Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Сонгуулийн сурталчилгаа эхэлснээр “магтаал” давамгайлсан мэдээлэл нэмэгджээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хэвлэлийн хүрээлэнгээс өнөөдөр 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуультай холбоотойгоор сонин, мэдээллийн вэб сайтын мэдээлэлд хийсэн мониторингийн урьдчилсан дүнг танилцууллаа.

Энэхүү мониторингийг Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Канадын гадаад хэргийн яамны санхүүжилтээр хийжээ.

Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.МөнхмандахСонгууль бол хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн мэргэжлийн чансааг сорьдог хамгийн том шалгуур байдаг. Яагаад гэхээр иргэд, олон нийт сонголтоо ямар мэдээлэлд хийхээс үндэслэн сонгууль хэр шударга болох нь хамаарч байдаг.

Сонгуультай холбоотой мэдээллийн дийлэнх нь мэдээллийн хэрэгслээр, сэтгүүлчдийн оролцоотойгоор хийгддэг” гэдгийг онцолсон юм.

Судалгааг сонгуулийн сурталчилгааны өмнөх болон эхэн үе буюу тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 13-ны өдрүүдэд хийжээ.

Судалгаанд долоо хоног тутмын нэг сонин /Сэрүүлэг/, өдөр тутмын таван сонин /Зууны мэдээ, Өглөөний сонин, Өнөөдөр, Монголын мэдээ, Өдрийн сонин/, мэдээллийн таван сайт /iKon.mn, gogo.mn, news.mn, 24tsag.mn, medee.mn/ зэрэг оржээ.

Судалгааны үр дүнгээс харахад сонгуулийн талаарх мэдээлэл албан ёсны сурталчилгааны ажил эхлэхэд нэмэгдэж эхэлжээ. Тухайлбал нэг сонин өдөрт сонгуультай холбоотой дунджаар дөрвөн мэдээлэл оруулдаг байсан бол сурталчилгааны хоног эхлэхэд дунджаар зургаан мэдээлэл нийтэлжээ.

Харин  сайтуудын хувьд энэ тоо 7-10 болсон байна.

Сонгуулийн сурталчилгаа эхлэсэн хоёр хоногт сонгуулийн шууд сурталчилгааны мэдээлэл

  • Сонин нийт мэдээллийн 8 хувийг,
  • Мэдээллийн сайтын нийт мэдээллийн 25 хувийг эзэлж эхэлжээ.

Харин сонины мэдээллийн 6 хувь, сайтын мэдээллийн 7 хувь нь иргэдийг сонголтоо хийхэд нь туслах зорилготой асуудал дэвшүүлсэн, мэдээлсэн өгүүллүүд байжээ.

Сонгуулийн сурталчилгааны эхний хоёр хоногт сонинуудын дөрвөн бүтээлийн нэгд, сайтуудын арван бүтээлийн нэг эмэгтэй нэр дэвшигчдийн нэр дурдагдсан байна.

Мөн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө мэдээллийн хэрэгслүүд “төвийг сахисан” хандлагатай мэдээлэл түгээж байсан бол сонгуулийн сурталчилгаа эхэлснээр эерэг өнгө аястай “магтаал” давамгайлсан мэдээ цацагдах болжээ.

Сонины хувьд гурван бүтээл тутмын нэг нь зохиогчийн нэргүй байсан бол мэдээллийн сайтуудын мэдээллийн 65 хувь нь эх сурвалжгүй, үлдсэн хувь нь дан ганц сонирхлын бүлгийн эх сурвалжид суурилсан мэдээллийг түгээжээ хэмээн судлаач Д.Пунсанцогвоо илтгэлдээ дурдлаа.