Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хааны нууц түүх” роман уншигчдын хүртээл боллоо

МОНСУДАР
2016 оны 11 сарын 4
Монсудар
Зураг зураг

Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” бүтээл уншигчдын хүртэл болсон цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл эрэлт ихтэй хэвээр байна. 2008 онд тус “Чингис хааны нууц түүх” зохиолоор найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн  Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно Чингис хаан” киног бүтээсэн нь үзэгчдээс өндөр үнэлэлт авч байв. 
Тус бүтээлийг Утга зохиол судлаач Ү.Хүрэлбаатар “Монголын уран зохиолын хөгжилд тэсрэлт болон гарч ирсэн сор бүтээл” хэмээн үнэлжээ.

Тэгвэл саяхан “Чингис хааны нууц түүх” романыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж уншигчдын хүртээл болоод удаагүй байна. 

Номын хэсгээс

Боорчи Зэлмэ та нар сонс. Миний шархадсаныг бусдаас нууцалсан чинь сайн хэрэг. Цаашид ч бүү мэдэгд. Харин намайг харвасан цэргийг амьд үхсэн алин боловч надад авчирч үзүүлэгтүн гэж Тэмүжин тушаажээ. Тайчуудын хуарагнасан цэрэг тэр шөнө ачаа хөсөг, явдлын ая даахгүй эмс хөгшдөө хаяж зугатан одсон нь Тэнгэрийн аврал байсан боловч Тэмүжиний шархадсан нь олон зүйлийг ойлгуулж, бас олон зүйлийг өөрчлөхийг шаардав. Юуны түрүүн Тэмүжиний амь нас аймаг, цэргийн бүх амьтай тэнцэхийг ухаарцгаав. Бас Тэмүжин шархдах буюу үхэхэд хүрвэл цаашид хэрхэх ёстойг хэн ч мэдэхгүй байгаа нь ийм үед дайсны идэш болоход хялбар болохыг илрүүлэв.

Бас Тэмүжиний шадар хишигтэн цэргийн байлдааны үеийн сахилга, журмыг бэхлэх хатуу цааз тогтоох, тэднийг сурган хүмүүжүүлэх нь чухал болжээ гэдгийг харуулав. Эцэст нь Тэмүжинг байлдаанд хутгалдан орохыг нэг мөсөн зогсоох хэрэгтэйг ойлгуулав. Дүү нар болоод нөхдөөс хэн нь ч цэрэг байлдааны хэргийг нэгтгэн удирдах бэлтгэлгүй байгаа нь Тэмүжинг ихэд айлгажээ. Тэднийг бие даан дайтахад сургах, бас дайсныг дарах арга мэх, цэргийн боловсрол, чадлыг сайжруулах нь тулгарсан зорилго болсон байв. Гэртээ сууж, малаа адуулж, эзнээ дуудсан үед мордож ирдэг иргэн цэргийг, байнгын хатуу сургуультай, дайтах байлдахаас өөр зорилгогүй байнгын цэргээр солихыг хойшлуулж болохгүй хэрэг гэж тэд шийдсэн нь Тэмүжиний шархадсаны олз байв.

Ингэж Тэмүжин нар байнгын цэрэгтэй болох ажлыг шуурхайлсан бөгөөд энэхүү цэргийн цөм нь Тэмүжиний хишигтэн хэмээх торгон цэрэг болж байлаа. Зуут мянганы ноёдын хөвгүүд болон шилдэг гавшгай,амь хайргүй үнэнч тэмцэх дур хүсэлтэй эрсийг сонгон хишигтэн цэргийг байгуулах зарлиг гаргав. Ийнхүү Чингис хааны их аян дайны гол бэрхийг үүрч гадны улсын хүчирхэг цэргийг бут цохисон монголын морьт цэргийн мянгатууд үүсч эхлэв. Алдаа болгоноос суралцах ёстойг Тэмүжин энд анх удаа нөхөддөө чухалчлан хэлсэн нь тэр өөрөө ч сайтар ухаарч ойлгосны гэрч юм. 

Урьд тайчуудад олзлогдох үед нь аварч тусалсан зарц Сорхоншар, Чулуун Чимбай хоёр хөвүүнийхээ хамт энэ тулааны дараа дагаж ирсэн нь Тэмүжиний сэтгэлийг туйлын ихээр догдлуулжээ. Сорхоншар бол хэдий боол ч гэлээ Тэмүжинд хамгаас түрүүн их тусыг хүргэж амийг нь аварсан ачтан билээ. Сорхоншар түүнийг хоёр удаа нуун өнгөрөөж авраагүй бол Тэмүжин тайчуудын Таргудайд алуулж өт хорхойны хоол болох байв. Түүний ачийг хариулах нь Тэмүжиний өдрийн бодол шөнийн зүүд байлаа.

... Тайчууд болоод Жамухын цэргийн орхиж одсон иргэдийг хураан авчирсны дараа олзлогдсон буюу дагаж ирсэн цэргүүдийн дотор Тэмүжинг харваж шархдуулсан хүн байх нь магад тул Тэмүжин тэдний дундуур явж зарим хүнийг бүр тулж очин харж явжээ. Энд дагаж ирсэн цэргийн нэг болох тайчуудын Зургаадай гэгч эр Тэмүжинг харвасан атлаа айлгүй үлдсэн байжээ. Зургаадай угийн зоригтой дайнч эр учир Жамуха шиг шөнө дөлөөр зугатаахыг бодсонгүй. Зугатаасан дорвол дайсандаа алагдахыг тэр дээр гэж үзсэн бөгөөд Тэмүжиний хэрхэхийг хүлээн суужээ. Мөн Тэмүжинг шархдуулснаа ч олж үзэв. Уг нь Тэмүжинг алав гэж санасан билээ. Гэвч Тэмүжин эрүүл саруул явахыг үзээд ончгүй муу харвасандаа ихэд харамсаж суув. -Хүйтэн уулын тулаанд миний байлдааны ам цагаан хул морины хүзүүг хэн харваж шархдуулав гэж

Тэмүжин Зургаадайн өмнө ирээд ойрын хүн л сонсохоор шивнэх шахам асуув. Боорчи, Хасар, Зэлмэ нар түүнийг залгуулан “Миний байлдааны ам цагаан морины хүзүүг хэн харваж шархдуулав” гэж дуу дуугаа аван бархиралджээ. Нам гүм боллоо. Дахин хашгирахад нь Тэмүжин чухам юун тухай асууж буйг мэдсэн Зургаадай алгуур босон түүнд дөхөн очив. Зургаадай, Тэмүжинээс даруй сайн тохой өндөр сүрлэг сайхан эр байв.
 -Чи юу гэв хэмээн Тэмүжин эгц ширтэн асуув. 
-Би Тайчуудын Зургаадай гэгч билээ. Морины хүзүүг би харважээ.

 Алъя гэвэл ал 
Алганы төдий газрыг 
Алаг болгож өмхийрүүлэх 
Алд бие байна. 
Аваръя гэж санаад 
Амий минь соёрхвол 
Халд гэсэн газарт чинь 
Харайж очоод би 
Хар усыг цалгитал 
Хад чулууг хэмхэртэл 
Харь дайсныг довтолж 
Хаан чамд туслая. 
Цээлийг усыг цалгитал 
Цэгээн чулууг хагартал 
Чин зоригийг гаргаж 
Чингис чамд туслая 
Хүр гэсэн газарт чинь 
Хүрч очоод би 
Хүр чулууг хэмхэлье. 
Хүний зүрхийг шанталъя гэж шүлэглэн хэлэв.

 -Чи яах гэж морийг минь харвав гэж Тэмүжин түүнд бүр нүүр тулж очоод асуув. -Би алъя гэж харвасан билээ. Зургаадайн энэ чин үнэнч аймшиггүй сэтгэл, цэцэн цэлмэг үг Тэмүжинд таашаагджээ.

 -Дайсны хүн дайсагнаж хорлох санаагаа нуух бөгөөтөл харин чи хорлосноо нуухгүй үнэн өчив. Чи шударга, зоригтой хүн юм. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чи миний байлдааны ам цагаан хул морины хүзүүг зэвээр харвасан тул чиний Зургаадай нэрийг халж Зэв гэж нэрлэе. Чи үгэндээ хүрч дэргэд минь жагсаж зэв мэт хамгаалж яв гэж чамайг өршөөе гэжээ.