Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд хяналт тавих журам батлагдлаа

www.ulaanbaatar.mn
2016 оны 6 сарын 23
ulaanbaatar.mn
Зураг зураг

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар  гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлс нь ихэвчлэн ломбард, ченж, зах, худалдааны төв зэрэг газруудаар дамжиж, зарагддаг болох нь тогтоогдсон байна. Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван субъект байгаагаас арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг хянах эрх бүхий байгууллага тодорхойгүй зөвхөн Монгол улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйл, “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS5274-2003 стандарт” зэрэг хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагдаж иржээ.

Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг баталлаа.

Журмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор барьцааны мэдээллийн цахим бүртгэлийг бий болгох, бүртгэх, бүртгэгдсэн мэдээлэлд нэвтрэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Журам батлагдсанаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажиллах, дохиоллын системтэй болсноор аюулгүй байдал хангагдана. Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь нэгдсэн сан бүхий эд зүйлийн бүртгэл судалгаа хийснээр, гэмт хэрэг зөрчил, осол, гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсч болох эрсдэлийн хохирлыг бодитой тогтоох, өөрсдийн болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хангах боломжтой болох төдийгүй гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлс нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид барьцаанд тавигдсан эсэхэд хяналт тавьж, гэмт этгээдийг олж тогтоох боломжтой болно гэж үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Журмын зорилго

1.1.Энэхүү журмын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор барьцааны мэдээллийн цахим бүртгэлийг бий болгох, бүртгэх, бүртгэгдсэн мэдээлэлд нэвтрэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

Хоёр. Цахим мэдээллийн санг үүсгэх, удирдах

2.1.Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн барьцааны цахим бүртгэлийн нэгдсэн санг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн мэдээлэл технологийн асуудал хариуцсан агентлаг үүсгэн бий болгож, үйл ажиллагааг удирдан хөтөлнө.  

2.2. Барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгэхэд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:  

2.2.1. анхны бүртгэл, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хугацаа сунгах тухай, цуцлах тухай бүртгэл тус бүрт цахим мэдээллийн сангаас дахин давтагдахгүй дугаар олгоно. Дугаар бүр “0”-ээр эхэлсэн тооноос бүрдэнэ. 

2.2.2. барьцааны анхны бүртгэл бүрт бүртгэлийн дугаарын бүрдэл хэсэг болж түүний төгсгөлд бичигдэх нэмэлт 2 оронтой тоог бүртгэлийн системээс өгч байна. Үл давхцах тоо болох нэмэлт орон тус бүрийг математикийн тооцооллын дагуу гаргаж ирэх бөгөөд энэ нь анхны мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, анхны мэдэгдлийн хугацаа сунгах, анхны мэдэгдлийг цуцлах мэдэгдэлд оруулахад шууд баталгаажуулах дугаар болж ашиглагдана. 

2.2.3.бүртгэлийн систем нь барьцааны анхны бүртгэлийн дугаартай, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацаа сунгасан, цуцалсан бүх мэдэгдлийг холбосон байна. Анхны болон түүнтэй холбоотой бүх бүртгэлийг өдөр, цаг, минутыг цахим мэдээллийн сан харуулах боломжтой байна.

2.3. Бүртгэлийн програм дараах тохиолдолд барьцааны мэдээллийг хүлээн авах боломжгүй байгаа талаар мэдэгдэнэ: 

2.3.1.заавал бөглөх цонхыг бөглөөгүй орхих, эсхүл дутуу бөглөх; 

2.3.2.зарим нэг тусгай төрлийн мэдээлэл оруулдаг цонх, хэсгүүдэд буруу мэдээлэл оруулах; (Жишээ нь зөвхөн тоо оруулах ёстой цонхонд үсэгтэй бичилт хийх г.м)

2.3.3. хэрэглэгчийн системд нэвтрэх эрх идэвхжээгүй байх.

Гурав.Цахим мэдээллийн санг ажиллуулах 

3.1.Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж нь цахим мэдээллийн санг ажиллуулахад дараах байдлаар оролцоно: 

3.1.1. барьцаанд тавьсан эд зүйл, зээлдэгчийн талаарх мэдээллийг цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэх интернэтэд холбогдсон, эд зүйлийг баримтжуулах тоног төхөөрөмжтэй  байна.

3.1.2. барьцаанд эд зүйл тавьсан этгээдийн талаар 1 дүгээр маягтын дагуу бүртгэл хийж, цахим мэдээллийн нэгдсэн санд  оруулна.

3.1.3. барьцаанд тавьсан эд зүйлийн онцлох шинж тэмдгийг фото зургаар баталгаажуулж, цахим санд 2 дугаар маягтын  дагуу бүртгэж, хувийн бүртгэл, тэмдэглэл хөтөлсөн байна. 

3.1.4. барьцаанд тавьсан эд зүйлийн хугацаа хэтэрсэн, зарж борлуулсан, эзэмшигчид буцаан олгосон, мөн хугацаа сунгасан талаарх мэдээллийг ажлын 3 өдрийн дотор цахим мэдээллийн санд монгол хэлээр, кирилл үсгээр оруулна.

3.2. Улаанбаатар хотын Цагдаагийн газар нь энэ журмын 2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:  

3.2.1. цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, түүний тасралтгүй үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах асуудлыг нийслэлийн мэдээлэл, технологийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага, Үндэсний Дата төв УТҮГ-тай хамтран хэрэгжүүлнэ. 

3.2.2. барьцаалан зээлдүүлэх газарт тавьж байгаа эд зүйлийн талаар тухайн байгууллага, аж ахуйн нэгж цахим санд бүрэн оруулж байгаад хяналт тавьж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллана.  

3.3. Цагдаагийн байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчийн үндсэн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан тохиолдолд мэдээлэл, тайлбар авах эрхтэй.  

Дөрөв. Бүртгэлийн санг ашиглах 

4.2. Цахим мэдээллийн сангаас барьцаанд тавьсан эд зүйлийн мэдээллийг Цагдаагийн байгууллага тухайн дүүргийн прокурорын зөвшөөрлөөр авч, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглана.

Тав. Хариуцлага

5.1. Энэ журмын 3.1-д заасан этгээд сэжиг бүхий эд зүйл, зээлийн талаарх мэдээллийг харьяалах дүүргийн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.   

5.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.