Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн жишигт нийцэхийн тулд ЦАХИМ хэл шинжлэлийг хөгжүүлэх шаардлага тулгараад байна”

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас “Эх хэлний цахим хөгжил”-2016 анхдугаар чуулганыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Монгол хэлний тухай хуульд алдаа шалгах програм болон Монгол бичгээс кирил бичигт, кирилээс Монгол бичигт харилцан хөрвүүлэх програм хийх тухай заалт бий. Тус хуулийн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эх хэлний цахим хөгжил”-2016 анхдугаар чуулганыг зохион байгуулж байгаа аж.

Энэ талаар Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Бид дэлхийн жишигт нийцэж явахын тулд цахим хэл шинжлэлийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна.

Тиймээс цахим хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачидтай хамтран чуулганыг зохион байгуулж байна” гэлээ.

Хурлын үеэр Болорсофт компанийн арван жилийн турш судалгаа хийж, Ц.Дамдинсүрэн гуайн зөв бичих дүрэмд нийцүүлэн зохиосон “Болор дуран 2.0” алдаа шалгагч програмыг танилцуулах юм байна.

Энэ тухай Болорсофт компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал “Болор алдаа шалгуур бол 2013 оноос хойш хөгжүүлж ирсэн систем байгаа. Энэ хооронд хэлний болон техникийн талаас зарим асуудал гарч байсан.

Эдгээр асуудлыг шийдэх үүднээс бид түрүү жилээс хойш Microsoft компанитай хамтран ажиллаж, албан ёсоор програмаа хөжгүүлж дуусгаад, арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох чуулганы үеэр танилцуулах гэж байна” хэмээн тайлбарласан юм.

 

“Эх хэлний цахим хөгжил”-2016 анхдугаар чуулганаар "Цахим хэл шинжлэл"- үзэсгэлэнг зохион байгуулж,

  • “Монгол хэлний хуулийн агуулга”,
  • “Хэл шинжлэлийг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжтой юу”,
  • “Монгол бичиг цахим орчинд”,
  • “Цахим хэл шинжлэлийн судалгаа манайд байдаг уу”,
  • “Хэлний технологи хэрэгтэй юу? Яагаад”,
  • “Монгол хэл, сэтгэлгээний хөгжлийн зарим тулгамдсан асуудалд”,
  • “Олон утгат үг хэллэгийн хэрэглээ”,
  • “Цахим хэл шинжлэлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломж” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.
Чуулганыг Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон Болорсофт ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 10:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох юм.