"Орхон голыг хамгаалах хөдөлгөөн" Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэхүү хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Орхон голын ай сав, бүс нутгийг төрөөс хамгаалах үндэслэл
Нэг. Орхон гол бол Монгол улсын цэвэр усны нөөц хуримтлуулагч, экологийн тэнцвэржүүлэгч болох нь:
Монгол орны нийт усны нөөц 609.5 км3 бөгөөд түүний 82 хувийг нуур, 10.3 хувийг мөсөн гол, 6 хувийг голын ус, 1.7 хувийг гүний ус эзэлдэг. Манай орны нутаг дэвсгэрт 4,113 гол, горхи байдаг бөгөөд урт нь 67,000 км.
Тэдгээр нь Хойт мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагш урсацгүй гэсэн гурван ай савуудад цутгадаг. Эдгээр олон улсын гурван ай савд эдийн засаг, байгаль орчны ач холбогдлоор нь дараахь найман бүс нутгийн сав газрыг хамааруулан үздэг. Эдгээрийн хамгийн томоохон нь Сэлэнгэ мөрний сав газар билээ.
Монгол орны хойд хэсгийн хагас цөлөрхөг нутгийн 280,000 км2 талбайг хамрах бөгөөд энэ нь манай орны хамгийн том сав газар юм. Орхон гол арваннэгдүгээр сард хадаалж 130 орчим хоног хөлдүү байна. Гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 м/с хүрнэ. Орхоны адаг нь (Сүхбаатар хотын орчимд) 602 м өндөрт байдаг. Адаг хавьдаа усны дундаж урсан өнгөрөлт нь 116 м³/с, урсацын модуль 0.76 л/с.км болдог.
Усжуулахад ашигладаг. Орхонд зэвэг, цурхай, булуу цагаан, алгана, гутаар зэрэг загас бий. Орхон гол нь XVIII эууны "Халх журам" хуулиар хүрээний орчмоос амьтан агнахыг хориглосон газрыг цаад хил бож байв.
Монгол Улсад 47.2 сая гектар талбай эзэлсэн 5,188 тусгай зөвшөөрлийг 1,939 байгууллага эзэмшиж байгаа гэсэн тооцоо бий. Тэдний хэд нь химийн хорт бодис хэрэглэж, хэдэн гол мөрөн, булаг шандыг Бороогийн ижил болгож байгааг хэлж өгөх тодорхой судалгаа, түүний мөрөөр хийх ажлын үр дүн хэрэгтэй байна.
Хоёр. Орхон голын ай сав нь Дэлхийн өвд бүртэгэгдсэн соёлын дурсгалууд болон хүн, амьтан, экологийн тэнцвэрт байдлыг хангах нь:
Орхон голын хөндий нь эртний монгол орны нутаг дэвсгэрийн хувьд хүн ам төвлөрөн суух хамгийн тохиромжтой бүс нутгуудын нэг байсан байна. Ийм учраас энд Эртний түрэг, Уйгур болон Хиргисийн хант улсуудын төв суурин газар нийслэл хотууд нь байсан болох нь археологийн судалгаагаар батлагджээ. Түүнээс гадна Орхоны хөндийд Их Монгол улсын нийслэл Хархорин хотын туурь байдаг.
Мөн Орхоны хөндийгөөс эртний Хүннүгийн үеийн археологийн олдвор хүртэл олддог байна. Ер нь Орхоны хөндий нь монгол орны түүх соёлын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний түүх соёлын дурсгалын хувьд үнэлж баршгүй үнэт өв тул 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалыг ЮНЕСКО Дэлхийн өв болгон бүртгэжээ.
Дэлхийн Өвийн хороо 2004 онд “ДӨ-ОХСДГ ”-ыг нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж, хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт өв болохыг нотлож, Дэлхийн Өвд бүртгэж авсан.
ДӨ-ОХСДГ НЬ: “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай” конвенцийн дараахь үндсэн гурван шалгуурыг хангаж байгаа болно. Үүнд:
ДӨ-ОХСДГ-ын газарзүйн байршил
1997 онд Хархорум хотын туурийн хамгаалалтын бүс, 2002 онд Билгэ хаан, Культегины цүгцолбор дурсгал, Харбалгас хотын туурь, Төвхөн хийдийн хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2006 оны тавдугаар сарын 31-ны 123 тоот тогтоолоор ДӨ-ОХСДГ-ын хилийн 63 цэгийн газарзүйн байршлыг тогтоож, Дэлхийн Өвийн Хороогоор баталгаажуулсан.
ОХСДГ–ын хүрээлэн буй уулсын тогтолцоо нь хадархаг мөн хүрмэн чулуу, занар, аргеллит, алевролит зэрэг тунамал чулуулгаас тогтсон. Орхон гол нь Хангайн нурууны суварга хайрхан уулаас эх авч Монголын төв нутгаар дайран 1,124 км урсч Сэлэнгэ мөрөнд цутгадаг Монголын хамгийн урт гол юм.
Орхон голын хөндий нь байгаль цаг уурын хувьд хүмүүс аж төрөн амьдрахад нэн тохиромжтой тул эртнээс буурал түүхийн туршид нүүдэлчид амьдарсаар өнөөг хүрчээ.
Орхоны хөндийн уулархаг бүс нь ой модтой, талархаг бүс нь хээр тал, харин хөндийдөө нугархаг нутаг юм. Орхоны хөндий орчмын газар нутаг нь цаг уурын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай бүсэд орших ба зундаа халуун, хавар намартаа сэрүүн, өвөлдөө хүйтэн.
Дунджаар жилийн 80-100 өдөр цэлмэг нартай байдаг. Жилийн агаарын хэм нь 0.8 С бөгөөд нэгдүгээр сард өдөртөө дунджаар -18С, долдугаар сард +15С хэм болно. Дэлхийн Өв - ОХСДГ нь Өвөрхангай, Архангай хоёр аймгийн нутаг дэвсгэрт ойролцоогоор 121,967 га газрыг эзлэн оршдог. ДӨ-ОХСДГ-т 2008 оны судалгаагаар 1,000 гаруй өрхийн 3,600 орчим хүн ам амьдарч байгаа ба энэ нь дээрх таван сумын нийт өрхийн 16%, хүн амын 11%-ийг эзэлж байна.
2007 оны байдлаар ДӨ-ОХСДГ-ын нутаг дэвсгэр дээр 10,500.7 мянган толгой мал бэлчээрлэж байна. ДӨ-ОХСДГ-т хамаарч байгаа 5 сумын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь малын бэлчээр, 4.9 хувь нь газар тариаланд ашиглагдаж байна.
Гурав. Орхон голын бохирдлыг бууруулах талаар авч буй арга хэмжээнүүд
Орхон голын бохирдлыг арилгах талаар Засгийн газрын 2010 оны 264-р тогтоол гарсан. Тогтоолоор эргэлтийн усан сан, хаягдлын сан дундуур ус урсахгүй болох арга хэмжээг авахуулах болон нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, бохирдлоос шалтгаалаад байгаль орчинд учирсан хохирлыг тооцуулах, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх үүргүүдийг холбогдох газруудад өгсөн.
Тогтоолын дагуу Архангай аймгаас тодорхой ажил зохион байгуулж, хаягдлын сан, эргэлтийн усан сан дундуур ус урсгаж, дамжиж Орхон гол руу орохооргүй болгох арга хэмжээг авсан байжээ.
“Байгаль орчныг хамгаалах сан”-гаас хөрөнгө гаргаж, хохирлыг тооцуулах ажйл зохион байгуулж, “Эко Мон” компани энэ ажлыг гүйцэтгэсэн байдаг. Орхон гол нь Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн 54 сум, суурин газрыг дайран, 1,124 км газар урсч Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар
ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг монголын томоохон голуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд Орхон голын эх ундарга болох Суварга хайрхан уулнаас эх авсан голуудын гольдролд “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэг компани 1999 оноос алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас нутгийн гурван гол, 15 булаг шанд устаж үгүй болсон гэж уугуул иргэд үзэж байна.
Эдгээр компани нь алтыг нь сорчилж аваад, гол, усыг бохирдуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаа хийдэггүй аж. Нутгийн 240 өрхийн 990 малчин гол бохирдсоны улмаас 4-5 км зайтай газраас ундны усаа зөөвөрлөн хэрэглэхэд хүрчээ
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль 2010 онд батлагдсанаар, байгаль ээж, ард иргэд амьд бүхэн амгалан тайван байсан. Уул уурхай тэргүүлэх салбар хэмээн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, тогтоол гарч “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан.
Ингээд Засгийн газрын 120, 189 дүгээр тогтоол гарсан. “Монгол газар” компани нь лицензтэй талбайдаа хууль бусаар, хулгайгаар 50 гаруй уул уурхайн үйл ажиллагаа явуулах чадамжгүй жижиг компани оруулсан. Үүний улмаас Орхон гол маш их бохирдсон. Тус компанид Архангай аймгийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй. БОНХАЖЯ-наас хоёр ч ажлын хэсэг томилогдон шалгалт хийсэн боловч нааштай үр дүн гарсангүй.
Засгийн газрын 289 дүгээр тогтоолд усан сан бүхий газрын эргээс 50 метр, энгийн хамгаалалттай бүсээс 200 метр дотор алт олборлохыг хориглоно гэсэн заалт бий. Энэ заалтыг зөрчин Орхон голын усан дотор “драг” хэмээх машин ажиллуулан, дээд зэргээр бохирдуулж байна.
Өөрөөр хэлбэл, Орхон голын гольдрол дотор уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Хууль баталсан УИХ, тогтоол гаргасан Засгийн газар энэ хууль зөрчсөн ёс бус үйлдлийг таслан зогсоогооч ээ. “Алтан дорнод Монгол” компани хууль бус үйлдэл хийгээгүй. Гэтэл “Монгол газар” компани нь байгаль дэлхий сүйтгэж байна.
1. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын 120 дугаар тогтоол 2015 онд гарсан. Уг тогтоолоор өмнө нь ашиглалтын үйл ажиллагаа явуулсан, усны хамгаалалтын хил зааг дотор ашигт малтмал олборлохыг БОНХЯ, МХЕГ, Ашигт малтмалын газар гэсэн гурван байгууллагын таван талт гэрээгээр зөвшөөрсөн.
Гэрээг компаниудтай байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргуулах, уулын ажлын төлөвлөгөө батлуулах, байгаль хамгаалах төлөвлөгөөгөө батлуулсан байх ёстой гэсэн тодорхой эрх үүргийн хүрээнд байгуулсан. Үүний хүрээнд компаниудад эрхийг нь олгосон. Гэвч үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж цөөнгүй байна.
Архангай аймгийн Цэнхэр суманд “Алтан дорнод Монгол”, “Монгол газар”, “Эм Жи Эйч”, “Алтай гоулд”, “Батбродерс”, “БМНС” гэх компаниуд үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээрээс “Монгол газар”, “Эм Жи Эйч” компанийн буруутай үйл ажиллагаанаас Орхон гол бохирдож байгааг бид газар дээр нь үзсэн. Тус газарт олборлолт хийх ашиглалтын тусгай эрхтэй “Монгол газар”, “Эм Жи Эйч” компани нь өөрсдөө ажиллахын оронд туслан гүйцэтгэгч компаниудыг талбайдаа оруулж, талбайгаа хувааж өгсөн байсан. “Монгол газар” компанийн туслан гүйцэтгэгч гэхэд 14 компани талбайд нь ажиллаж байна.
Тэд тус бүртээ угаах төхөөрөмж зоогоод бусад тоног төхөөрөмжөө байрлуулаад ажиллаж байна. Гэсэн атлаа хаягдлын байгууламжгүй, эргэлтийн усан сангүйгээр, суваг шуудуу таталгүй, хаягдал усны далангууд сэтэрсэн, стандартын дагуу хийгээгүй байдалтайгаар үйл ажиллагаа явуулж, бохир, хаягдлаа ил задгай урсгаж байна.
Тэр бохир нь Их Тээлийн голд нийлж, өнөөгийн байдлыг үүсгээд байгаатай Ажлын хэсгийнхэн танилцсан. Мөн аль ч компани нөхөн сэргээлт хийгээгүй байсан. Газар дээр нь зохих арга хэмжээг авсан.
2. БОАЖЯ-наас Орхон голын бохирдлыг бууруулах талаар авч буй арга хэмжээ болон Ганга нуурын ширгэлтэд нөлөөлж байгаа хүчин зүйл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган,Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Ойн бодого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг зэрэг албаны хүмүүс оролцсон байна.
3. БОАЖЯ, УУЯ, МХЕГ, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ажиллаж, Орхон голын эхэнд хууль зөрчин олборлолт явуулж буй “Монгол газар”, БМНС, “Алтай гоулд”, “Алтан дорнод” зэрэг компанийн үйл ажиллагааг зогсоож байв. Гэвч бодит байдалд үйл ажиллагаа үргэлжилсээр.
4. Лиценз эзэмшигч тэдгээр аж ахуйн нэгжүүд ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгээгүй,нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрийг улсын төсөвт огт байршуулаагүй,усны бохирдлыг багасгах далан хаалтыг мэргэжлийн төвшинд барьж байгуулаагүй зэрэг зөрчилтэйгөөр үйл ажиллагаа явуулж байжээ.
5. Тиймээс тэдгээр компаниудыг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг газар дээр нь гаргасан байна. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр Орхон гол улам улаан шороогоор урсах нь нэмэгдэв.
6. Тэрбээр “Байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь бүх нийтийн үйл, сэтгэл шаардсан ажил болж байна. Орхон гол улаанаараа эргэж, 15 км газрыг ухаж, гол уруу бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна.
Орхон гол их хэмжээгээр бохирдсоны улмаас экологийн тэнцвэр алдагдаж, амьсгаа нь тасарч магадгүй учир бид хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох шаардлагатай.
Хэдийгээр эдийн засаг хямарсан, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байгаа боловч байгаль орчин, ус голыг бохирдуулж байгаа нөхцөлд бид дэмжих боломжгүй” гэлээ.
7. Орхон голыг бохирдуулж буй дээрх хоёр компанийн нэр дээрх туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоож, зарим шаардлагыг биелүүлэх хугацаат үүрэг өгсөн. Үүнээс гадна долоодугаар сард хийсэн шалгалтаар Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон юм.
Тэгтэл таван аж ахуйн нэгж улсын байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцэж, лацыг тайлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байсан. Тэдэнд 16.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Хоёр аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн Архангайн цагдаагийн газрынхан шалгаж байна.
Дөрөв. Орхон голын өнөөгийн бохирдол, экологийн сүйрэл
Тав. Шийдэл, гарц гаргалгаа
Монгол Улсын Ерөнхйилөгч Ц.Элбэрдорж Танаа “Орхон голоо хамгаалах Хөдөлгөөнөөс гаргаж буй энэхүү хүсэлтэнд сэтгэл гарган, үндэсний болон төрийн хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.
Хүсэлт гаргасан: “Орхон Голыг Хамгаалах Хөдөлгөөн” Эртний нийслэл Хархорхоум Нийгэмлэг
"Орхон голыг хамгаалах хөдөлгөөн"-тэй холбоо барих хаягууд
Youtube: Orkhon River Protection Movement
Facebook Group: https://www.facebook.com/groups/orkhonriver/