Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Тэнгэр хүлэгтэн”-ий туужсаас ажиглагдсан түүхийн “ташаарал”

Монгол хэл соёлын хүрээлэн
2016 оны 11 сарын 4
Монгол хэл соёлын хүрээлэн
Зураг зураг

“Төрт ёс, Хаадын сан” -аас Монголын их хаадын түүх, намтар судлалыг хөгжүүлэх багагүй ажил хийсэн бөгөөд Монголын 100 хаан 8 богдын намтрыг цувралаар эрхлэн гаргасан байдаг.  “Төрт ёс, Хаадын сан” –аас энэ жил буюу 2016 онд “Хаан цадиг,” “Хатан цадиг,” “Жанжин цадиг” хэмээх гурамсан бүтээлийг эрхлэн гаргасны зэрэгцээ “Тэнгэр хүлэгтэн” хэмээх хоёр боть бүтээлийг эрхлэн гаргажээ. Тус бүтээлд “Төрт ёс, Хаадын сан”-аас зохион байгуулсан түүхэн сэдэвт туужийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлүүдээс шигшигдсэн С.Оюун, До.Цэнджав, Д.Төрбат, Б.Ойдов нарын түүхэн туужийн зохиолыг багтаасан байна. 

Эдгээр бүтээлүүдийг уншихад сэтгэлд ойр, бусад түүхэн сэдэвт “аварга” зузаан романуудыг бодоход уншуур өгөөжтэй байсныг нуух юун. 
Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн андуурч ташаарсан хийгээд санаатайгаар өөрчлөн гуйвуулсан зүйл цөөнгүй ажээ. Хэдий уран зохиол хэмээн орхиж болох ч “түүхэн” хэмээх тодотголыг өмнөө зүүсэн тул түүхийг үнэнээр өгүүлэх нь зүйн хэрэг. 

Түүхийг эдүүгээс харж тайлбарлах

Аливаа түүхэн үйл явдлыг тайлбарлахад түүхэн сэтгэлзүйн үүднээс хандах зарчим бий бөгөөд өнөө цагийн ойлголтоор түүхийг тайлбарлах нь буруу юм. Жишээлбэл, Дөргөнэ хатны хожим гаргасан үйл явдлаас нь үндэслэн түүнийг угаас сэргэлэн цовоо эсвэл атгаг санаа агуулж мэдэхийг Чингис хаан мэдэж байсан мэтээр өгүүлэх нь даанч зохимжгүй ажээ. Тухайлбал До.Цэнджав “Суудал өнцөгдсөн сэнтий” тууждаа “Дөрөгэнийг Өгэдэйд хатан болгож ав гэж зарлигджээ. ... угийн цаашаа толгойтой умар элгийг тэнийлгэ, ухааны самуурлыг өөрчилж, хар нулимс унагаж үзээгүй сэхүүн дээрэнгүйг даруутга, ...өөрийн толгойноос хонины шагайн чинээ ч илүү бүү гарга. Мэргид бол хэзээд ч мэргид, дотуураа мэрэх мэт санаатайг сана, сэр.”  хэмээн өгүүлсэн байна. Үүнээс үзвэл Чингис хаан ухаантай боловч атгаг санаа агуулж мэдэх бүсгүйг өөрийн хөвгүүндээ гэргий болгон өгсөн байж таарах нь. Чингис хааны хувьд алс хэтэд нь саад тотгор болох дайсан этгээдийг эцэст нь хүртэл дарахыг зорьж байсан бөгөөд энэ нь Мэргидийн үлдэгдлийг Хархятан хүртэл хөөн мөхөөж байснаас харагдана. Дөргөнэ хатны тухай зохиогчийн энэхүү дүгнэлт бол Дөргөнэ хатан төрийн эрхийг хууль бусаар барьж байснаас үүдэн гарсан санаа төдий. Монголын нууц товчоонд §198 “Мэргид иргэнийг дагуулиж, Тогта бэхийн их хөвүүн Худугийн хатад Түгэй Дөрөгэнэ хоёроос Дөрөгэнээг тэнд Өгэдэй хаанд өгөв.” гэхээс өөр мэдээ үгүй.
Мөн түүнчлэн зохиогч Мэргид хэмээх үгийг мэргэн ухаантай гэж ойлгосон байх талтай юм. Учир нь Дөргөнэг Өгэдэйд өгсний дараагаар “Би харин Дайр усуны охин Хуланг хатнаа болгож авлаа. Мэргидийн мэргэн ухаан чухал.” хэмээн өгүүлснээс тодорхой харагдана. 

Шашны үзэл

Түүх хэмээгч нь улс үндэстэнүүдийн тун ч “эмзэг” асуудал юм. Түүхийг гуйвуулах болон шашин шүтлэгийг гадуурхан үзсэнээс оюуны томоохон зөрчил, тэр ч бүү хэл дайн дайжин самууралд хүрч болохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс зохиолчид түүхэн бүтээл туурвихдаа ихэд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй юм.

Тухайлбал Б.Ойдов “Айн-Жалудын цавчилдаан” тууждаа Хүлэгү хаан Багдадын халифыг барьж “Аллахын үнэнч зардас чи алтаар хооллож, алтаар ундаалсу” гэж даажигнахаа бас мартсангүй.” хэмээн өгүүлсэн нь Хүлэгү хаан Багдадын Халифыг исламын шашинтай хүн тул тийн хороосон мэтээр дүрслэгдсэн ажээ. Гэвч монгол хаад аливаа шашныг хяхан хавчих бус “хүлээцтэй” бодлого явуулж байсан нь нэгэнтээ тодорхой болсон билээ. Энэхүү үйл явдлын тухай Армяны “Нум сумтан ард түмний түүх” сурвалжид “”Хүлэг хаан таваг дүүрэн алт авчирч Халифын өмнө тавихыг тушаав. Тушаал ёсоор үүнийг авчрав. Халиф “энэ юу вэ?” гэж асуув. Хүлэгү “энэ бол алт. Үүнийг идэгтүн, өлсөж цангах чинь болино, бие чинь хөнгөрнө гэжээ.” Халиф татгалзаж “Хүмүүс талх идэж цаддаггүй, талх, мах идэж дарс уун цаддаг биз дээ” хэмээжээ. Халифын энэхүү хариултыг сонссон Хүлэгү түүнд “Хүмүүс хуурай алт идэж бус талх, мах идэж ус уун цаддагийг нэгэнт мэдэж байсан юм бол чи яагаад алтаа надад илгээсэнгүй вэ? Ингэсэн бол би хотыг чинь дээрэмдэн чамайг олзлохоор би ирэхгүй байсан юм.” хэмээн өгүүлсэн тухай дурдсан байна. Тус сурвалж болон Марко Пологийн тэмдэглэлээс үзэхэд Хүлэгү хаан “Аллахын үнэнч зардас” хэмээн тавлаж байсан мэдээ сэлт байхгүй бөгөөд зөвхөн өөрт нь бууж өгч, алба татвар өгөхөөс татгалзсан учир л Халифт алт таваглаж өгсөн нь тодорхой. 

Зохиолч Б.Ойдов уг тууждаа Мөнх хаан “Урт дурын хүмүүн” болж хүмүүжсэн хэмээн өгүүлсэн нь байж боломгүй алдаа юм. Учир нь “Урт дурын хүн” хэмээх нь “Монгол овог аймгийн хүн амын олонхыг бүрэлдүүлэгч харц гаралтай эрх чөлөөт хүмүүс” гэсэн утгатай. Энэ нэр томьёог Х.Пэрлээ, Д.Гонгор, Ш.Нацагдорж, Н.Ишжамц, Ч.Далай нарын эрдэмтэд хэрэглэсэн бөгөөд Оросын судлаачид Палладий Кафаров (Чөлөөт хүмүүс -люди свободного состояние,) С.А.Козин (Зоригдаан хүмүүс-люди длинной воли,) Б.Я.Владимирцов (Эгэл хүн -простыевойные) нар өөрсдийн судалгаандаа дурдсан байдаг. Иймээс Чингис хааны алтан ургийн их хааныг “Урт дурын хүмүүн” хэмээн тодорхойлох нь зохимжгүй юм. 

Б.Ойдов зохиолчийн авч хэрэглэж буй түүхийн холбогдолтой нэр томьёо утга санааны хувьд тохирохгүй буй нь ганц “Айн-Жалудын цавчилдаан” туужид дурдагдсан “Урт дурын хүмүүн” бус ажээ. Түүний “Зүүн гарын мөхөл” туужид дурдсан Халх Монголын Зүүн гарын хаант улс хэмээх ташаарал юм. Халх, Зүүнгар хоёр хэмээгч нь тус тусдаа засаг захиргаа, тэргүүнтэй бөгөөд Д.Гонгор зэрэг түүхчдийн дурдсанчлан Халхын хаант улс, Зүүн гарын хаант улс хоёр нь зэрэгцэн оршиж байсан төдийгүй Зүүн гар улсыг “Халх Монголын” хэмээн тодорхойлох нь зохимжгүй юм.

Түүхэн дүрийг зохиомлоор урлах

Зохиолчид уран зохиолын дүрээ тодотгох үүднээс зохиомол дүр бий болгох, уран зохиолын хэтрүүлэл зэргийг ашиглаж болох хэдий ч илт тодорхой зүйлийг гуйвуулан бичих нь буруу юм. Тухайлбал, Д.Төрбат “Хар дарсан төр” тууждаа Тугтөмөр хааны Будашир хатанг солонгос гаралтай төдийгүй Хуафён гүн цолтой ноён Ким Шимийн хоёрдугаар охин хэмээжээ. Гэвч үнэн хэрэгтээ Будашир хатан бол Хонгирад аймгийн хүн юм. Энэ тухай George Qingzi Zao докторын ажилдаа (Marriage as Political Strategy and Cultural Expression Mongolian Royal Marriages from World Empire to Yuan Dynasty, University of Toronto, 2001) Будашир хатныг Хонгирад аймгийн хүн төдийгүй түүний эцгийг Дивабула (Diwabula) хэмээсэн байдаг. 

Харин Д.Төрбат зохиолчийн дурдан дурдан буй Ким буюу Ки овогт хатан нь Тугтөмөр хааны бус Тогоонтөмөр хааны хатан юм. Анхлан солонгос бүсгүйг гол ордны хатан болгосон хүн бол Тогоонтөмөр хаан бөгөөд түүнээс урьд солонгос эмэгтэй ордны гол хатан болгож байгаагүй билээ. Энэ тухай “Тогоонтөмөр хааны түүх” сурвалжид “Анхандаа Шицу хааны гэрийн ёсон болбоос солонгос охиныг басамжлан доромжлох бөгөөд тэднийг ордонд оруулахгүй болой. Одоо харин дээдсийн гэрийн ёсыг эхлэн эвдэв. Мэргэд ину энэхүү байдлыг үзээд дэлхий дахин самуурах болов хэмээн мэджүхүй” хэмээжээ. 
Мөн түүнчлэн Б.Ойдов зохиолчийн “Айн-Жалудын цавчилдаан” туужид Хүлэгү хааныг дүрслэхдээ “энэ эрийг тал нутгийн хүн гэхээсээ Перс орныг үе улиран хаанчилсан эрхэмсэг Халифын үр сад гэж эндүүрмээр Өрнийн ертөнцтэй хил залгаа оршиж байсан Түрэг угсааны хэрэйд эхийн цус, тал нутгийн монгол эцгийн цус холилдохоороо ийм содон хөвгүүн төрүүлдэг гэнэм.” хэмээжээ. Чухам яагаад Хүлэгү хааныг Дундад Азийн ард түмний адил төрхтэй мэтээр тайлбарласан нь тун ч сонирхолтой. Хэрэйд болон монгол аймгийн цус холилдоход өвөрмөц содон төрхтэй хөвүүн төрдөг гэвэл Хубилай хаан чухам л Сорхугтани бэхи хатнаас төрөөгүй бололтой. Учир нь Хубилай хааны хөрөгт жартгар нүд, навтгар хамартай байх монголжуу төрхтэйгээр дүрсэлсэн байдаг. 

 

Түүхэн хронологи хийгээд түүхийг ойлгох

Түүхийн бүтээл хийгээд түүхэн уран зохиолд зайлшгүй барих ёстой зүйлийн нэг бол яахын аргагүй түүхэн он дараалал, түүний уялдаа холбоо хамаарал юм. Уран зохиол бичиж байна гээд түүхэн он дарааллыг илт гуйвуулан бичих нь зүйд нийцэхгүй. Тухайлбал “Тэнгэр хүлэгтэн” номын хоёрдугаар ботид багтсан С.Оюуны “Алтан ургийн босго” туужид “Чингис хаан газар нутгаа хүүхдүүддээ хуваан өгч эзэнт улс нь бутарчээ. Түүний хүү Гэрсэнз хунтайжийн газар нутаг бол Түшээт ханы нутаг билээ.” хэмээн өгүүлжээ. Энэхүү хэсгээс харахад Чингис хаан хөвгүүддээ хувааж өгснөөр Монголын эзэнт гүрэн мөхсөн гэж ойлгогдохуйцаар бичсэн байна. Түүгээр ч барахгүй Гэрсэнз жалайр хунтайжийг Чингис хааны хөвгүүн мэтээр дүрсэлсэн нь даан ч хачирхалтай. Гэрсэнз жалайр хунтайж бол Батмөнх даян хааны отгон хөвгүүн билээ. Энэ бол үндсэндээ 400 жилийн түүхийг хольж хутгасан зүйл юм. Мөн Гэрсэнзийн нутаг нь Түшээт ханы нутаг бус бөгөөд Гэрсэнз жалайр хунтайжийн хөвгүүд түүний эзэмшил нутгийг хуваан авснаар Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгууд бий болсон юм. Угтаа Халхын нутаг нь бүхэлдээ Гэрсэнз хунтайжийн нутаг юм.

Тус зохиолд Түшээт хан аймгийн Баруун гүний хошуу (Түшээт хан аймагт ийм хошуу байгаагүй)-ны засаг ноёны хатан “эрх танхи, ухаан муутай... ноёны бие тааруу болсноос хойш алба хэргэмд нь илт сонирхох болсныг мэдсэнээс хойш ... хошуугаа язгуур угсаа төдий сайн биш эмд үлдээж болохгүй гэж дотроо хатуу боджээ.” хэмээн өгүүлсэн байна. Манж чин улсын хуулиар аливаа хошууны засаг ноён үгүй болоход түүний гэргий хошуу нутгийг нь захирч байсан зүйл огтхон ч үгүй бөгөөд хэн дуртай хүн нь хошууны засаг ноён болох боломжгүй байв. Зөвхөн засаг ноёны батлан тэмдэглэсэн хөвгүүн л засаг ноёны ширээг залгамжлах эрхтэй байжээ. Иймээс тухайн хатан засаг ноёны эрх мэдэлд шунах, засаг ноён ч эхнэрээ хардаж сэрдэх үндэс үгүй юм. Зохиогч тухайн үеийн түүхэн үеийг ойлгоогүйн улмаас монгол хаадын хатад эрх мэдлийг гарч авч байсан зэргээс санаа авч хошуу засгийн хатан хошууны эрхэнд санаархаж буй мэтээр дүрсэлсэн нь зохимжгүй болжээ.

“Алтан ургийн босго” зохиогч түүхийн мэдлэг тун хомс болох нь тодорхой харагдах бөгөөд “хөвгүүнийг улсад туслагч засаг”-аар өргөмжлөх тухай өгүүлэх аж. Гэвч үнэн хэрэгтээ “улсад туслагч” хэмээх нь гүн хэргэмийн нэгэн төрөл юм. Гүн хэргэм нь дотроо “Улсад туслагч гүн,” “Түшээ гүн” гэсэн хоёр ялгавартай байдаг. Түүгээр ч барахгүй алтан ургийн босгыг алхана гэдэг нь хошуу засаг болохыг нэрлэж буй бололтой. Тэгвэл алтан ургийн боловч нутаг хошуу захирдаггүй тайж ноёд алтан урагт багтахгүй бололтой. Энэ бол яахын аргагүй түүхийг ойлгоогүйн улмаас гаргасан эндүүрэл.

Түүхэн сэдэв туужийн уралдаанд шалгарсан бүтээлүүдэд түүхэн талын бага боловч цензур тавих хэрэгтэй болов уу? Зүгээр нэг туужийн уралдаан биш “түүхэн” хэмээх тодотголтой тул түүхийн судалгаа, материалыг хэрхэн үнэн бодитоор уран сайхны аргаар урласныг нь харах хэрэгтэй баймаар. Дээр дурдагдаж буй алдаа, эндэгдэл нь уран сайхны аргаар илэрхийлэх гэсэн бус түүхийг санаанаасаа зохиох гэсэн оролдлогуудын дүн болох нь тодорхой харагдаж байна. “Төрт ёс, хаадын сан”-аас гарч буй бүтээлүүд нь цэвэр түүхийн холбогдолтой бүтээлүүд байдаг тул энэхүү түүхэн туужсыг уншсан хүн тухайн үйл явдалд гарч буй ихэнх үйл явдлыг бодит мэтээр ойлгож болох талтай байгаа. 

Тиймээс түүхэн зохиолын уралдаанд оролцогчид, түүхэн роман бичигчид түүхийн судалгааг лавшруулан хийх зайлшгүй шаардлага гарч байна. 

Түүхч С.Ууганбаяр