Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийг хөнөөсөн хэрэг улс төрийн аллага биш гэв үү

Б.Заяа, Зууны мэдээ
2016 оны 12 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Б.Булганыг цагаатгаж, Б.Содномдаржаа нарыг яллана-

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх хурлын тов гарчээ. Мөрдөн шалгалт нь 18 жилийн турш дуншсан уг хэргийг маргааш дэнсэлнэ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлснээр хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хариуцагчаар татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн найман зүйл ангиар буруутгажээ.

Дээрх зүйл ангиудад хүнийг шунахайн сэдлээр, захиалгаар. өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн. бүлэглэсэн, зохион байгуулалттай, онц харгис болон нийтэд аюултай аргаар, хоёр ба түүнээс олон хүний амь насанд хүрсэн тохиолдолд гэж зүйлчилжээ.

Хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун оролцох бол шүүх хурлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар шүүнэ. Өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюун-цэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцоно.

Шүүхээс гаргасан энэхүү товоос харахад С.Зориг агсны эхнэр Б.Булган ямар байр суурьтай оролцох нь тодорхойгүй байна. Ямартаа ч түүнийг өнгөрсөн жил барьж саатуулан яллагдагчаар татан байцаасан. Олон cap байцаасны эцэст эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаж буйг хуулийнхан тайлбарласан.

Тэгвэл Б.Булган уг хэрэгт яллагдагчаар оролцохгүй бололтой. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин гэрчээр оролцож магадгүй гэнэ.

Хамгийн гол нь нэрт улстөрчийн амь насанд онц хэрцгийгээр хүрсэн хэрэг улс төрийн захиалгат гэдэг нь гарцаагүй. Чухам энэ хэргийн ард хэн байгаа вэ гэдэг асуулт 18 жилийн турш Монголын улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийт ард иргэдийн дунд хариулт нэхсэн хэвээр байсан.

Тэгвэл шүүхээс танилцуулсан мэдээллээр бол захиалсан гэдэг нь тодорхой болсон ч улс төрийн аллага мөн эсэх нь эргэлзээтэй байна. Өнгөрсөн хугацаанд захиалагчийн талаар олон таамаг дуулдаж байсан ч хэрэг шувтрах шатанд буюу хавтаст хэрэг прокурор, шүүхийн шатанд шилжих хүртэл энэ тухай ямар ч мэдээлэл гарсангүй.

Зарим хуульчдын үзэж байгаагаар хэргийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу гарсан гэж байгаа юм. Олон жилийн турш дуулиантай байсаар ирсэн уг хэрэг улс төрийн оролцоогүй, малчин, ногоочин хоёр танхайн сэдлээр үйлдчихсэн гэсэн байдлаар дуусгах нь гэсэн таамаглалыг зарим эх сурвалж хэлж байна.

Хэргийг шүүх хурлын тов гарсантай холбогдуулан яллагдагчаар татагдаад буй хүмүүсийн нэг Б.Содномдаржаагийн ээж Л .Жавзмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.

Л.Жавзмаа: Хүүг минь хилсээр яллах гэж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

-Шүүх хурлын тов гарсныг мэдсэн үү?

-Өмгөөлөгчтэйгөө уулзахад шүүх хурлыг нээлттэй хийнэ гэж байсан. Гэтэл одоо хаалттай хийхээр болчихоод байна. Энэ хэргийг хаалттай шүүх болсон нь гэмгүй хүнд ял өгөх гээд байна уу гэсэн хардалт ороод хэцүү байна.

Хууль хүчний байгууллага яахаараа хоригдож байгаа хүний амаар явлаг билээ. Ийм байдалтай болгож байгаад үнэхээр харамсч байна. Хэрэв ял аваад таслагдвал би хаачих вэ. Үүний цаана өчнөөн хүн хохирлоо. Дөрвөн нялх хүүхэд нь байна, ядарсан эхнэр нь байна. Монгол Улсад шударга хууль, шүүх байсан бол энэ бүхнийг яагаад харгалздаггүй, хайрлаж өрөвддөггүй юм бэ.

Хэрэв хүүхэд маань хэрэг хийсэн бол ингэж явахгүй. “Хохь нь, яагаад хэрэг хийв” гэж л би хэлэх байсан. Тэгэхэд миний хүү ямар ч хэрэг хийгээгүй байхад ингэж барилаа. Үүний цаана дөрвөн эцэг, эх. олон бяцхан хүүхэд, амьдрал нь орвонгоороо эргэлээ.

-Хүүтэйгээ та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? 

-Хэрэг нь шүүхэд шилжих үед. Өнгөрсөн долоо хоногт.

-Хүү тань юу гэж байх юм?

-“Намайг хилсээр гүтгэж байна. Хийгээгүй хэргээ хүлээхгүй. Хавтаст хэргийг ч уншихгүй гэж байгаа. Хэзээ нэгэн цагт би гарах байх” гэж байгаа.

-Шүүх хурал хаалттай болохоор болсныг та юу гэж үзэж байна?

-Хаалттай болбол ямар болох бол гэж хардаж байна. Манайх фермерийн аж ахуйтай байсан. Эрдэнэтийнхэн мэднэ, манайхыг. Тэр үед хувьчлал болсон. Гэр бүлийн хүн бид хоёр малын мэргэжлийн хүмүүс. Хүү маань малд дуртай байсан учраас фермерийн аж ахуй байгуулъя гээд эхэлж байсан.

Хадлан тэжээлээ татна гэсээр арваннэгдүгээр cap гартал ажилтай байдаг хүмүүс байлаа, бид. Тэр өдөр хүү маань хадланд аавтайгаа явсан юм. Аав нь өвсөн дээрээс унаад хүү маань "Аавыгаа алчихлаа" гэж орилоход аав нь "Би амьд байна аа, гээд босч ирсэн тухай ярилцаж би тод санаж байна.

Тэр өдөр би хүүхдүүдээ цай хоолоор дайлж байх үед радиогоор С.Зориг агсан амиа алдсан мэдээг дамжуулж, би хүүхдүүддээ ч дуулгаж байсан. Тэгж л бидний хажууд байсан хүүхэд хэдийдээ тийм хэрэг хийх вэ дээ.

-Ярилцлагын төгсгөлд юу ярих вэ?

-Хүүг маань яллахаар шүүх хурлыг хаалттай хийнэ гэж байна. Арай ч үгүй байлгүй дээ гэж залбирч сууна. Tөp түмэн нүдтэй. Үнэн мөнөөрөө явахад үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Ядарсан эх нь жил гаруй хөөцөлдөөд явж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр туслаач гэж хүсье.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.