Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Казиног олон газар байгуулж, тэнд Монгол хүнийг гишүүнчлэлээр оруулдаг байх ёстой"

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг томилоод байгаа билээ. Өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан хуулийн төслийг тэр хэвээр нь авч хэлэлцүүлэгт бэлтгэж буй Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр хоёр биш нэлээд хэдэн газарт казино байгуулах, уг газруудад Монгол хүнийг гишүүнчлэлийн карттайгаар тоглохыг зөвшөөрөх зэрэг санааг дэвшүүлээд байгаа билээ.  

-Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан саяхан боллоо. Ажлын хэсгээс казинод Монгол хүн тоглуулахгүй гэсэн байр суурь баримталж байна гэж ойлгосон. Харин таныг эсрэг байр суурьтай байгаа гэж сонслоо. Таныхаар казинод Монгол хүн тоглож болно гэсэн үг үү?

-Би хууль санаачлагчийн оруулж ирснээс арай өөр байр суурьтай байгаа. Яагаад гэвэл дотооддоо мөнгөний урсгалыг барих ёстой гэсэн зарчмын барьж байгаа юм. Манай улсын тодорхой тооны иргэд Солонгос, Макао, Сингапурт очиж казино тоглож байгаа нь үнэн шүү дээ. Үүнийг бүх хүн мэдэж байгаа. 

Ийм тодорхой хүрээнд тоглож байгаа хүмүүсээс өндөр хураамж авч, гишүүнчлэлтэй болгох, тэр нь нэлээд өндөр мөнгөн дүнтэй байх гэсэн шалгуураар дотооддоо казино тоглох эрхийг нь нээх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, казиног тодорхой тоотой, цөөхөн газарт байгуулъя гэдэг зүйл яригдаж байгаа. Би үүнээс арай өөр бодолтой байгаа юм. Юу гэхээр манайд дэлхийн томоохон сүлжээ зочид буудлууд баригдаж байна. Тийм зочид буудлуудад казино нээх эрхийг нь өгөх хэрэгтэй
Аялал жуулчлалын татах, ирж байгаа жуулчдаас мөнгө авч үлдэх гээд эрүүл саруулаар бодох хэрэгтэй. 

Бид жорлонгийн асуудлаа шийдээгүй байж аялал жуулчлал яриад хэрэггүй.

Харин нийт иргэдийг казинод ороход нь хязгаар тавих ёстой. Тэгэхгүй бол казинод донтох, ажил төрлөө алдаж, өр ширэнд ордог гашуун туршлага байгаа шүү дээ. 

Манайд өмнө нь Казиногийн хууль батлагдсан ч үйлчилж эхлээгүй. Гэсэн хэдий ч 90-ээд оны дунд үеэс казинонууд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан. Дараа нь 2000-аад оны дунд үеэс Хууль зүйн сайдын тусгай зөвшөөрлөөр автомат тоглоомын газрууд олширсон. 

Ийм автомат тоглоомонд олон хүн донтож, амьдралын эх үүсвэрээсээ салсан, эд зүйлээ зарсан, яамны Төрийн нарийн бичгийн дарга яамныхаа цалингийн фондоор тоглож байсан гээд сөрөг үр дагаварууд гарч байсан. Тиймээс үүнд хязгаар тавих хэрэгтэй. 

Хэн дуртай нь тоглоход хязгаар тавьж, маш өндөр магадгүй 10-20 сая төгрөгийн бүртгэлийн хураамжтай болгож хязгаарлах хэрэгтэй

Гадагшаа гарч тоглодог хүмүүс жишээ нь, Солонгос руу очихын тулд Сөүл-Улаанбаатарын хооронд хэдэн төгрөг тийзэнд зарцуулж байна, очоод хэдэн төгрөгний буудалд бууж байна. Очсон хойноо казинод мөнгө алдах эрсдэл нь 70-82 хувьтай. Ийм нөхцөл байдал нэгэнт үүсчихээд байгаа болохоор тэр тоглоод байгаа тодорхой хүрээнийхнийг гадагшаа явуулахгүй байх, мөнгөө гадагш нь урсгахгүй байх зохицуулалт хийх нь зүйтэй болов уу гэсэн байр суурьтай байгаа. 

-Цөөн тоогоор Монгол хүмүүсийг тоглуулна, хоёр биш хэд хэдэн газруудад казино нээх нь зүйтэй гэж та хэлж байна. Үүнийг дагаад гэмт хэрэг, бие үнэлэлт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд гарвал яах вэ. Үүнээс хэрхэн хамгаалах вэ?

-Сингапурын удирдагч Ли Куан Юны дуртгалыг уншиж байсан юм. Ли Куан Ю улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж байхдаа казино байгуулах үгүй дээр маш их эргэлзэж байсан гэж бичсэн байдаг. Хэрэв бид байгуулаагүй бол юу алдах байсан бэ гэдгээ бас дурдсан байсан. Сингапур аялал жуулчлалын олон боломжоо Макао, Лас Вегаст алдах байсан учраас төрийн хатуу хяналт дор казиног байгуулахаас өөр аргагүй юм байна гэсэн шийдэлд хүрсэн байдаг. 

Бид ч бас тэдний хууль эрх зүйн орчноос их зүйлийг судлах ёстой. Сингапурт хууль тогтоомж маш сайн хэрэгждэг. Энэ улсад казиног дагаж явдаг сөрөг үр дагаврыг хязгаарласан төгс төгөлдөр зохицуулалт бий. Бид үүнийг хуулбарлах ёстой. 

Казиног дагаад бохир мөнгө угаах, биеэ үнэлэлт, гэмт хэргийн бүлэглэлүүд оршин тогтнодог гэдэг ойлголт дэлхийн аль ч улс оронд бий. Гэхдээ бид аль болох боломжтой туршлагуудыг л олж авах хэрэгтэй. 

-Казиног аль болох сүлжээ зочид буудлуудад байгуулах нь зүйтэй гэж байна. Зарим хүн хил орчмын бүсэд казино байгуулах нь зүйтэй гэж байсан . Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хил орчимд ялангуяа Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүс гэж яригдаж байгаа газрууддаа казино байгуулах ёстой. БНХАУ казиног хориглочихсон. Макао, Хонг Конг зэрэг газрууддаа энэ зохицуулалтыг хүлээн зөвшөөрдөг. 

Хятад гэдэг бол маш том зах зээл. Тийм учраас Хятадтай хамгийн ойр байдаг хаалган дээрээ казиног байгуулбал цаанаас орж ирж тоглох хятад иргэдийн тоо их байх болов уу. ОХУ ч мөн адил дэлхийн том гүрэн. Тиймээс энэ хоёр улстай хил залгаа чөлөөт бүсүүддээ казино байгуулах нь зөв

-Сая дуулиан дагуулсан хятадын жуулчдын визгүй болгох асуудал магадгүй казино байгуулахын тулд хийж байгаа эхний алхам юм болов уу. Та юу гэж харж байна? 

-Бид аливаад эрүүл саруулаар хандах ёстой. Казинод тоглохоор хятадаас жуулчлалаар ирж байгаа хүмүүст визийн ямар хөнгөлөлт үзүүлэх юм. Жишээ нь, манай улсын иргэд ОХУ-руу визтэй зорчдог байх үед хил орчмын иргэд маань цагаан хуудсаар ОХУ-руу нэвтэрдэг байсан. Үүн шиг зохицуулалт байх юм уу. Эсвэл визийн өөр хөнгөлөлт, журам үйлчлэх юм уу. Ингэж байж бид мөнгөний урсгалыг татна. 

Казиног дагаад өөр олон төрлийн бизнес тэр дундаа зочид буудлын бизнес хөгжиж, хөрөнгө оруулалт нь орж ирж байдаг. 
Хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхийн тулд казиногийн хуулийг зайлшгүй гаргах ёстой. 

-Одоо байгаа хуулийн төсөлд казиногийн тусгай зөвшөөрлийг 35 тэрбум төгрөгөөр олгоно гэсэн байгаа. Мэдээж хэлэлцүүлгийн явцад энэ мөнгөн дүн өөрчлөгдөх байх? 

-Би үүн дээр бас өөр байр суурьтай байгаа. Хэдий чинээ олон газар байгуулна төдий чинээ хураамж нь бага байх ёстой. Дааж давшгүй өндөр мөнгөн дүн тавих нь зохимжтой биш байх. Тэгээд ч бизнес гэдэг зүйл ашиг орлогоороо хэмжигддэг. Ашиг олохгүй бол манайд казино нээх хүн олдохгүй шүү дээ. 

Бид өөрсдийнхөө аялал жуулчлалын дэд бүтцийг бодитой үнэлэх ёстой. Манайх Щвейцарь шиг цаг агаарын таатай уур амьсгалгүй. Дээр нь хамгийн их хөрс, ус, агаарын бохирдолтой. Ер нь манайд далайн эргийнх шиг аялал жуулчлал хөгжих боломжгүй. Энэ болгоныгоо үнэлж, уян хатан байх ёстой. 

Монгол бол дэлхийд цор ганц онгон дагшин байгальтай гээд байдаг. Гэтэл яг тэр онгон дагшин байгалийг сонирхож ирдэг жуулчин хэд байх вэ. Дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрдөг аялал жуулчлалын стандартыг сонирхож ирдэг жуулчин хэд байна вэ гэдгээ бодолцох хэрэгтэй. 

Мөн бид жорлонгийн асуудлаа шийдээгүй үед аялал жуулчлал яриад хэрэггүй.

Хэдэн жилийн өмнө Давосын чуулга уулзалтаас манайд хөгжлийн гарц гаргалгааны талаар зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжид органик, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь танай хөгжлийн гарц гэж хэлсэн. Бид тэр тал руугаа хөгжлийн бодлогоо тодорхойлж явах ёстой гэж хувь хүнийхээ хувьд боддог юм. Бидний хөгжлийн гарцыг уул уурхай биш, аялал жуулчлал ч биш гэж Европчууд харсан байна шүү дээ. 

Уул уурхай бол дэлхийн зах зээл дээрх үнэ ханшнаас шууд хамааралтай савалдаг эрсдэлтэй бизнес учраас бид эдийн засгаа солонгоруулах ёстой. Солонгоруулах нэг хөтөлбөр бол аялал жуулчлал. Аялал жуулчлал бол ахар богинохон цаг хугацаатай. Тийм болохоор аялал жуулчлалаа өргөжүүлэхийн тулд гарцаа байхгүй казино байгуулах ёстой

-Японд мөн саяхан Казиногийн хууль батлагдсан гэсэн. Энэ хуулийг батлахын тулд нэлээд хугацаа зарцуулсан гэдэг. Тэр олон сая хүн амтай, өндөр хөгжилтэй улс энэ хуулийг батлахын тулд яагаад ингэж удав. Та үүнийг судалж үзэв үү?

-Японд Казиногийн хууль батлагдахдаа маш их эсэргүүцэлтэй тулгарсан юм билээ. Засгийн газрынхаа ордны үүдэнд хүртэл жагсаал, цуглаан зохион байгуулж байсан. Тухайн үед би тэнд ажлаар очсон байсан. Яагаад ингэж байгааг Японы улстөрчөөс асуухад Японд

Пачинко буюу автомат тоглоом хөгжчихсөн. Энэ төрлийн бизнес цэцэглэсэн. Казиногийн орчин бүрэлдээд ирэхээр пачинкогийн зах зээл нь хумигдаад ирсэн. Тийм болохоор пачинкогийн бизнес эрхлэгчдийн лоббигоор эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн гэж тайлбарлаж байсан. 

Японы хуулийг судалж үзэхээр орчуулгыг нь авах гэж байгаа.    

-Ярилцсанд баярлалаа.