Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс хамгийн том байлдааны хөлгөө Өмнөд Хятадын тэнгист илгээх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Япон улс өөрийн хамгийн том байлдааны хөлөгөө Өмнөд Хятадын тэнгисээр нэвтрүүлж, гурван сарын хугацаанд аялуулахаар болсон байна. Энэ нь Дэлхийн II дайнаас хойш Япончууд анх удаагаа энэ бүс нутагт тэнгисийн цэргийн хүчин чадлаа үзүүлж байгаа тохиолдол юм.

Изумо нэртэй нисдэг тэрэг тээвэрлэгч хөлгийг хоёр жилийн өмнө зэвсэгт хүчинд ашиглаж эхэлсэн ба энэ удаа Сингапур, Филиппин, Индонези, Шри Ланкад түр буудаллаж аялсаар долдугаар сард АНУ, Энэтхэгийн армитай хамтарсан цэргийн сургуулилалтыг Энэтхэгийн далайд гүйцэтгэх ажээ.

Үүний дараа наймдугаар сард Японд буцаж ирэх юм.

Зам зуур Изумо хөлөг Өмнөд Хятадын тэнгист АНУ-ын тэнгисийн хүчтэй хамтарсан бэлтгэл бас хийх гэнэ.

Өнөөдөр олон улсын хамгийн халуун сэдэв болоод байгаа Өмнөд Хятадын тэнгист Тайвань, Малайз, Вьетнам, Филиппин, Бруней улсууд Хятадтай газар нутгийн маргаантай байгаа. Энэ хэсгээр жилд $5 их наядын бараа тээвэрлэгддэг тулд худалдааны чухал усан замд тооцогддог.

249 метр урттай Изумо хөлөг нь Дэлхийн II дайны үеийн Японы армийн тээвэрлэгч хөлгүүдтэй ижил хэмжээтэй. Ес хүртэл тооны нисдэг тэрэг багтаах чадалтай юм.

Сүүлийн жилүүдэд Япон улс энхийг эрхэмлэгч үндсэн хуулийнхаа хязгаарлалтуудыг тэлж, батлан хамгаалах хүчээ зузаатгах болсон. Токио нь Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаангүй боловч Зүүн Хятадын тэнгист Хятад улстай хэсэг арлыг булаацалддаг юм.

 

Эх сурвалж: Japan Times