Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ШИЛЭН ДАНС: Хотоос НЗДТГ, хөдөөгөөс Увс аймгийн санхүүгийн гүйлгээ хамгийн хаалттай

ikon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN

Шилэн дансны тухай хуулиар улсын болон орон нутгийн төсвийн байгууллагууд 28 төрлийн мэдээллийг тодорхой хугацааны давтамжтайгаар нийтэд ил тод болгох ёстой.

Нээлттэй Нийгэм Форумаас уг хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 28 төрлийн мэдээллээс зургааг сонгон авч нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар (ЗДТГ)–ууд 2016 оны 12 дугаар сард мэдээллээ хэрхэн ил тод болгосон байдлыг ажиглажээ.

Ажиглалтын ерөнхий дүнг танилцуулбал...

1. УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 

2016 ОНЫ 12-Р САР (Мониторингод нийслэл, дүүргийн нийт 10 ЗДТГ хамрагдав)

ЗДТГ-ууд Төрийн санд бүртгэгдсэн 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ХУДАЛДАН АВАЛТ, ГҮЙЛГЭЭНИЙ мэдээллийг бүрэн гүйцэд ил тод болгохгүй байна. 

Энэ удаагийн мониторингоор ЗДТГ-уудын ил тод болгосон 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн 2016 оны 12 дугаар сарын дансны хуулгатай харьцуулж үзэв.

Энэхүү харьцуулалтаас харахад Багахангай, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн ЗДТГ- ын үзүүлэлт харьцангуй сайн буюу дунджаар нийт ил болгох мэдээллийн 96 хувийг, харин Улаанбаатар хотын ЗДТГ зөвхөн 21 хувийг ил болгожээ. 


5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт (мэдээллийн тоо)

5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ (хуулийн 6.4.4-р заалт) зэргийг ЗДТГ-уудын 80% буюу 8 нь нийтэлжээ.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамгийн олон буюу 67 мэдээлэл нийтэлсэн бол Улаанбаатар хот, Багахангай дүүргийн ЗДТГ мэдээлэл огт нийтлээгүй байна.


Цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээний тоо

Цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ тус бүрийн гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр бүхий 49 мэдээллийг Баянгол дүүргийн ЗДТГ нийтэлжээ.

Харин хамгийн цөөн мэдээллийг Налайх, Багахангай дүүргүүд нийтэд мэдээлсэн байна.


2. АЙМГУУДЫН ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 

ЗДТГ-ууд Төрийн санд бүртгэгдсэн 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ХУДАЛДАН АВАЛТ, ГҮЙЛГЭЭНИЙ мэдээллээ бүрэн гүйцэд ил тод болгохгүй байна.

Энэ удаагийн мониторингод 21 аймгийн ЗДТГ-ын ил тод болгосон мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн 2016 оны 12 дугаар сарын дансны хуулгатай харьцуулж үзэв.

Дүн мэдээгээр 12 дугаар сард зөвхөн 7 ЗДТГ Төрийн санд бүртгэгдсэн нийт гүйлгээнийхээ 50-иас дээш хувийг ил тод болгожээ. Өмнөговь, Орхон, Дундговь аймгуудын ил тод болгосон хувь харьцангуй өндөр байна.

Харин Увс, Дархан-Уул аймгийн ЗДТГ Төрийн санд бүртгэгдсэн гүйлгээг огт нийтлээгүй байна.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.


Цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээнд холбогдох шийдвэрийн тоо 

Орлого, зарлагын гүйлгээнд холбогдох шийдвэрийг ЗДТГ-уудын зөвхөн 24% буюу 5 нь нийтэлжээ.

Орхон (9), Завхан, Дундговь (5), Сүхбаатар (4), Төв (1) аймгуудын ЗДТГ цөөн тооны мэдээлэл нийтэлсэн бол бусад аймгуудын ЗДТГ огт нийтлээгүй байна.


5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээллийн тоо 

Нийт ЗДТГ-уудын 71% буюу 15 нь 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт (хуулийн 6.4.4-р заалт)-ын мэдээлэл нийтэлжээ.

Өвөрхангай аймгийн ЗДТГ хамгийн олон буюу 37 мэдээлэл нийтэлсэн бол Сүхбаатар, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Архангай аймгуудын ЗДТГ огт мэдээлэл нийтлээгүй байна.


Цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээний тоо

Орлого, зарлагын гүйлгээ тус бүрийн мэдээллийг (хуулийн 6.4.5-р заалт) нийт ЗДТГ-уудын 90% буюу 19 нь нийтэлжээ. Говьсүмбэр аймгийн ЗДТГ хамгийн олон буюу 24 мэдээлэл нийтэлсэн бол Увс, Дархан- Уул аймгуудын ЗДТГ огт мэдээлэл нийтлээгүй байна. 


2016 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө (хуулийн 6.1.1-р заалт)-г зөвхөн Хэнтий, Хөвсгөл, Ховд, Говь-Алтай, Булган, Баянхонгор аймгуудын ЗДТГ ил тод болгожээ. 


ННФ-аас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран мониторинг хийж дүнг сар бүр мэдээлж байна. Дүнг www.forum.mn цахим хуудаснаас үзнэ үү. 

 

Эх сурвалж: Нээлттэй Нийгэм Форум