Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Өрөөсгөл хүр эрвээхий олон тоогоор нисээд байвал устгал хийж болно"

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд тоо толгой нь эрс нэмэгдэж буй цагаан эрвээхийний талаар Биологийн хүрээлэнгийн Шавьж судлалын лабораторийн эрхлэгч Ж.Гантигмаагаас тодрууллаа.

- Ойрын өдрүүдэд олшроод байгаа цагаан эрвээхийний талаар мэдээлэл өгөөч?

- Сүүлийн үед хүмүүс надаас энэ талаар их асууж байна. Жилийн энэ үед өрөөсгөл хүр нэртэй эрвээхий  бие гүйцэж, нисэж эхэлдэг. 10-аад хоногийн өмнөөс эхнийх нь бие гүйцсэн эрвээхийнүүд нисэж эхэлсэн байх. Тухайн жилийн хуурайшилт, температур бие гүйцэж гарч ирэх хугацаанд нь нөлөөлдөг.

Бие гүйцсэн өрөөсгөл хүр эрвээхий 14 орчим хоног нисээд үр төлөө үлдээх таатай газрыг олж өндөглөөд үхдэг. Эрвээхийнүүд бүгд нэг өдөр бие гүйцээд гараад ирдэггүй учраас элбэгших үйл явц нь сар орчим үргэлжлэх байх. 

Ихэнх тохиолдолд уулын энгэрт дулаан нарлаг газар хаданд өндөглөдөг. Зарим жил элбэгшсэн үедээ байшингийн хана, гэрийн туурганд өндөглөх нь байдаг.  

- Өрөөсгөл хүр эрвээхий ямар нэгэн халдвар тараадаг уу, элбэгшсэн үед нь устгал хийдэг үү?

- Ямар нэгэн халдвар тараахгүй. Хүнийг хазна хатгана гэсэн ойлголт байхгүй. 

Бие гүйцсэн эрвээхий юм иддэггүй хэд хоног нисээд үр төлөө үлдээгээд л үхчихдэг учраас бие гүйцсэн хойно нь устгах боломжгүй. Энэ чиглэлээр мэргэшиж судалгаа хийсэн эрдэмтэд эрвээхийний олшрох хугацааг тооцоолсон байдаг. Тэр тооцооллын дагуу өндөг, авгалдай байхад нь химийн хороор устгаж болно.

Гэрийн туурга, байшингийн хананы завсар өндөгөө шахчихсан бол түүнийг нь бие гүйцэхээс нь өмнө устгахгүй бол ирэх жил бие гүйцээд гараад ирнэ.

- Энэ эрвээхийний нүүдэл харшил үүсгэдэг гэсэн мэдээлэл байсан. Энэ тухайд?

- Өрөөсгөл хүр эрвээхийний хэвлий хэсэг нь үслэг байдаг. Өндөглөснийх нь дараа тэр үслэг хэсэг нь өндөгийг нь хучиж, нар, салхи, бороо уснаас хамгаалах хамгаалалт болж үлддэг. Өндөгөө шахахаас нь өмнө албал үслэг хэсэг нь салхинд хийсч, харшил үүсгэдэг гэсэн яриа байдаг. Гэхдээ манайд энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй. Харшил үүсгэдэг эсэх нь тодорхойгүй байна. 

Эрвээхий үнэхээр олон тоогоор нисээд байвал алаад шатааж эсвэл булж устгал хийж болох юм.