Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс Нидерландын Элчин сайдыг хилээрээ нэвтрүүлэхийг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Турк-Нидерландын харилцаанд гараад байгаа хүндрэл эрчимжиж, Турк улс Нидерландаас дипломат харилцаагаа түр түдгэлзүүлж, элчин сайдыг нь Турк дэхь байрандаа эргэж ирэхийг хориглож байгаагаа Даваа гарагт мэдээлжээ.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган бас Германы канцлерь Ангела Меркелийг “террористуудыг дэмжигч” хэмээн цоллосон байна. Ингэх болсон шалтгаан нь өнгөрсөн онд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа Эрдоганыг эсэргүүцэгч цэргийн зарим алба хаагчид Германд орогнох болсон ба тэднийг Туркэд шилжүүлэхээс Германы эрх баригчид татгалзаж байгаа юм.

Ирэх сарын 16-нд Туркэд болох бүх нийтийн санал асуулгаар Эрдоганы эрх мэдлийг нэмэгдүүлэхээр зэхэж байгаа. Энэ санал асуулгад Европт суугаа турк иргэдийг оролцуулах тул Анкара өөрийн иргэдэд очиж суртал ухуулга хийх эрхийг хүссэн ч Европын орнууд зөвшөөрөхгүй байгаа юм.

Герман, Нидерланд хоёул ийм зорилгоор ирэх Туркийн сайд нарыг нэвтрүүлээгүй нь Турк-Европын хоорондын харилцааг муутгаад байна.

Нидерланд улс Туркийн хүсэлтийг хүлээж авах хүртэл тус улсын элчин сайдыг Туркэд эргэн ирэхийг хориглож байгаагаа Анкарагийн засгийн газар мэдэгджээ.

Анкарад суух Нидерландын элчин сайд Кээс Корнелис ван Рий одоогоор Туркэд байхгүй байгаа ба элчин сайдын яамандаа эргэн очих боломжгүй болсон байна.

Эрдоган сүүлийн өдрүүдэд Герман, Нидерланд улсуудыг Нацистуудын үлдэгдэл, Нацист арга барилтай гэж шүүмжилсээр байгаа юм.

Европын орнуудын эрх баригчид Туркийн дотоод улс төрийн уур амьсгалыг өөрийн газар нутагт өргөжүүлэхээс болгоомжилж ийнхүү Туркийн засгийн газарт нэвтрэх хориг тавиад байгаа ажээ.

Гэхдээ Европчууд хэчнээн хориг тавьсан ч Туркэд болох бүх нийтийн санал асуулга Эрдоганы эрх мэдлийг нэмэгдүүлэх нь тодорхой гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Japan Times