УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14:20 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо. Хурлын эхэнд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтов.
Үүний дараа “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын мэдээллийг сонслоо. Төрийн ордны барилгыг 1947 онд барьж эхэлсэн бөгөөд 1951 онд ашиглалтад оруулсан.
Өнөөг хүртэлх хугацаанд хэд, хэдэн удаагийн засварт орсон. Гэвч газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа, мөн барилгын үндсэн тулгуур баганууд муудсан зэрэг нь аюулгүй байдлыг хангах боломжгүй болж ирж буй аж. Тиймээс Төрийн ордны барилгыг үе шаттайгаар буулгаж, дахин засварлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Байнгын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдаад Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдэд танилцуулж санал хураалгахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
Тогтоолын төсөлд Төрийн ордны барилгыг хүчитгэх, шинэчлэн барих арга зам, шаардлагатай хөрөнгийн урьдчилсан тооцоо судалгааг гаргах,Төрийн ордны барилгыг шинэчлэн барих ажил хийгдэх үед түүнд байрладаг байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган, өөр байранд түр шилжүүлэн байрлуулах саналыг боловсруулах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах асуудалтай холбогдуулан төрийн дээд байгууллагуудыг нийслэлийн дагуул хот, суурьшлын шинэ бүсэд шилжүүлэн байршуулах боломжийг судла, эдгээр асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулан УИХ-ын 2017 оны хаврын чуулганд оруулж шийдвэрлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан байна.