Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын НОГООН САНТАЙ хамтран ажиллана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр соёрхон баталлаа. 2015 оны аравдугаар сард Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 21-р бага хурлаар Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хүчтэй нөлөөлж байгаа учраас дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад Монгол Улс нэгдэн орох шаардлагатай гэж үзэж, өнгөрсөн хавар БОНХАЖ-ын сайд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Улмаар БОАЖЯ хэлэлцээрийг соёрхон батлуулахаар идэвхтэй ажиллаж, УИХ-аар батлууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд бий болж, хэрэгжиж эхэлсэн.  

НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд жил бүр 100 тэрбум ам.доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулж эхлээд байна.

Энэ хүрээнд Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, дасан зохицох хэд хэдэн төслийн санал бэлтгэж Уур амьсгалын ногоон санд хүргүүлсэн ба ойрын үед үндэсний хэрэгжүүлэгч нэгж, санг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр НҮБ-ын уур амьсгалын ногоон сантай цаашид идэвхтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.

Мөн Японы хамтарсан кредит олгох механизм, Өмнөд-өмнөд хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдаж байгаа Хятадын уур амьсгалын ногоон сантай идэвхтэй хамтран ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ