө талаас удирдах багаар ажиллах чадвартай илүү холыг харж чаддаг хүн байх ёстойг ойлгосон.

- Сургуулиа төгсөөд жинхэнэ инженер болчихоод хамгийн түрүүнд юу хийх вэ?

- Би, инженер хүн зохион бүтээгч, шинийн эрэлхийлэгч гэдэг өнцгөөс дандаа хардаг. Миний санаа зовдог нэг зүйл бол дэлхийн дулаарал, цөлжилт.

Энэ дэлхий дээр би, бидний үе амьдраад дуусахгүй, бидний үр хүүхэд хэдэн үеэрээ үргэлжлэн амьдарна. Тиймээс өнөөдөр бидний хийж байгаа буруу үйлдлээс болоод хүрээлэн байгаа орчин минь ггол усгүй, ан амьтангүй, ногоон байгальгүй болчихвол яах билээ гэдэгт үргэлж санаа зовдог.

Тэгэхээр би инженер болоод хамгийн түрүүнд тийм юм хийнэ гэхээсээ илүү юу ч хийж бүтээсэн бай байгаль орчны нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны асуудлуудыг анхаардаг, байгаль дээрх үр нөлөөг байнга судалдаг, тооцдог инженер болно гэж боддог.

 

- Танай сургуулийн оюутнууд ХБНГУ-д дадлага хийдэг гэсэн. Өөрөө мэдээж тэдний нэг учраас дадлага хийх явцдаа ямар ялгаатай зүйлийг олж харсан бэ?

- Энэ бол манай сургуулийн онцлогуудын нэг. Бид нар 1-р курсээ төгсөөд германы хамтын ажиллагаатай сургуулиуд руу танилцах дадлага хийхээр явдаг.

Анхны жил бидний 20 орчим оюутан Фрайбергийн технологийн их сургууль дээр хоёр долоо хоногийн хугацаатай танилцах дадлага хийсэн. Харин өнгөрсөн жил би 2 сарын хугацаанд дадлага хийхээр дахин явсан. Тэнд дадлага хийж байхдаа миний нэг анзаарсан зүйл гэвэл Монголд болохоор багш нар нь оюутнуудынхаа араас санаа тавьж, хичээлээ хийсэн үгүй эсэхийг асууж шалгадаг бол, германд арай өөр.

Бүх хариуцлага өөр дээр. Соёлын энэ зөрөө нь эхэндээ надад их хэцүү байсан. Ямар нэг шахалт шаардлага хүлээдэг тийм муу зуршилд бид суралцсан байна. Би герман багшаасаа асуусан, герман оюутнууд дадлагаа яаж хийдэг талаар. Тэд суралцаж байх явцдаа дадлага дээр гараад юу хийх ёстой бүх зүйлээ эртнээс төлөвлөж тооцоолдог, өөрсдийнхөө төлөө өөрсдөө явах ёстой гэсэн зарчмыг сайтар ойлгосон байдаг.

Тэд дадлагынхаа явцад эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадах хэмжээнд хүртэл суралцаж чадсан байдаг нь гайхмаар. Энэ нь тэд дадлагаа маш чанартай хийдгийн жишээ. Би эндээс их зүйлийг сурсаан. Хэрэв миний хийж байгаа зүйлд асуудал тулгарвал, удирдагч маань намайг зөвхөн чиглүүлэх үүрэгтэй, миний асуудалд, миний хариуцлагатай байх үгүй эсэхэд багш санаа зовох шаардлага байхгүй, оюутан өөрөө өөрийнхөө төлөө хариуцлагатай суралцах ёстой гэдгийг би ойлгож ирсэн.

Энэ бол маш том ялгаа. Харин одоо би Оюу толгой компанид уртын дадлагаа хийж байна. Надаас гадна манай гурван оюутан бас энд тус бүрийн чиглэлээр дадлагажиж байгаа. Энэ том компанид дадлага хийхийн тулд оюутнууд бас л өндөр шалгуурыг давдаг.

 

- Германд дадлага хийхэд багагүй зардал гардаг байх даа.

- МГТИС-ийн оюутнууд бол их азтай гэж би хэлнэ. Бидний германд хийх дадлагын төлбөр, замын зардал, байр хоол гээд бүгдийг Германы эрдмийн солилцооны алба /ГЭСА/ болон сургуулиас гаргадаг.

Бидэнд ийм том дэмжлэг олгож байхад бид сайн суралцаж, ирээдүйд сайн инженер болохын тулд тэмүүлэх л хэрэгтэй. Хариуцлагатай сурах ёстой гэж би боддог. Дашрамд дурьдахад би энэ сургуульд анх элсэн орсон цагаасаа хойш 100 хувь сургалтын тэтгэлэгтэй суралцаж байна.  

Энэ боломж МГТИС-д амжилттай суралцаж байгаа оюутан бүрт нээлттэй байдаг. 

- Дээр чиний ярианд инженер хүн эзэмшвэл зохих чадваруудын тухай цухас дурьдагдаад өнгөрсөн. Танай сургалтын хөтөлбөрт тэр чадваруудын хичээлүүд ордог уу?

- Энэ асуултанд хариулахын тулд би төслийн багийн жишээн дээр тайлбарлая. Бид заримдаа багш профессоруудынхаа судалгааны төсөл дээр эсвэл өөрсдөө төслийн баг болж ажилладаг.

Анх энэ сургуульд орж ирэхэд надад төслийн тухай ямар ч ойлголт байдаггүй байлаа. Төсөл дээр зөвхөн томчууд ажилдаг юм шиг, улс төрчид хийдэг ажил юм шиг ойлгодог байсан одоо өөр. Ер нь төсөл гэдэг чинь санаагаа олоод багаа зөв бүрдүүлээд хүрэх үр дүнгээ тооцоолж чадаж л байвал бүх санааг төсөл болгож болдгийг ойлгосон.

Их энгийн зүйл байсан байна лээ. Тэгэхээр төслийн баг, төслөө хэрэгжүүлэх явцдаа инженер хүнд байх ёстой чадваруудад аяндаа суралцаж эхэлдэг. Тэр баг дотор хэн нь манлайлагч байна. Хэн нь багаар тоглож чадаж байна. Хэн ямар оновчтой санаа шийдэл гаргаж байна. Хэн бичиг баримт, судалгаан дээр дүн шинжилгээ хийж чадаж байна гэх мэтчилэн үйлдэнгээ тэр чадваруудад суралцдаг.

Түүнээс гадна бидэнд германаас тусгай сургагч багш ирж хувь хүний хөгжлийн хичээлүүдийг ордог.

 

- Үнэхээр танай оюутнууд бусдаас илүү байхаас ч аргагүй юм. Яг энэ мөчид ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй дүү нартаа хуваалцах үг байна уу? Бидний ярилцлага өндөрлөж байна.

- Баярлалаа. Би, дүү нартаа “Боломж үргэлж дэргэд байдаг юм шүү” гэдэг үгийг хэлмээр байна. Учир нь одоо манай залуус үргэлж гадагшаа явж суралцахыг тэмүүлэх болсон.

Мэдээж чанартай боловсрол эзмшиж, гадны соёлоос сурахын тулд тэр байх л даа. Тооцоод үзвэл маш их зардал мөнгө гарна. Гэтэл эх орондоо, жилдээ гурван мянган доллар ч хүрэхгүй зардлаар хүний нутгаас, өндөр зардлаар очиж олж авах мэдлэгийг эх орондоо олж авах боломж бүрдсэн шүү гэдгийг бас хэлмээр байна.

Би төрийн өмчийн отгон их сургууль болох Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд суралцаж байгаадаа их баяртай байгаа.  Боломж үргэлж бидний дэргэд байдаг юм шүү.

- За, сайхан ярицлага өрнүүлсэнд баярлалаа. Хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.