Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Орхон голын эхэнд олборлолт хийсээр байгаа юу?

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Орхон голын эхэнд олборлолт хийж байсан компаниудын үйл ажиллагааг БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ын бүрэлдэхүүн багтсан ажлын хэсэг шалгаж, лиценз эзэмшигч таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мэдээлж байсан билээ.

Тэгвэл олборлолт хийж байсан компаниуд ажлаа зогсоогоогүй байгаа талаар орон нутгийн иргэд хэлэх болжээ. Энэ талаар БОАЖЯ болон Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газартай холбогдож тодрууллаа.

БОАЖЯ: Орхон голын эхэнд олборлолт хийдэг компаниудын үйл ажиллагаанд эрчимжүүлсэн хяналт тавина

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран "Олборлолт явуулж байсан компаниуд бүгд зөрчилтэй байсан учраас Сайдын тушаалаар үйл ажиллагааг нь зогсоосон.  Архангай аймгийн Байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын газрынхан ажиллаж, үүрэг чиглэл өгч байгаа ч алтны компаниудыг дийлэхгүй байна.

БОАЖ-ын сайдын 2016 оны есдүгээр сарын 19-ний өдрийн А36 тоот тушаал гарсан. Уг тушаалаар Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллаж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлж буй байдалд түр хугацаагаар эрчимжүүлсэн хяналт тавих Ажлын хэсэг томилж байгаа. Энэхүү ажлын хэсэг нь тус суманд ашиглалт, нөхөн сэргээлт хийж буй арга хэмжээнд хяналт тавина.

Мөн Орхон голын эх, голд бохир ус нийлүүлж байгаа далан хаалтыг засах, нөхөн сэргээх ажлыг хянана.

Лицензтэй хэдий ч хууль бусаар алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоож, шаардлагатай арга хэмжээг авна" гэлээ.

Архангай аймгийн МХГ: Компаниуд далан барих ажлаа л хийж байгаа

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ц.Мөнхбаатар "Байгаль орчны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Орхон гол дээр ажиллаад таван компанид далан барих шаардлага тавьсан.

Далан барих ажилд мэргэжлийн хяналтын хоёр байцаагч, Усны сав газрын нэг мэргэжилтэн, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, Цэнхэр сумын байгаль орчны байцаагч, аймгаас хоёр цагдаагийн алба хаагч хяналт тавьж ажиллаж байгаа. Өнөөдрөөс БОАЖЯ-ны ажлын хэсэг мөн очиж ажиллаж байгаа байх.

Орхон гол дээр ажиллаж байгаа байцаагч нараас мэдээлэл авсан. Одоогоор компаниуд далан барих ажлаа л хийж байгаа" хэмээн ярилаа.


"Орхон голын эхэнд “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж байгаа ч 40 гаруй компаниар олборлолт хийлгэж байсан.

Хуулийн дагуу лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүд ТЭЗҮ-гээ хийлгэж батлуулах, нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрийг улсын төсөвт байршуулах, ус бохирдуулахгүйн тулд далан хаалтыг мэргэжлийн түвшинд барьж, байгуулах ёстой"-г Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлж байсан юм.

Түүнчлэн зөрчлөө арилгахгүй бол лицензийг цуцлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж байсан билээ.