Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрс экспортлогч эцсийн хэрэглэгчийг холбосон санхүүгийн схем гаргаад банк санхүүжүүлэх боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Голомт банкны Байгууллагын банкны газрын Уул уурхай дэд бүтцийн хэлтсийн Ахлах менежер Н.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

- Нүүрсний салбарын хөгжлийн талаар ярилцахын тулд юуны өмнө салбарын өнөөгийн байдал, үнэ ханшийн төлөвөөс эхлэх нь зөв болов уу.  Голомт банк Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

- Өнөөдөр Монгол улсын нийт экспортын орлогын 20%-ийг нүүрсний салбар эзэлж байна.

2010 оноос хойш Монгол улс ДНБ, нийт санхүүгийн системд маш том нөлөөтэй үндсэн дөрвөн салбартай болсон нь зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийнх юм. Өмнөд Солонгос улсыг “Самсунг”, “Хьюндай”, “Эл Жи” корпорациар дэлхий харж төсөөлж байдаг шиг Монгол улсыг нүүрс олборлогч “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, МАК зэрэг үндэсний компаниудаар олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн ертөнц хүлээн авч буй.

2009-2011 оны нүүрсний үнийн өндөр өсөлтийн үеэр манай ихэнх компаниуд хөрөнгийн бирж болон гадны томоохон банк санхүүгийн байгууллагаас хөрөнгө босгосон байдаг. Гэтэл 2012 оны аравдугаар сараас эхэлсэн БНХАУ-ын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн удаашрал дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ огцом унахад нөлөөлсөн. Энэ нь тухайн үед ямар ч шинжээч, санхүүгийн байгууллагын төсөөлөөгүй үйл явдал байсан юм. Түүнээс хойш манай компаниуд олборлолтоо хэвийн байлгах, зардлаа багасгах, олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн өр төлбөрүүдээ барагдуулах, нөхцөлийг нь шинэчлэн өөрчлөхөд анхаарлаа хандуулж ажилласаар 2017 онтой золгож байна.

2016 оны есдүгээр сараас БНХАУ-ын эдийн засгийн шинэ бодлоготой уялдан дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдлыг 2010 онтой бага зэрэг адилтгаж болохоор байна. Голомт банкны хувьд нүүрсний салбарт хамгийн их туршлага хуримтлуулан, мэдээлэл, дататай харьцаж байгаа юм.

Үүндээ тулгуурлан бид нүүрсний салбарын ойрын хугацааны төсөөлөл хийж, дүн шинжилгээ гаргалаа.

- Нүүрсний салбарын ойрын хугацааны дүн шинжилгээг гаргахдаа ямар судалгаан дээр үндэслэсэн юм бэ?

- Бид БНХАУ-ын 13 дугаар таван жилийн төлөвлөгөө, түүнтэй холбоотой эдийн засгийн нөлөөн дээр нэлээд дүн шинжилгээ хийсэн.

Тус улсын Коммунист намын Төв хорооны шийдвэртэй уялдуулан бүс нутгийн муж, хотууд шийдвэрээ гаргадаг. Өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-ын Гансу, Шаньси, Шэньси мужид байдаг манай улсын нүүрстэй өрсөлдөхүйц олон уурхайд шинэ стандартууд мөрдүүлэхээр болсон. Энэ шийдвэр нь нэг талаараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулсан Парисын хэлэлцээртэй бас дам холбогдож байгаа юм.

Шинээр мөрдүүлэх стандартын дагуу Хятадын байгаль орчин, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй жижиг уурхайнуудыг хааж, ихэнх уурхайн жилийн ажиллах хоног 330 байсныг 276 өдөр болгон цөөлсөн. Энэ нь тухайн бүс нутгуудад нийлүүлэлтийн гэнэтийн хомсдол бий болгосон юм. Хойд Хятадын нүүрсний нийлүүлэлтийг хангахын тулд нүүрсний үнэ өсч өнөөгийн түвшинд хүрээд байна. Зөвхөн коксжих нүүрсний үйлдвэрлэл 500 орчим сая тонноос 430 орчим сая тонн болж буурснаар 15%-ийн огцом эрэлтийг импортын нүүрсээр хангах шаардлага тулгарч байгаа юм. 

- Монгол улсын хувьд нүүрсний экспортыг зөвхөн БНХАУ гэж харах нь хэр зөв бэ? Нүүрсийг баяжуулан нэмүү өртөг шингээгээд гуравдагч орны зах зээлд нийлүүлэх боломж хэр байна вэ?

- БНХАУ-ын коксжих нүүрсний жилийн нийт хэрэглээ 530-550 сая орчим тонн.

Тэгэхээр зах зээлийн хамгийн чухал хэсэг болох БНХАУ-ын Өвөрмонгол, Гансу мужийн эцсийн хэрэглэгчид Монгол улстай ойр байгаа юм. Тус улсын кокс, гангийн үйлдвэрүүд, мөн цахилгаан станцууд нь одоогоор Монголын нүүрсийг өөрийн төрөл бүрийн нүүрстэй хольж, баяжуулан эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэж байна.

Монгол улсын хувьд юуны түрүүнд нүүрсний салбар дахь өр төлбөрүүдийн асуудлаа шийдэх, улмаар дараагийн шатны хөрөнгө оруулалтаа алсын стратегитайгаар харах шаардлагатай байна. Онцлон хэлэхэд, Монголын нүүрсний үйлдвэрлэгчид БНХАУ-ын дотоодын нүүрсний нийлүүлэгч компаниудын дамжлагыг цөөлж эцсийн хэрэглэгчидтэй найдвартай, урт хугацааны гэрээ хийж баялгаа илүү үнэд хүргэх нь чухал. Гэвч өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдээ тогтвортой өсөлттэй, мөнгөн урсгалын хувьд эрүүл, өрийн дарамтгүй болгох хэрэгтэй байна.

- Ер нь Монголын нүүрс олборлогчид эцсийн хэрэглэгчид хүрч нэмүү өртөг шингээж өрсөлдөхөд гол саад бэрхшээл юу гэж үзэж байна?

- Товчхондоо, Хятадын улсын үйлдвэрүүд худалдан авалтын төлбөрөө улиралдаа нэг удаа гүйцэтгэдэг.

Гэтэл Монголын нүүрсний олборлогч ихэнх компаниуд 15-30 хоногийн хугацаанд эргэлтийн хөрөнгөө 30-40 сая ам.доллараар санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. БНХАУ дахь нүүрсний хэрэглээ нь тодорхой, санхүүжүүлэх хугацаа нь урт. Чухам энэ схем нь байгаа болохоор дундын буюу зуучлагч компаниуд Монголын нүүрсийг зах зээлийн үнээс 20-30% хямдаар худалдан авч урьдчилгаа төлөөд байгаа хэрэг.

Голомт банкны үзэж буйгаар, зөвхөн Монголын нэг аж ахуйн нэгж дангаар энэ схемийн эсрэг ажиллаж чадахгүй. Тэгэхээр нүүрсний бусад компаниудтайгаа хамтраад, дотоодын банк нь санхүүжүүлэн, дунд нь төрөл бүрийн эцсийн хэрэглэгч, нүүрсний аж ахуйн нэгжүүдийг холбосон санхүүгийн схем гаргаад явах бүрэн боломж бий. Монголчууд бид нэг бодлоготой, нэг стратегитай, тогтвортой өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй. Энэ үед Монголын нүүрсний үнэ зах зээл дээр шударгаар үнэлэгдэж үр дүн нь манай улсын эдийн засагт мэдрэгдэх юм. Банк зөвхөн санхүүжүүлэх бус харилцагчийнхаа бизнесийг цогцоор нь харж харилцан ашигтай ажиллах нь нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг илүү эерэгээр өөрчлөх гарц гэж Голомт банкны зүгээс харж байгаа.

- Нүүрсний салбарт зөвхөн Монголын талаас шалтгаалах бэрхшээлийг давах боломжууд бий юу?

- Мэдээж бүх л бэрхшээлд гарц байдаг. Нүүрсний үнэ богино хугацаанд тогтвортой байна. Харин урт хугацаанд үргэлжлэхгүй гэсэн тооцоо судалгаа бий.

Голомт банк харилцагчдадаа энэ талаар бодитой үнэлэлт, дүгнэлттэй мэргэжлийн зөвлөгөө өгөх боломжтой. Зах зээлийн энэ том салбарын хөгжилд тооцоо судалгаа, шинжилгээ дүгнэлттэйгээр хандах ёстой болов уу.

Түрүүн дурьдсан монголчууд нэгдэж нийлж, нэмүү өртөг шингээж, эцсийн хэрэглэгчдэд шууд хүрсэн тэр загварыг бий болгох юм бол манай компаниуд цаашид нүүрсний үнийн уналтад өртөх магадлалыг огцом бууруулна. Яг одоо бол бүх ашгийг зуучлагч худалдааны компаниуд, харин эрсдэлийг монголчууд хүлээж байна. Харин бид хамтарч чадвал  нүүрсний салбарт тогтвортой өсөлттэй ажиллах бүрэн боломж бүрдэнэ.

Голомт банк харин энэ хөгжлийн “голомт” нь байх болно гэдэгт итгэлтэй байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.