Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Отгонтулга: Технологийн хүч хоёр сая гаруй иргэнийг татварын байцаагч болгож байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 26-нд болох "Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болон цаг үеийн зарим асуудлаар  Гааль татварын мэдээлллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын газрын дарга Р.Отгонтулгатай ярилцлаа.

- "Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгийн зорилгоос яриагаа эхлэх үү?

- НӨАТ-ын урамшууллын тогтолцоо Монгол Улсад нэвтрээд таван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Таван сарын хугацаанд  мэдээллийн буруу зөрүү байдлаас үүдэлтэй үл ойлголцол хэд хэдэн удаа үүссэн. Эдгээр үл ойлголцлыг шийдвэрлэх, цаашид урамшууллын систем хэрхэн үргэлжлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд "Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулах гэж байна. 

Эдийн засаг, татварын тогтолцоонд иргэдийг анх удаа оролцуулсан энэ том өөрчлөлтийн цаана нэг л зүйл оршиж байгаа. Мэдээллийн технологийг ашиглаад 40-хөн хүнтэй баг ажиллаж, 709,000 иргэнээр дамжуулан тэр тооны өрхийн зарлагаа бүртгүүлж, татварын буцаалтад хамрагдах боломжоор хангагдаж байгаа юм.

Энэ системийнхээ үр өгөөжийг цаашид улам нэмэгдүүлэх, иргэд дунд байгаа үл ойлголцлыг шийдвэрлэхэд  "Эрүүл эдийн засаг дах татварын тогтолцоо" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа.

 

-Танай үйлдвэрийн газар НӨАТУС төслийн нэгж нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Үйлдвэрийн газар болсны учир юу вэ?

- Хэлэлцүүлэгийн үеэр НӨАТ-ын урамшууллын системийн төслийн хаалтын үйл ажиллагаа болж, Гааль татварын мэдээлллийн технологийн төв гэсэн Улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж байгаа юм. ГТМТТ УТҮГ нь Гааль, татварын байгууллагын мэдээллийг нэгтгэн улсын төсвийн орлого бүрдүүлэх  процессийг сайжруулах ажлыг гардан хийнэ.

Технологийн хүч хоёр сая гаруй иргэнийг татварын байцаагч болгочихож байгаа юм.

Өнөөдөр Монгол Улс 3,000 татварын байцаагчтай. Тэр олон байцаагчийн ажлыг 40 хүнтэй төслийн нэгж хийлээ. Үнэхээр үр дүнтэй ажилласан. Технологийг оновчтойгоор ашигласнаар энэ боломж бүрдсэн. Технологийн хүч хоёр сая орчим иргэнийг татварын байцаагч болгочихож байгаа юм.

-Хэлэлцүүлэгт хэчнээн хүн оролцох вэ, хөтөлбөрийг харж байхад  салбарын томоохон экспертүүд оролцохоор харагдаж байсан?

- Тийм ээ. Бидний зүгээс аль болох олон талын байр суурийг тусгах үүднээс хэлэлцүүлэгт оролцогчдыг тодорхойлсон. Нийтдээ 250 гаруй иргэн оролцохоо мэдэгдээд байна.  

НӨАТ-ын урамшууллын системийн талаар ойлгомжгүй байдлаа арилгаж, нэг мөр шийдвэрлэхээр хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа учраас цаашид системийг хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой шийдэл танд байгаа бол хэлэлцүүлэгт урьж байна.

-Саяхан 400 сая төгрөгийн азтан “тодорсон,  тодроогүй” гэх олон янзын мэдээлэл тархлаа?

- 400 сая төгрөгийн хонжворын талаар тун харамсалтай юм боллоо.  Иргэн Ц хуурамчаар 400 саяын баримт үйлдсэн хэрэг гарлаа. Бидний зүгээс эхний ээлжинд азтан биш гэдгийг нь тогтоосон байгаа.

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 400 сая төгрөг хожсон иргэнийг байцааж, шалгаж байгаа мэтээр мэдээлээд байна. Төрийн сангаас олгогдож байгаа мөнгийг хуурамч, эвлүүлсэн баримтаар авах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор урамшууллын систем иргэдийг хэрэгтэн болгож байна гэх буруу мессэж тархчихлаа. Бидний зүгээс хонжворыг нь өгөхгүй гээд байгаа юм байхгүй. Систем хэвлэсэн баримтаа танина. Тиймээс хуурамчаар үйлдэх боломжгүй.

-Ер нь иргэд баримтаа бүртгүүлж, сугалаанд хожин,  хонжвороо авах тал дээр хэр идэвхтэй байгаа вэ?

- Харьцангуй идэвхтэй бүртгүүлж л байна. Бидний зүгээс аль болох олон аргаар баримтаа бүртгүүлэх боломжийг нээсээр байгаа. 
Нийт сугалаанд хожсон иргэдийн 27 хувь нь л хонжвороо авч байна. Үлдсэн 70 гаруй хувь нь улсын төсөв рүү буцаж байгаа. 

-НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлээд таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар нааштай үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа вэ?

-Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 он гарснаас хойш НӨАТ-ын орлого 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна. Энэ бол том амжилт.

 2016 он гарснаас хойш НӨАТ-ын орлого 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна.

Мөн нэг сайхан мэдээ байна. Казахстан улс Монгол Улсын НӨАТ-ын урамшууллын системд нэвтэрсэн туршлагыг судалж байгаа юм билээ. Тэдний зүгээс энэ системийг өөрийн улсдаа нутагшуулах анхны алхмаа хийгээд байна. 

Зөвхөн сайн систем байсны үр дүнд өдий зэргийн үр дүнд хүрч, гадныхан манайхаас туршлага судалж байгаа юм биш. Иргэдийн оролцоо, идэвх  өндөр байсан учраас бидний анх зорьж байсан цэг ойртож байна. 

-Орлогоосоо давсан зарлага бүртгүүлбэл хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдөлд оруулаад байна. Энэ талаар та баталгаатай мэдээлэл өгөөч?

-Хэрвээ орлогоосоо давсан зарлагыг НӨАТ-ын урамшууллын системд бүртгүүлсэн гэсэн шалтгаанаар хэн нэгэн хуулийн хариуцлага хүлээх юм бол төслийг хариуцаж байсан баг давхар хариуцлага хүлээх болно. Үүнд бэлэн байна.  

Ер нь бол орлогоосоо давсан зарлагатай гэсэн шалтгаанаар иргэн хуулийн хариуцлага хүлээвэл системийг үндсэнд нь унтраана. 

НӨАТ-ын урамшууллын системд иргэдийн орлого зарлагыг хянах ямар ч зорилго байхгүй. Ямар нэгэн хууль хүчний байгууллагад иргэдийн мэдээллийг өгөхгүй байх дотоод журам манайд үйлчилдэг.  Хууль санаачлагчид энэ асуудал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй л дээ. Хуулинд  энэ талаар заагаад баталгаажуулаад өгөх шаардлага бий.

- Ярилцсанд баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.