Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Насны хишиг" авах ахмадууд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс бүртгүүлнэ

ikon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ" гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өнгөрсөн 7 хоногт УИХ-аар  батлуулж, холбогдох журмыг нь Засгийн газраар батлуулсан юм. 

Хууль батлагдсанаар:

  • 65-69 настанд 50,000
  • 70-79 настанд 80,000
  • 80-89 настанд 150,000
  • 90 түүнээс дээш настанд 250,000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа насны хишиг олгохоор болоод байгаа юм. 

Ахмадууд энэхүү насны хишгийг авахдаа хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авч болно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх авч ирж насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна.

Ингээд ирэх сарын 25-наас хойш Эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй банкуудаар дамжуулан авна. Дашрамд сануулахад тухайн банк НАСНЫ ХИШГИЙГ өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориотой юм.

Насны хишгийн зардалд зориулан 2017 оны улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг тусгасан бөгөөд энэ жил нийтдээ 122,000 орчим ахмад хамрагдана. 

Ахмад настны тухай хууль нь ахмадуудын нийгмийн хамгааллаас гадна эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих, амьжиргааг тэтгэх, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах гээд олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн хууль боллоо.


Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам