Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын ХАНДИВЫН ДАНСАНД 127 САЯ төгрөг цуглажээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилгаар эдийн засгийн хүндрэлтэй үед ард иргэд Засгийн газартаа мөнгө хандивлаж эхэлсэн. Энэхүү санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дэмжиж хувиасаа 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн билээ. 

Сангийн яамнаас хандивын дансыг нээж хандив хүлээж авч эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний байдлаар тус дансанд 127 сая гаруй төгрөг цуглажээ. Иргэд 3,000-аас 100 сая хүртэл төгрөг хандивласан байна.

Хандивын дансны хуулга:

Манай улс сарын дараа бондын 580 сая ам.долларын өр төлөх ёстой. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд энэ мөнгөөр бондын өр төлөхгүй. Харин боловсрол эрүүл мэндийн чиглэлд зарцуулна гэсэн. Энэ тухай Ерөнхий сайдын яриаг хүргэе. 

Ж.Эрдэнэбат: Монголын төр, Засгийн газар ард түмнээсээ хандив цуглуулж бондын өр төлөхгүй. Иргэдийн хандиваас нэг ч төгрөгийг  бондын өр төлөлтөд зарцуулахгүй. Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын өрөө хэрхэн төлөх шийдлээ нэгэнт олсон, хугацаанд нь бүрэн төлөх боломжтой болсон байгаа.

Харин иргэдээс сайн дурын үндсэн дээр цугларсан хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт ард түмнийхээ хяналт дор зарцуулна.

Хандивын дансууд:

  • Банкны нэр: Төрийн сан, Дансны дугаар: 100900080800, Дансны нэр: Хандив Мөнгөний нэгж: MNT,
  • Банкны нэр: Монгол банк, Дансны дугаар: 3332444, Дансны нэр: Хандив,  Мөнгөний нэгж: USD,
  • Банкны нэр: Төрийн банк,  Дансны дугаар: 106030080800, Дансны нэр: Хандив, Мөнгөний нэгж: MNT, USD

Жич: Гар утаснаас болон бусад шилжүүлэг хийж байгаа тохиолдолд данс эзэмшигч /дансны нэр/ дээр Хандив гэж бичих юм байна.