Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтнүүд улсад хэдийг хандивлах бол

Ж.Нарангэрэл
2017 оны 2 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

-Уриалга, санаачилгад бодлогын зохицуулалт шаардлагатай-

Монгол Улсын Засгийн газар ирэх гуравдугаар сарын 21-ний дотор Евро бондын 580 сая ам.долларын өр төлөх ёстой. Уг бондыг таван жилийн хугацаатай авсан бөгөөд эргэн төлөх хугацаа нь ийн болоод байгаа. Улс төрийн хүрээнд дээрх өрийг төлөх боломжтой боломжгүй хэмээн маргалдаж байгаа бөгөөд төлөх боломж нь ийм хэмээн тайлбарласан нь өнөөг хүртэл байхгүй.

Тиймдээ ч эгэл жирийн иргэн нь санаа зовниж, гавьяат эдийн засагч Б.ОсоргаравЭх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө" уриалгыг санаачлан, хандивын аяныг өөрөө эхлүүлж, 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивласан. Тэрбээр улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн нэгэн.

Түүний хувьд Монголын ард түмэн, бүх аж ахуйн нэгж, байгууллагад хандаж эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө хандивын хөдөлгөөнийг эхлүүлж, найман настай балчраас 80 настай буурал хүртэл, ажил мэргэжил, нас хүйс харгалзахгүй идэвхтэй оролцож нэгдэхийг уриалсан.

Бүр, наймаас 30 хүртэл насны хүмүүс 1,000 төгрөгөөс өссөөр 23 мянга /найман настай бол 1000, есөн настай бол 2,000 гэх мэтээр 30 хүртэл 1,000 төгрөгөөр өсгөн/, 31-ээс 40 насны хүмүүс 150,000 төгрөг, 41-ээс 50 насны хүмүүс 200,000, 51-ээс 60 насныхан 150,000, 61-70 ахмадууд 50,000, 71-ээс дээш насныхан тус бүр 20,000 төгрөг хандивлахад 214 тэрбум төгрөг хуримтлуулж одоогийн үүсээд буй эдийн засгийн түр хямралаас гарах боломжтой гэдгийг тооцсон тухайгаа ч хэлсэн.

Мэдээж энэ бол анхдагч санаачилга биш.Өмнө нь яг ингэж БНСУ эдийн засгийн хямралаас гарсан. Тодруулбал, 1997-1998 онд азийн олон оронд санхүүгийн хямрал болсон. Японы дөрвөн ч том банк дампуурч байсан түүхтэй.

Харин эдийн засгийн энэ мэт хүндрэлийг хамгийн амжилттайгаар даван туулсан нь солонгосчууд.Тус улс тухайн үед ОУВС-гаас 58 тэрбум ам.долларын зээл авч. Буцаан төлөхөд бэрхшээл тулгарч, тэр ч бүү хэл жижиг дунд үйлдвэрүүд нь хаалгаа барьж, ажилгүйчүүдийн эгнээ хоногт мянга мянгаар нэмэгдэж байсан гэдэг.

Гэвч төр, засгийнх нь зүгээс үндэсний үйлдвэрлэл өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэхийг хориглож, хатуу хяналт тавьж байжээ. Тэр үед Солонгос Улсын Ерөнхийлөгч Ким Де Жун ард түмэндээ хандаж "Нэгэн гэр бүлийн гишүүд мэт хоолоо хуваан идэж, ядарсандаа туслах сэтгэл өвөрлөж, бүсээ чангалан нэг удаа эх орныхоо төлөө тархи оюун өөртөө байгаа их хүчээ зориулахыг хүсч байна. Бүгд нэг хүн мэт нэгдэцгээе" хэмээн хэлсэн нь иргэдээ банкны гадна дугаарлан зогсож, өөрсдөдөө байгаа алтан ээмэг, бөгж тэргүүтнээ тушаах сэтгэлийг нь хөдөлгөсөн хэрэг.

Солонгосчууд 20 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт тушаасан гэгддэг юм билээ. Тухайн үеийн энэ явдал ганц Солонгос улсын эдийн засгийг хямралаас гаргасны дээр олон улс, иргэний сэтгэлийг хөдөлгөн, өнөөг хүртэл сайн түүх болсоор ирсэн.

Харин манай улсын хувьд хоёр хоногийн өмнө гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилсан нь өдгөө улстөрчдийг татан оролцуулж, бизнесийн салбарынхан ч хандив тусламж үзүүлэхээр болоод байгаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэгдсэнээ мэдэгдэж, 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая төгрөг тус тус улсдаа хандивлахаа мэдэгдлээ. Мөн “МОННИС” групп 100 сая төгрөг, “Ажнай” группийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлахаа мэдэгдээд байна.

Мэдээж энэ бол сайн жишиг. Хэнбугай нь ч муугаар харлуулах гэж зүтгээд тусыг эс олох сайн жишиг гэдгийг тодотгомоор байна.Учир нь, улстөрчид, бизнесийн салбарынхан энэхүү уриалгыг дэмжин, хандив өргөж буйгаа мэдэгдсэнээс хойш олон нийт “улсаас авсан, идэж, уусныхаа багахан хэсгийг өгч байна” хэмээн гоочилж байгаа нь ч бий.

Уриалга, санаачилгад бодлогын зохицуулалт шаардлагатай

Гэвч огт өгөхгүй бол ингэж хөрөнгө босгох хийгээд муугаар бодоход гоочлох сэдэв ч гарахгүй гэдгийг санах хэрэгтэй. Одоо Б.Осоргаравын “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг нэгтгэн, нэг шугаманд оруулж, бодлогоор зохицуулах нь нэн чухал.

Учир нь өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нарыг орон нутагт ажиллах үеэр Хэнтий аймгийн Дархан сумын харьяат, Улсын сайн малчин Н.Шаравжамц улсдаа 100 хонь бэлэглэсэн. Н.ШаравжамцМалчин бид улсаас бишгүй л их дэмжлэг авдаг. Одоо харин улс орноо эдийн засгийн хямралаас гарахад нь хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гээд бусад малчнаа ч бас хандив өргөхийг уриалж байв.

Харамсалтай нь улсын сайн малчны улсдаа бэлэглэсэн 100 хонийг хэрхэх талаар хэнбугай ч юу ч дуугараагүй бөгөөд сураг нь орон нутгийн удирдлагуудад нь асуудлыг шийдвэрлэ гэдэг “даалгавар” өгсөн гэх юм билээ. Тиймээс энэ удаагийн уриалгыг дэмжигчид олноороо байгаа тул төр, засгаас бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Б.Осоргаравыг хүлээн авч уулзан, уриалга болон тооцооллынх нь танилцуулгыг сонссон. Дараа нь Ерөнхий сайд “Манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн. бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана" гэж хэлсэн удаатай.

Гэхдээ өнөөдөртөө ийм байдал үүсээгүй байна.Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна.УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна. Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна” хэмээсэн байна.

Үндсэндээ одоохондоо хандив авахгүй гэж байгаа мэт их л эвгүй сонстох шиг. Гэвч Евро бондын өрийг төллөө ч цаашид төлөх шаардлагатай зээлүүдээ төлөх чадвар хэр байгааг иргэд ерөнхийдөө гадарлаж байгаа. Тэртэй, тэргүй аж ахуйн нэгжүүд олноороо үүдээ барьж, дампууран, ажилгүйдэл нэмэгдэж буй тухай 2015 оноос эхлэн одоогийн эрх баригчид хэлж, ярьсаар ирсэн.

Тийм байтал юунд ингэж нэрэлхүү загнадаг байна. ёстой л “Нэрэлхээд нэрээ идэхгүй" гэгчээр иргэд нь санаачилга гаргасан бол цааргалж, талархахын оронд сайшаан, дэмжээд зохицуулалт хийх хэрэгтэй баймаар юм.

Түүгээр ч зогсохгүй улстөрчид, бизнесийн салбарынхныг дэмжиж, цаашид энэхүү буухиаг үргэлжлүүлэх нь чухалсан. Б.Осоргаравын тооцоогоор 2012 оноос хойших улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХ-ын дарга нар 20,000,000-100,000,000 сая төгрөг, үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүрдээ 2-2.5 сая төгрөг хандивлахад өр төлөлт болон эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой хэмээсэн. 

Тэгэхээр ядаж л өнөөгийн парламентад суугаа тэрбумтнууд, бизнесменүүд хандивын аяныг буухиалах нь иргэний үүрэг болон нийгмийн хариуцлага. УИХ-д тэрбумаас дээш орлоготой гишүүн найм байгаа бол зуун саяас дээш орлоготой 17 гишүүн бий. Тэд ч бас уриалгад нэгдэх нь зүй ёсных биз. Харин зөв зүйтэй зарцуулалтыг хянах нь чухал.

Өрийг төлж болох ч зээлээр ашиг олсонтой нь хатуу тооцоо хий

Эдийн засгаа аврахын тулд уриалж, түүн нэгдэх нь иргэний ухамсар. Гэхдээ хоёр жилийн өмнө Монгол Улсын нийт гадаад өр 2014 оны 10 дугаар сарын байдлаар 19.82 тэрбум , ам.доллар. Үүнээс 4.49 тэрбум нь Засгийн газрынх, 1.04 тэрбум нь Монголбанкных, үлдэгдэл 14.3 тэрбум нь хувийн хэвшлийнх. Засгийн газар дотооддоо бонд гаргаж 2.85 их наяд төгрөгийн өр тавьсан.

Засгийн газрын гэсэн тодотголтой 4.49 тэрбум ам долларыг задалбал Чингис бондын 1.5 тэрбум, Хөгжлийн банкны 580 сая, Самурай бондын 290 сая, үлдэх хэсэг нь бусад жижиг зээлүүд. Энэ бүх өрийг нийлүүлээд гурван сая иргэндээ хувааж үзвэл Монгол Улсын иргэн бүр 6,600 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар тооцвол 12 сая 500 мянган төгрөгийн өртэй гарч байна хэмээн эдийн засагчид мэдэгдэж байв. Харин яг нэг жилийн өмнө, өнөөгийн УИХ, Засгийн газрын гишүүн Монгол Улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй хэмээн зарлаж байсан.

Тухайн үед олон нийт ямар ч мөнгө улсаас аваагүй байж яагаад өрөнд орчихов гэдэг асуудал сөхөж байгаад л намжсан. Үнэн хэрэгтээ улсыг өрөнд оруулсан бодлогогүй төр, засаг, их хэмжээний зээл авч өөрсдөдөө ашиг олсон бизнесийн хүрээнийхний л хэрэг. Түүнийг л иргэн бүрт нааж, нялзаасан явдал.

Тухайлбал, өнөөдөр хамгийн ихээр олны анхаарлыг татаж буй Хөгжлийн банкнаас зээл авсан олон аж ахуйн нэгж эргэн төлөлтөө хийгээд эхэлчихвэл монголчууд бөөнөөрөө өртэй гэж хэлэгдэхээргүй боломж бий. Хөгжлийн банкнаас мөнгө авсан компаниудаас олонд нийтэд ил болсон нь 26 л бий. Үүний цаана уртаас урт жагсаалт гарна. Түүнийх нь цаана, арыг нь дааж явдаг улстөрчид ч олон бий. Тэдний зээлсэн мөнгийг монголчууд бөөнөөрөө төлье хэмээн уриалга хүртэл гаргаж байхад зээлдэгч компаниуд ч гэсэн ухамсраараа эргэн төлөлтөө яаравчлах хэрэгтэйсэн.

Хэрэв чадахгүй бол төр өгч болсон юм чинь авч бас чадна гэдгээ харуулж, хариуцлагын тогтолцоог хатуухан барьж ажиллах нь зүйтэй гэмээр. “Амташсан хэрээ 13 дахина” гэдэгчлэн энэ удаа монголчууд эрвийх, дэрвийхээрээ өр, зээлээс улс, орноо гаргасан ч хэсэг хугацааны дараа дахиад өрөнд орохгүй гэхийн баталгаа үгүй.

Тэгээд ч “Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай" гэдэг болохоор зээл авсан нь ганцаараа жаргаж явахад, ар амьдралаа яа гэж яваа энгийн иргэд эх орноо яаж өргүй болгох вэ гээд бодож явах нь бодлого тодорхойлж буй хүмүүст бол ичгэвтэр хэрэг биш гэж үү.

ТЭРБУМААР ТООЛОГДОХ ОРЛОГОТОЙ УИХ-ЫН ГИШҮҮД:

  • Ж.Ганбаатар 10 тэрбум 304 сая 620 мянга
  • Ц.Гарамжав 3 тэрбум 994 сая 658 мянга
  • Б.Дэлгэрсайхан 4 тэрбум 736 сая 885 мянга
  • Б.Ундармаа нэг тэрбум
  • С.Бямбацогт 4 тэрбум
  • Б.Чойжилсүрэн 1 тэрбум 382 сая 308 мянга
  • Ж.Энхбаяр 4 тэрбум 253 сая 773 мянга
  • Н.Цэрэнбат 2.5 тэрбум

ЗУУН САЯАС ДЭЭШ ОРЛОГОТОЙ УИХ-ЫН ГИШҮҮД:

  • УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 120 сая 200 мянга
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 187 сая 110 мянга
  • УИХ-ын гишүүн О.Батнасан 128 сая 763 мянга
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 387 сая 100 мянга
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 688 сая 829 мянга
  • УИХ-ын гишүүн С.Жавхлан 250 сая
  • УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 195 сая 331 мянга 
  • УИХ-ын гишүүн З.Нарантуяа 732 сая 710 мянга
  • УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 178 сая 464 мянга
  • УИХ-ын гишүүн Г.Солтан 115 сая
  • УИХ-ын гишүүн А.Сүхбат 143 сая 200 мянга
  • УИХ-ын гишүүн Н.Учрал 225 сая 631 мянга
  • УИХ-ын гишүүн Цогзолмаа 129 сая 722 мянга
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 265 сая
  • УИХ-ын гишүүн Л.Болд 138 сая 594 мянга
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 127 сая 878 мянга
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 169 сая 152 мянга
Зураг