Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

34 мянга гаруй эзэмшигч, ашиглагч шинээр бүртгэгдсэн

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 11 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

“Газрын бирж” хэлэлцүүлэг энэ сарын 24-нд боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт БХБЯ,ХЗДХЯ,СЯ,ХХААХҮЯ,Үндэсний хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба, Төв, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын холбогдох албаныхан болон судлаачид оролцсон юм. Энэ үеэр БХБЯ-ны Хот байгуулах газрын харилцаа бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас Б.Гүнболдоос зарим зүйлийг тодрууллаа. 

-Одоогийн байдлаар хэчнээн иргэн газар эзэмшигчээр бүртгүүлээд байна вэ? 

-Юуны өмнө хэлэлцүүлгийнхээ талаар мэдээлэл өгөх нь зүйн хэрэг байх. Манай улс газрын цахим биржтэй болох эрх зүйн зохицуулалтыг 2002 онд Газрын тухай хуульд тусгасан байдаг. Журмаа боловсруулсан учраас бирж ажиллаж эхлэхэд эрх зүйн бүрэн боломжтой бүрдсэн. Энэ хэлэлцүүлгийн дараа Засгийн газрын хуралдаанаар орох ёстой байгаа.

Ер нь манай улсад өнгөрсөн жилийн байдлаар 46 мянга гаруй газар өмчлөгч, 34 мянга гаруй эзэмшигч, ашиглагч шинээр бүртгэгдсэн гэсэн статистик байдаг. 

-“Газрын цахим бирж” гэхээр иргэд сайн мэдэхгүй байх. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Газрын цахим бирж байгуулснаар одоо тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх юм. Тухайлбал, газрыг шударга бус харьцангуй үнэлдэг, аль эсвэл мөнгөтэй, эрх мэдэлтэй нь дуудлага худалдааг авлигаар өөрийн болгодог гэх мэтчилэн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн харж байгаа. 

Ер нь цахим биржээр дамжуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, лавлагаа мэдээллийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэнэ. Ингэснээр наад зах нь газрын дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж, танил тал, мөнгө төгрөгөөр наймаалцдаг явдлыг арилгаж, цэгцлэх боломж бүрдэнэ. 

Мөн газар болон дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ, ханган нийлүүлэлтийг тогтворжуулах, энэ төрлийн мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг биржээр зохицуулах юм. Хамгийн чухал нь газрын бодит үнэлгээг бий болгох ач холбогдолтой. 

-“Газрын цахим бирж” газрын дуудлага худалдааг зохион байгуулахаас гадна өөр ямар үйлчилгээг иргэдэд үзүүлэх вэ? 

-Газрын цахим бирж таван төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Нэгдүгээрт, төрийн өмчийн газрыг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах журмаар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах үйлчилгээг хүргэх юм. 

Хоёрдугаарт, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар бусдад шилжүүлэх, зуучлах мөн Монгол Улсын иргэний өмчилсөн газрыг худалдана. Түүнчлэн газар эзэмших эрхийн барьцааны лавлагаа гаргах, газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх гэсэн үндсэн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. 

-Цахим бирж хөгжих нь ямар ач холбогдолтой вэ?

 -Манай улсад газрын цахим бирж идэвхтэй хөгжсөнөөр Засгийн газар, хувийн хэвшлийнхэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа биржээр дамжуулан олж авах боломжтой. Мөн ипотекийн зээлийн урьдчилгаа босгох, газраар баталгаажсан үнэт цаас бий болгох зэрэг эдийн засгийн олон үр ашигтай. 

-Хэзээнээс ажиллаж эхлэх вэ? 

-Өнөөдөр журмын төслийг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгийн дараа Засгийн газрын хуралдаанаар оруулна. Тэгж байж газрын цахим бирж хэзээнээс ажиллах нь тодорхой болно.

Зураг