Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон байна.

Дээрх хуулийн төсөлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгахаар тусгасан байна.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин, хуулиудыг баталлаа.

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс