Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний ЭКСПОРТ дээд цэгтээ хүрэв

С.Болд-Эрдэнэ
2016 оны 9 сарын 15
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр энэ оны эхний 8 сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 632 сая доллар буюу 11 орчим хувиар буурав. Экспорт 2 тэрбум 993 сая доллар болж өмнөх оны мөн үеэс 258 сая доллар буюу 8 хувиар буурчээ.

Харин импорт 2 тэрбум 173 сая доллар болж, мөн л 373 сая доллар буюу 14 хувиар буурсан байна. Нийт экспортын 78.2 хувийг голлох 5 эрдэс бүтээгдэхүүн буюу зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр, газрын тос бүрдүүлжээ. 

Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг өнгөрсөн оны эхний 8 сартай харьцуулж үзвэл, 

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ нэг сая 93 мянган тонн болж, 17.5 хувиар өссөн ч үнийн дүн нь нэг тэрбум 169 сая доллар болж, 25.4 хувиар буюу 400 орчим сая доллараар буурчээ. 

Алтны экспортын биет хэмжээ 2.6 тонноор нэмэгдэж, 9.6 тоннд хүрчээ. Экспортын орлого 390 сая доллар болж, 50 орчим хувиар буюу 127 орчим сая доллараар нэмэгдсэн байна. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ сүүлийн 6 сард бага боловч өсөлттэй байгаа, дотоодод Монгол банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа зэрэг нь алтны экспортын орлого өсөхөд ихээхэн нөлөөлж байна. 

Газрын тосны экспортын биет хэмжээ 5 хувиар өсч, 5.47 сая баррель болсон бол үнийн дүн 18 хувиар буурч 217 сая доллар болов. 

Төмрийн хүдрийн экспорт 650 мянган тонноор нэмэгдэж, 3.7 сая тонн болсон ч экспортын орлого 145 сая доллар болж, 5 сая доллараар буурчээ.

Харин нүүрсний экспортын биет хэмжээ 13.7 сая тонн болж, 42 хувиар нэмэгдсэн байна. Биет хэмжээний өсөлтийг дагаад үнийн дүн үл ялиг буюу 18 сая доллараар өсч, 421 сая ам.доллар болсон нь нийт экспортын 14 хувийг бүрдүүлж байна. Нүүрсний экспортын хэмжээ зах зээлийн үнийн өсөлтийг дагаад сүүлийн 3 сар огцом нэмэгдсэн байна. Тухайлбал эхний 5 сарын байдлаар 7.2 сая тонн нүүрс экспортлоод байсан бол сүүлийн 3 сард 6.5 сая нүүрс экспортолжээ. Эхний 5 сард 222 сая долларыг нүүрсний экспортоор олж байсан бол сүүлийн 3 сард 200 сая орчим долларыг олсон байна. Доорх графикт өнгөрсөн он болон энэ жилийн нүүрсний экспортын хэмжээг сар сараар нь харьцуулан үзүүлэв.

Нүүрсний экспортын биет хэмжээ 13.7 сая тоннд хүрсэн нь дээд цэгтээ хүрч байна. Сүүлийн 7 жилд жил бүрийн эхний 8 сард экспортолсон нүүрсний хэмжээг харвал энэ жил хамгийн их нүүрс экспортолсон жил болов. 2012 болон 2014 оны эхний 8 сард тус бүр 12.2 сая тонн нүүрс экспортолж байсан нь хамгийн их хэмжээ байсан бол энэ жилийн эхний 8 сард 13.7 сая тонныг экспортлоод байгаа юм. Дээрх экспортын хэдэн хувийг ямар компани бүрдүүлж байгаа талаар сүүлийн мэдээлэл байхгүй байгаа ч “Эрдэнэс Тавантолгой” компани голлох үүрэгтэй байх магадлал өндөр юм. Учир нь нүүрсний экспортын хэмжээ өсч байгаа ч экспортын орлого дагаж өсөхгүй байгаа байна. Экспортын хэмжээ 42 хувиар өссөн нь орлого нь ердөө 4 гаруйхан хувиар өсч байгаа нь хямд үнэтэй нүүрсний экспорт нэмэгдэж байгаа гэдгийг илтгэж буй хэрэг. 

Дээрх 5 эрдэс бүтээгдэхүүнээс гадна хамгийн их үнийн дүн бүхий бүтээгдэхүүнийг харвал цайрын хүдэр болон баяжмалын экспортын хэмжээ 15 мянган тонноор, экспортын орлого 5 сая доллараар өсч 94.3 сая доллар болсон байна. Харин самнасан ноолуурын экспортын хэмжээ 3 орчим хувиар буурч  308.8 тонн болсон бол экспортын орлого 15 орчим хувиар буурч, 20.4 сая доллар болсон байна.

Зураг