Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өсөлтийн өмнөх МОНГОЛ

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 9 сарын 12
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын эдийн засаг энэ онд өсөлттэй гарах эсэх нь уул уурхайн олборлох үйлдвэрлэлээс шалтгаалахаар байна. Хэдий хөдөө аж ахуйн салбарт ган, зуд тохиолдоогүй ч зэс, нүүрс, алтны оролцоо жин дарсаар.

Ойрын 30-40 жилдээ эдийн засгийн хөдөлгүүр нь уул уурхайн салбар хэвээр байх болно гэдгийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, “Discover Mongolia-2016” чуулганы зохион байгуулах хорооны дарга П.Очирбат хэллээ.

Монголыг хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой чуулга уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Пүрэв гарагт эхэлсэн чуулганд дотоодын уул уурхайн салбарынхан түлхүү иржээ. Чуулганд оролцсон найман хүн тутмын долоо нь монголчууд.

Тэгэхээр хөрөнгө оруулагчид хэрхэн ховордсоныг энэ байдал илтгэх буюу. Тэд эрдэс, түүхий эдийн үнийн өсөлт хэзээ мөдгүй тохионо гэдэгт илтгэлтэй байна. Харин өсөлтийн үр шимийг хүртэхэд бэлтгэл тааруу байгаагаа дор бүрнээ өгүүлж байсан юм.

Энэ удаагийн чуулган өмнөх жилүүдийн адил хатуу дэд бүтцийн асуудлыг дахин хөндсөн юм. Мөн үйлдвэрлэлийн өртөг, зардлаа бууруулахаас ашиг, орлого нэмэгдэх эсэх нь цаашид үлэмж хамаарна гэдэгт санал нэгтэй байлаа.

Чуулганд оролцсон найман хүн тутмын долоо нь монголчууд. 

Уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлсэн дэлхийн 109 орноос хөрөнгө оруулалтыг татах чадвараараа манай улс 85 дугаар байрт эрэмбэлэгджээ. Бидний хувьд нүүрс, зэсийн баяжмалаа тээвэрлэх төмөр замгүй байгаа нь сул тал болж, боломжоо алдахад хүргэсээр байгааг чуулганд оролцсон гурван хүн тутмын хоёр нь хэлж байна.

Энэ удаагийн 14 дэх чуулга уулзалтад оролцсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар” хэмээн тодотгосон юм. Бизнес эрхлэх хамгийн таатай орчныг “хайдаг” хөрөнгө оруулагчдын урсгалыг Монгол Улс өөртөө чиглүүлэхийн тулд авч хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын зорилтуудыг тэрбээр товчхон танилцуулсан.

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд нэн тэргүүнд тусгай зөвшөөрөл олгож буй өнөөгийн зохицуулалтыг илүү нээлттэй болгохоор төлөвлөж байгаа аж. Ц.Дашдорж сайд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгаас өргөдөл тус бүрээр авдаг журмыг өөрчилж, хайгуулын зөвшөөрөл олгох талбайн талаар нэгдсэн саналд хүрсэн хойно тусгай зөвшөөрөл олгодог болно” гэв.

Үүнийг салбарынхан талархалтай хүлээн авч байсан юм. Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт зогссонтой холбоотойгоор томоохон орд нээгдээгүй байгааг “Кью Эм Си” компанийн ерөнхий захирал М.Дагва хэлж байлаа.

Уул уурхайн салбарт баримталж буй хуулиудын хооронд үүсч буй зөрчилтэй зохицуулалтуудыг өөрчилж, тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна гэдгээ салбарын сайд чуулганы индрээс мэдэгдсэн юм.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний итгэлийг нэмэгдүүлэхээр шинэ Засгийн газар зорьж байгааг чуулганд оролцсон Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа онцоллоо.

Уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлсэн дэлхийн 109 орноос хөрөнгө оруулалтыг татах чадвараараа манай улс 85 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Ашигт малтмалын олборлолт-той холбоотойгоор байгаль орчны асуудал байнга хөндөгдөж байдаг. Тэгвэл олон улсын сайн туршлагад үндэслэн Уурхайн хаалтын тухай хуулийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран боловсруулж батлуулахаар төлөвлөж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд дурдсан юм.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 16.7, экспортын нийт бүтээгдэхүүний 87 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. “Discover Mongolia-2016” чуулганд “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Азийн эдийн засгийн өсөлт, гангийн хэрэглээ-Монголын коксжих нүүрс болон төмрийн хүдрийн экспортын боломж” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл сонордуулсан юм.

Түүний илтгэлд дурдсанаар, дэлхийн гангийн үйлдвэрлэл ирэх онд 0.6 хувиар буурах хүлээлттэй байна. Энэхүү бууралтын гол шалтгаан нь БНХАУ-ын дотоодын гангийн үйлдвэрлэл саарч байгаатай холбоотой аж.

БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл удааширч байгаа нь дэлхийн нийт үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг Г.Батцэнгэл захирал хэлж байна. Гэхдээ Ази, тэр тусмаа өмнөд хөршид гангийн үйлдвэрлэл буурахаар байгаа бол бусад газар гангийн үйлдвэрлэл тогтвортой,өсөлттэй хэвээр байна. Урд хөршийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор гангийн үйлдвэрлэл нь саарч байгаа аж.

Тус зах зээлд тэргүүлэгч Япон, БНСУ-ын гангийн үйлдвэрлэлээс өндөр өсөлт хүлээх шаардлагагүй. Харин Азид өсөлт гарах боломж нь Энэтхэг хэмээн зарим шинжээч онцолсон байна. Энэ тохиолдолд Энэтхэгийн гангийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэнэ гэсэн үг.

Ингэснээр төмрийн хүдэр болон коксжих нүүрсний үнэ өсөх найдвар байгаа юм. Энэ хоёр ашигт малтмал нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн. Дотоодын компаниудын хувьд нэгдсэн бодлогоор түүхий эдээ экспортлох шаардлагатай байгааг оролцогчид хэлж байсан юм.

Коксжих нүүрсний зах зээл дэх олон улсын өрсөлдөөн ширүүсэж байна. Энэ оны хоёрдугаар улиралд коксжих нүүрсний үнэ огцом сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор зах зээл идэвхжиж байгааг дуулгая. Чуулга уулзалтад “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Г.Батсүх оролцож, “Оюутолгой: Ирээдүйн хөгжлийг чиглүүлэх нь” сэдэвтэй илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тус компани өнгөрсөн хугацаанд дотоодын худалдан авалтад нийт 5.5 сая ам.доллар зарцуулсан байна. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж байгаатай холбоотойгоор ирэх 4-5 жилийн хугацаанд нийт нэг сая тонн цементийн хэрэглээ үүсэхээр байгааг Г.Батсүх дарга тэмдэглэлээ.

ӨСӨЛТӨД БИД БЭЛЭН ҮҮ

Өсөлтийн цаг ойртож байна. Хямрал хаяанд тулж, хүндрэл дэргэд ирсэн. Тоон утгууд уруудаж, эдийн засаг удааширч буй. Гэвч ёроолдож буй эдийн засгийн сэргэлтийн цаг ойртож байгааг шинжээчид хэлэв.

Экспортын орлого бүрдүүлэгч түүхий эдийн үнэ ирэх оны эцсээс сэргэх төлөвтэй. Энэ үетэй Монголын эдийн засгийн сэргэлтийн цэг ч огтлолцож байна. Олон улсын банк, санхүүгийн байгууллагын тооцоогоор манай улсын ДНБ-ий өсөлт 2017 оны сүүлчээс эрчимжих таамаг бий.

Манай эдийн засгийн дунд болон урт хугацааны төлөв ч эерэг байгаа. Хэдийгээр эдийн засаг яг хэзээнээс, хэдэн хувиар тэлэх нь таамаг төдий байгаа ч өсөх магадлал өндөр. Иймд Монгол Улс өсөлтийн өмнө зогсож байна.

Тэр ч утгаар зуурдын сорилтыг байнгын мэт ойлгох нь өрөөсгөл гэдгийг уул уурхайн салбарынхан сануулж байна. Гэхдээ нүүр тулаад буй сорилтыг туулахаас өөр гарцгүй. Бас өсөлтийг хойш татах сорилтуудыг ч мартаж болохгүй. Эдгээр сорилтын эхэнд тогтворгүй байдал эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, төрийн бодлогын савлагаа уул уурхай уруудах үндсэн шалтгаан болжээ.

Засгийн газраас алтны татварыг өсгөх санал гаргаж, энэ оны Төсвийн тодотголд тусгасныг уншигч та санаж буй биз. Хоёр хүрэхгүй жилийн өмнө валютын нөөцийг өсгөхийн тулд алтны татварыг 50 хувиар хөнгөлж байв.

Экспортын орлого бүрдүүлэгч түүхий эдийн үнэ ирэх оны эцсээс сэргэх төлөвтэй. Энэ үетэй Монголын эдийн засгийн сэргэлтийн цэг ч огтлолцож байна.

Гэтэл энэ бодлогынх нь үр дүн гарч амжаагүй, Төв банкинд тушаах алтны хэмжээ дөнгөж тэлж байтал алхмаасаа ухрах санаачилга гаргалаа. Энэ нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, итгэл алдрахад хүргэж буйг шинжээчид шүүмжилж байна. Тогтворгүй бодлогын бодит жишээ энэ.

Иймд ханшийн савлагаатай зэрэгцэн төрийн бодлого хэлбэлзэж буй нь уул уурхайн салбарт давхар дарамт болж буй аж.
Өсөлтийн давалгаа эргэн ирэхийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Тэгвэл үүнд бид бэлэн үү? Түүхий эдийн үнэ өснө.

Энэ өсөлтийг өгөөж болгон хувиргахын тулд өрсөлдөх чадвараа сайжруулах нь чухал болохыг CRU группийн Хятад дахь салбарын захирал Жон Жонсон өгүүлэв. Ер нь эрдэс баялгийн салбарын өсөлт саарч, цөөнгүй уурхай үүдээ барьсан энэ хэдэн жилд бид өсөлтөд бэлдэж, өрсөлдөх чадвараа сайжруулж чадсан уу?

Эргэн санавал, нэгж бүтээгдэхүүний өртгийг бууруулах тодорхой бөгөөд дорвитой ахиц ховор байгааг “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу хэлсэн.

Иймд өсөлтөд бэлдэх цаг хаяанд иржээ. Тэр тусмаа үйлдвэрлэгчид өртгөөр тэмцэх болсон энэ үед өрсөлдөх чадвараа ахиулах нь чухал байна.

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн зардлаа танахын тулд уул уурхайн компаниуд инновацитай дотно нөхөрлөжээ. Өндөр технологид гар татаагүй. Үүний үр дүнд төмрийн хүдрийн гол тоглогчид өртгөө 2-3 дахин бууруулсан. Зэсийн томоохон олборлогчид зардлаа 40-60 хувиар танажээ.

Гэтэл бид өнөөг хүртэл дэд бүтэц, төмөр замын асуудлаа бүрэн шийдээгүй л байна. Уул уурхайн уралдаанд бид хэр хоцорч буйг эндээс харж болно. Өрсөлдөөн улам ширүүсч, биднийг хол орхиж байна. Өртгөө бууруулахын тулд судалгаа хийх учиртай. Үүнийг заавал хувийн хэвшил бус, төрийн байгууллагууд ч хийдэг жишиг олон улсад бийг "Кью Эм Си" компанийн ерөнхий захирал М.Давга хэлсэн юм.

Үнийн өсөлт айсуй. Харин өсөлтийг өгөөж болгохын тулд өртөг хумих, өрсөлдөх чадвараа ахиулах шаардлага байгааг 14 дэх удаагийн “Discover Mongolia” чуулганд оролцогчид хэлж байлаа. Үүний тулд төрийн бодлого тогтвортой байх, инновацийг нэвтрүүлэх, тээвэр ложистикийн асуудлаа шийдэх нь чухал байгаа ажээ.

2050 он хүртэл Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч нь уул уурхай хэвээр байна. Монголын эдийн засаг ч энэ салбарыг дагана. Тэгвэл уул уурхайн их өсөлтөд бид бэлэн үү? 


Онцлох эшлэл

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: -Энэ зууны эхний 50 жилд Монголын эдийн засаг уул уурхайг түшиглэнэ. Үүнийг орлох өөр салбарыг бид хөгжүүлж чадахгүй. Иймд уул уурхайгаас олсон орлогоороо бусад салбарыг хөгжүүлэхээс гарцгүй.
"Кью Эм Си" компанийн ерөнхий захирал М.Давга: -Уул уурхайн салбар дахь төрийн бодлого тогтворгүй байна. Манай төр засаг уул уурхайн түүхий эдийн үнэ өсөхөөр уул уурхайн компаниудад хэт хатуурхдаг. Үнэ унахаар хувийн хэвшлээ царайчилдаг.
СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:  -Улс төр, аль нэг намын нөлөөллийг тооцолгүйгээр бизнес эрхлэх боломж Монголд алга байна. Хийх ажлын төлөө эрх зүйн орчноо сайжруулах ёстой байтал хийж чадаагүй ажлынхаа төлөө хууль баталдаг болсон байна.
“Монгол нүүрс” ассоциацийн тэргүүн Т.Наран: -Сүүлийн хэдэн жил нүүрсний үнийн өсөлтийн талаар ярьцгаасан. Нүүрсний үнэ өсөх цагт дотоодын эдийн засаг сайжрах, улмаар ам.долларын ханш тогтворжих нь гэсэн хүлээлт давамгайлж байсан.
"Энержи Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: -Дотоодын компаниудын хувьд өөр хоорондоо өрсөлдөх нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа. Тиймээс бодлогоо нэгтгэж, "Нэг цонх"-оор түүхий эдээ гаргах хэрэгтэй байна.
Зураг