Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ам долларын нийлүүлэлт өсч төгрөг чангарах ДӨРВӨН ШАЛТГААН

Б.Ану
2016 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

1. Түүхий эдийн үнийн өсөлт

Энэ онд нүүрсний үнэ огцом өслөө. Цаашид ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

  • Коксжих нүүрсний үнэ оны эхнээс 100 гаруй хувиар өссөн
  • Эрчим хүчний нүүрсний үнэ 100 хувиар өссөн.

Хятадын энэхүү эрэлтийг дагаад Монголын коксжих нүүрсний экспорт оны эхэнд 15 сая тн байсан бол одоо 18 сая тн-д хүрсэн байгааг Үндэсний Статистикийн Газрын мэдээллээс харж болно.

Харамсалтай нь энэхүү үнийн өсөлт Монголд 100 хувь мэдрэгдэхгүй байгааг хэн хүнгүй ярьж байна. Гэхдээ есдүгээр сараас эхлээд энэхүү үнийн өсөлт бага багаар Монголд мэдрэгдэж эхэлсэн. Нүүрсний олборлогч компаниудын борлуулалтын үнэ 10-20 хувиар өсөөд байна.

Тэгвэл Энержи Ресурс тн нүүрсээ арванхоёрдугаар сараас 110 орчим ам.доллараар зарах гэж буйгаа Блүүмбэрг ТВ-ээр хэлсэн. Харин Эрдэнэс Таван Толгойн нүүрсний үнэ 27 ам.доллараас 32 ам.долларт хүрч өссөн тухай Монголын Үндэсний Телевизээр дурьдсан. Ирэх оноос эдгээр үнүүд улам өсөх боломжтой.

Учир нь компаниуд нүүрс борлуулах үнээ 3-6 сараар гэрээлдэг байна. Үнийн өсөлтийг дагаад ирэх онд нүүрсний экспорт дор хаяж 200-300 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой.  Энэ нь төгрөг чангарахад шууд нөлөөлнө. Нүүрснээс гадна зэсийн үнэ сүүлийн үед тн нь 4,600-аас 5,500 хүртэл өслөө. Шинжээчид дөрвөн жил үргэлжилсэн уналт ийнхүү дуусч өсөх хандлага эхэлж байна гэж ярих болсон.

Энэ нь ирэх жил зэсийн экпсортын орлого ч өсөх боломжтойг илэрхийлж байна. Нэгтгээд харвал, ирэх онд экспорт өсч улмаар төгрөг чангарахад нөлөөлөх юм.

 

2. Томоохон төслүүд

Сангийн яамнаас Таван Толгойн Нүүрсний Төсөл, Таван Толгойн Цахилгаан Станцын Төслүүдийг энэ өвөлд багтаан эцэслэн шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ.

Уг хоёр төсөл нь тус бүрдээ 4 ба 1 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардах бөгөөд ирэх оноос уг хоёр төсөл нэгэн зэрэг хэрэгжвэл жилд дунджаар 1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Үүний зэрэгцээ Оюу толгойн хөрөнгө оруулалт болох 1.1 тэрбум ам.доллар баттай хүлээгдэж байна. Эдгээрийг нэгтгэвэл ирэх 4-5 жилийн хугацаанд жил бүр дунджаар 2.1-2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх юм.

Эдгээр төслөөс гадна олон нийтийн тэр болгон мэддэггүй нэгэн төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан Эрдэнэт-Овоот, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл юм. Эдгээр төмөр замын барилгын ажлыг мөн адил ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байгааг Зам, Тээврийн Яамны сайд мэдээлсэн. Эрдэнэт-Овоотын төмөр зам нь нийт 547 км урт бөгөөд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж урьдчилсан байдлаар тооцоод байгаа юм.

 

3. Бондын эргэн төлөлт

Ирэх жилийн гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг эргэн төлөх ёстой.

Уг төлөлтийг дахин бонд гаргах замаар төлөх тухай Сангийн яамнаас мэдээлсэн. Энэ тохиолдолд дотоодын зах зээлээс валют гадагшилах шаардлагагүй болох ба төгрөгийн ханш сулрахад нөлөөлөх томоохон хүчин зүйл байхгүй болох юм.

 

4. Олон улсын санхүүгийн байгууллагын тусламж ба Хятадын хөнгөлөлттэй зээл

Сангийн сайд Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банкнаас бүрдсэн багийхан ОУВС-тай хэлэлцээр хийж эцсийн шийдвэрийг ойрын хугацаанд гаргах гэж байгаа талаар мэдээлсэн.

Хэрэв ОУВС-ийн тусламжийг авбал төсвийн үр ашигтай байдал нэмэгдэж, валютын нөөцтэй болох юм. Ингэснээр дутагдаад байгаа валютын нийлүүлэлтийг богино хугацаанд өсгөж төгрөг чангарах боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ Хятад улсаас 20 жилийн хугацаантай 2 хувиас ихгүй хүүтэй зээл авах хүсэлтийг манай талаас тавьсан. Энэ асуудлыг мөн л ирэх оны эхэнд шийдвэрлэх боломжтой талаар урьд нь мэдээллэж байсан. Хэмжээний хувьд янз бүрийн тоо яригдаж байгаа бөгөөд ихдээ 4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний юан яригдаж байсан юм. Ямартай ч зээл авбал цаашид хүлээгдэж буй улсын бондуудын эргэн төлөлт асуудалгүй болох бөгөөд үүний хэрээр төгрөг чангарах боломж бүрдэх юм.

Дээрх валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үйл явдлууд энэ оны эцэс, ирэх оны эхээр шийдэгдэж ирэх онд их хэмжээний валютын урсгал хүлээгдэж байна.

Өнөөдрийн өнцгөөс харахад эдийн засаг уналттай, хөрөнгө оруулалт буурсан, экспорт буурсан, бүх л нөхцөл байдал хүнд байгаа нь олон нийтэд ийм байдал цаашид үргэлжилсээр байх юм шиг мэдрэмж төрүүлж байна. Гэвч жинхэнэ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, арилжаалагчид бол ирээдүйг урьдчилан үнэлж шийдвэрээ өнөөдөр гаргаж байдаг. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал байнга нэгэн хэвээрээ байдаггүйг мэддэг. Өөрчлөлтөөс өмнө үйлдлээ хийж ашгаа авдаг.

За тэгээд бодит байдал цаашид хэрхэн үргэлжлэхийг харцгаая.