Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунбилэг: Ном, орчин байгаа нөхцөлд хүүхдүүдийн унших сонирхол нь нэмэгддэг

Э.Мөнхзаяа
2017 оны 3 сарын 31
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 2-нд тохиодог. Энэ өдрийг дэлхий дахинаа Олон улсын хүүхдийн номын баяр болгон тэмдэглээд 50 жил болж байна. Хүүхдийн төв номын сан энэхүү баярыг жип бүр уншигч багачуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн Олон улсын хүүхдийн номын баяраар Тайванийн хүүхэд багачуудаас дэлхийн болон Хятадын хүүхдийн сонгодог бүтээлүүдийн дээж 300 номыг Хүүхдийн төв номын санд бэлэг болгон барьжээ. Түүнчлэн номын сангийн дэргэд “Шидэт номын найзууд" театрынхан Олон улсын хүүхдийн номын баяр, Олон улсын хүүхэлдэйн театрын өдрийг тохиолдуулан уншигч багачууд, хүрэлцэн ирсэн зочдод хүүхэлдэйн жүжгээ сонирхуулсан. Энэ үеэр Хүүхдийн төв номын захирал Д.Оюунбилэгтэй цөөн хором уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танай хамт олонд Олон улсын хүүхдийн номын баярын мэнд хүргэе. Хүүхдийн төв номын сан энэхүү баярыг хэд дэх жилдээ тэмдэглэж байна вэ. Өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлуудаасаа сонирхуулаач?

-За, баярлалаа. Манай Хүүхдийн төв номын сан Олон улсын хүүхдийн номын баярыг 13 дахь жилдээ тэмдэглэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид 100 гаруй мянган уншигчдад 150 мянга гаруй мянгаар номоор үйлчилжээ. Зөвхөн номын сан, уншлагын танхимын үйлчилгээ, гэрээр ном уншуулах үйлчилгээнээс гадна алслагдсан дүүргийн хүүхэд багачуудад 10 гаруй мянган номыг зөөврийн номын сангийн 20-иод төвөөрөө хүргэсэн.

Аливаа номын сангийн гол зорилго бол мэдээллийг тэгш, хүртээмжтэй, хүн бүрд хүргэнэ гэсэн зарчмыг баримталдаг. Мэдээж манай улс, ялангуяа Улаанбаатар хотын хувьд нийтийн номын сан тэр бүр хүртээмжтэй байж чаддаггүй. Тийм учраас алслагдсан дүүргүүд, хорих ангид хүмүүжиж буй, асрамжийн газрын хүүхдүүдэд зөөврөөр ном хүргэсэн нь дэвшилттэй ажил байсан гэж харж байна. Түүнчлэн манай номын сангийн дэргэд хүүхдийн зохиолчдын “Эвт үзэг” хэмээх төв ажилладаг. Энэ төвтэйгөө хамтарч бид ном сурталчилгааны 200 гаруй ажлыг хийсэн. 

-Энэ жилийн баяраар ямар, ямар үйл ажиллагаа төлөвлөсөн бэ?

-Энэ жилийн Олон улсын хүүхдийн номын баяраар нэлээд олон үйл явдал давхцаж байна. Тухайлбал, Тайванийн эцэг эхчүүд, хүүхэд багачуудаас 300 гаруй номыг хүлээн авлаа. Энэ үйл ажиллагааг Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар зохион байгуулж, бидэнд номоо гардуулан өгсөн. Тус төлөөлөгчийн газрын захирал Хуан Куо Рун “Маш олон хүний сэтгэл шингэсэн номууд ирж байгаа” хэмээн онцлон хэлж байсан.

Сонгодог 300 бүтээлээр манай фонд баяжиж байгаад маш их баяртай байгаа. Ер манай номын сан Тайваньтай олон жилийн турш холбоотой ажиллаж ирсэн. 2009 оноос эхлэн хоёр улсын номын сан хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Тайванийн үндэсний номын сантай хамтран ажиллаж, тус номын сангаас манай номын сангийн уншлагын танхимыг тохижуулж өгсөн. Тэрхүү танхим нь өргөжөөд өнөөдөр Дорно дахины уншлагын танхим болон үйл ажиллагаа явуулж байна. Энд хятад хэл сурч байгаа хүүхдүүдээс гадна япон, солонгос хэл сурч буй хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой.

Тайваниас 2009 оноос хойш 1,500 гаруй ном ирсэн. Мөн гуравдугаар сарын 21-нд Олон улсын хүүхэлдэйн театрын өдөр болдог. Энэ өдрийн хүрээнд Хүүхдийн төв номын сангийн дэргэдэх “Шидэт номын нээлт” хүүхэлдэйн театрын найруулагч Алтан-Очир хүүхэлдэй амилуулагч мэргэжлийн жүжигчидтэйгээ хамтарч жүжиг тавьсан. Түүнчлэн Уолт Диснейн мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан хүүхдүүдийн дунд жүжигчилсэн тоглолтын уралдаан зохион байгуулсан гээд олон ажил зохион байгуулсан. 

-Номын сангийн фонд хэр баяжиж байна даа?

-Манайх жилдээ улсын төсвөөс 30-аад сая төгрөгөөр фондоо баяжуулдаг. Мөн хамтран ажилладаг “Гёте” институт, Тайванийн үндэсний номын сан, Азийн сангийн “Ном" хөтөлбөрөөс англи хэл дээрх номуудыг хандивладаг. Тэгэхээр жилдээ 50-60 сая төгрөгөөр номын фондоо баяжуулдаг. Too ширхгийн хувьд авч үзвэл жилд 2,500-3,000 орчим ном нэмэгддэг гэсэн үг.

-Уншигчийн карт нээлгэсэн хэдэн уншигч байна вэ. Идэвхтэй уншигчдын тоо хэд байдаг бол?

-Жилдээ 6,000 гаруй уншигч карт нээлгэдэг. Нэг картаараа жилдээ хэдэн ч удаа үйлчлүүлэх боломжтой болохоор давхардсан тоогоор жилдээ 100 гаруй мянган хүнд 150 гаруй мянган номоор үйлчилдэг.

-Ер нь монгол хүүхдүүд ном хэр уншиж байна вэ?

-Гайгүй шүү. Миний хувьд номын сангийн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд ажиглаж байхад 1990-2000 он хүртэл уншигчдын тоо улс орон даяар багассан. Харин одоо эргээд сэргэж байна. Хүүхдүүдийн хувьд ном, орчин нь байгаа нөхцөлд унших сонирхол бий болжээ.

БСШУСЯ-наас “Ном” хөтөлбөр хэрэгжүүлснээр нийгэмд ном унших хэрэгтэй гэсэн мессэжийг өгсөн. Үүнээс гадна “XXI зуун бол мэдлэгийн зуун” гэж салбар бүрд ярьж буй болохоор хүүхэд залуучууд номтой нөхөрлөхөөс аргагүй юм байна гэдгийг сайн ойлгож эхэлсэн. Харамсалтай нь хүүхдүүдэд үйлчилдэг номын сан үнэхээр дутагдалтай байна.

-Яагаад. Танай номын сан байна шүү дээ?

-Бид судалгаа хийж үзсэн л дээ. Тэгтэл хотын төвд, манайхыг тойрсон, ойрхон дунд болон их, дээд сургуулийн хүүхдүүд л энд үйлчлүүлж байна. Хотын захын сургуулийнхан ирнэ гэж хоёр цаг, буцахдаа хоёр цаг гэхээр дөрвөн цагийг замдаа зарцуулдаг. Ялангуяа сургуулийн хүүхдүүд ирж очсоор байдал харанхуй болчихдог. Тийм болохоор бид хүүхдүүддээ ном унш гэж шахаад ч хэцүү шүү дээ.

-Тэгвэл үүнийг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй вэ?

-Олон улсын жишгийг авч үзвэл хүүхдийн номын сан нь хүүхэд явган алхаад ороход таван минутын газарт байх ёстой гэдэг стандарт байдаг юм билээ. Сингапурт л гэхэд шинээр баригдаж буй барилгын нэг давхруудад хүүхдэд зориулсан номын сангийн салбаруудыг байгуулдаг. Энэ жишгийг л дагаасай гэж боддог. Үнэхээр л хүүхдүүдээ номонд дуртай болгоё, ном бол хүүхдийн салшгүй нэг хэсэг гэж үздэг бол ийм ажил явуулах хэрэгтэй. Тэгсэн цагт хүүхдүүд аяндаа номонд хөтлөгдөөд эхэлнэ. Тэгээд ч манай монгол хүүхдүүд үнэхээр оюунлаг шүү дээ.

-Гэрээр ном олгосноор ямар үр дүн гарч байна вэ?

-Манай номын сан гэрээр ном олгох үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Энэ хугацаанд манай номын сангийн фондын эргэлт эхний жилд 40 хувьтай байсан бол дараагийн жилд 60 хувь болж нэмэгдсэн. Гэрээр ном олгосноор тухайн номыг хүүхэд уншихаас гадна дэргэд нь байгаа эцэг эх нь, эгч ах нь, дүү нь гээд олон хүн давхар уншина гэсэн үг. Магадгүй нэг хүүхдийн цаана 2-3 уншигч байдаг.

-Хүүхдийг номонд дуртай болгохын тулд юу зөвлөх вэ?

-Хүмүүс энэ асуултыг маш их тавьдаг.“Номд хөтлөх ухаан” гээд ном ч гарсан байдаг. Ер нь хүүхдийг номонд дуртай болгох нь эцэг эхээс хамааралтай. Хүүхдийн төв номын сан эхлээд 4-5 жил зөвхөн хүүхдүүдтэй л ажиллаад байлаа. Гэтэл орчин нь байхгүй, эцэг эхчүүд нь ном уншдаггүй хүүхдүүд өөрсдөө бие даагаад ном унших нь бага болох нь ажиглагдсан. Хамгийн гол нь багаас нь ном, үлгэр уншиж өгсөн хүүхдүүд аяндаа номонд дуртай болж хүмүүждэг юм байна. Тийм болохоор бид сүүлийн үед эцэг эхчүүдэд зориулсан сургалтуудыг явуулдаг болсон.

Манай номын санд Бямба гараг бүр хүүхдүүдээ дагуулан ирж, үйлчлүүлдэг уншигчдын тоо олширч байна. 1990-2000-аад оны нийгмийн үеийг дайрсан хүүхдүүд өөрсдөө эцэг эхчүүд болцгоожээ. Ном бараг уншдаггүй байсан энэ үеийнхнийг өөрсдийг нь тодорхой хэмжээгээр номонд дуртай болгож, хүүхдүүдэд чинь ном хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулах хэрэгцээ гарсан.

Манай номын санд хүүхдүүдээ авчирч, ном уншуулж болохоос гадна эцэг эхчүүд нь өөр танхимаар үйлчлүүлж, мэдлэгийнхээ хүрээг тэлэх бүрэн боломжтой. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдүүдээ дагуулан ирж, манайхаар үйлчлүүлэхийг урьж байна.

-Хүүхдийн төв номын сан хэдээс дээш насны хүүхдүүдэд үйлчилдэг вэ?

-Нэг нас хүрээгүй хүүхдээ өвөр дээрээ аваад ч үйлчлүүлж болно. Герман, АНУ-д ч 6-7 сартай хүүхдүүдийг өвөр дээрээ авч суугаад ном уншиж өгдөг номын санчийг хүртэл бэлтгэдэг. Тийм болохоор насны хувьд хязгааргүй.

Зураг