Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын телевизийн мониторингийн харьцуулсан судалгаа

Б.Дөлгөөн
2015 оны 12 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг бий болгох зорилгоор “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг анх 2011 онд, тус хорооны 2015 оны 15 тоот тогтоолоор “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” нэртэйгээр шинэчлэн тус тус баталж гаргасан бөгөөд энэхүү нөхцөл шаардлагын хүрээнд өргөн нэвтрүүлэгт тодорхой шаардлагуудыг тавьж, тэдгээрийн хэрэгжилтийн байдалд байнгын хяналт мониторингийг хийж ирсэн.

Зохицуулах байгууллага нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд гарсан тогтоол шийдвэр, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах эрхтэй ба харилцаа холбооны салбарын зохицуулалтын биелэлтийг хангуулах зорилгоор хяналт, мониторингийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах нь олон улсын туршлага билээ.

Дээрхи хэрэгцээ шаардлагыг үндэслэн “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын биелэлтэд хяналт тавих, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор өргөн нэвтрүүлгийн 16 телевизийн

  • Хөтөлбөрийн бүтэц,
  • Үндэсний бүтээлийн хувь хэмжээ,
  • Соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн хувь хэмжээ,
  • Зар сурталчилгааны хэтэрсэн хугацаа зэрэг үзүүлэлтээр байнгын мониторинг хийж байгаа ба 2015 оны 10-р сарын мониторингийн мэдээг 2013 оны 10-р сарын мэдээтэй харьцуулан судлаж холбогдох дүгнэлтийг гаргалаа.

 

1. Үндэсний бүтээл үйлдвэрлэл

Хөтөлбөрийн бүтцийг гадаад болон дотоод контент гэсэн үзүүлэлтээр хувааж, телевизийн хөтөлбөрийн 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цагийн 50 хувиас доошгүй нь дотоод буюу үндэсний бүтээл байх тухай шаардлагыг хангаж байгаа эсэхэд мониторинг хийж үзэхэд 2015 оны 10-р сарын байдлаар дийлэнх телевизийн үйлчилгээ эрхлэгчид шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан хэдий ч Боловсрол телевиз 40,8% хувьтай гарсан нь шаардлага хангахгүй байна.

Үзүүлэлтийг 2013 оны мөн үетэй харьцуулан харахад дотоод бүтээлийн хувь хэмжээ дунджаар 7,5 хувиар буурсан байдалтай байна.

2. Зар сурталчилгааны хэтрэлт

Телевизийн зар сурталчилгааг зохистой хэмжээнд барих зорилгоор 1 цагт дамжуулах зар сурталчилгааг 15 минутаас хэтрэхгүй байхаар нөхцөл шаардлагад тусгаж өгсөний дагуу мониторинг хийж үзэхэд 2015 оны 10-р сарын байдлаар SBN, V TV, Лайв телевиз, Стар телевизийн хувьд зар сурталчилгааны хэтрэлт байхгүй байгаа бол NTV, UBS, Боловсрол телевизүүдийн хувьд зар сурталчилгааны хэтрэлт харьцангуй өндөр гарсан байна.

Түүнчлэн 2013 оны мөн үетэй харьцуулан харахад зар сурталчилгааны хэтрэлт дунджаар 85 хувиар өссөн байдалтай байна.

 

3. Соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлэг

Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын (СГТМХБ) нэвтрүүлгийн 1 сарын хөтөлбөрт эзлэх нийт хувь хэмжээг 1 сарын хөтөлбөрийн нийт цагийн 15 %-иас багагүй байхаар тодорхойлж баталсан бөгөөд ТВ8 телевиз (18.9%), Боловсрол телевиз (23.8%), Лайв телевиз (21.4%), Монгол ТВ телевиз (40.3%), V TV телевиз (23.5%)-ийн хувьд тус тус шаардлага хангаж ажилласан байна.

Эх орон телевиз (11.2%), Стар телевиз (12.5%), SBN телевиз (13.2%)-ийн хувьд соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн хувь хэмжээг өсгөх тал дээр анхаарч ажиллаж байгаа нь харагдаж байна.

Соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлгийн хувь хэмжээг телевиз бүрээр авч үзэхэд 2013 оны мөн үеээс тодорхой хэмжээгээр өссөн мэт харагдаж байгаа хэдий ч зарим телевизийн хувьд буурсан байдлаас шалтгаалан дундаж өсөлт ажиглагдахгүй (0,9 хувь) байна гэж дүгнэж байна.

4. Хөтөлбөр, цагийн хуваарийн мониторинг

Телевиз нь нэвтрүүлгээ урьдчилан гаргасан хөтөлбөр, цагийн хуваарийг баримтлан нэвтрүүлж байгаа эсэхэд мониторинг хийхэд 2015 оны 10-р сарын байдлаар хөтөлбөрт тусгаагүй нэвтрүүлэг цацсан зөрчлийн тоо 2013 мөн үеийн мэдээтэй харьцуулхад харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

Харин хөтөлбөрийн цагийн хуваариас зөрсөн зөрчил телевизүүдийн хувьд давтагдсаар байгаа ба энэ нь 2013 оны мөн үетэй харьцуулахад огт буураагүй, зарим телевизүүдийн хувьд өсөх хандлагатай байна.

Хөтөлбөрт тусгаагүй нэвтрүүлэг цацсан зөрчлийн тоо

 

Хөтөлбөр цагийн хуваариас зөрсөн зөрчлийн тоо

 

Дүгнэлт

Тус хорооны зүгээс өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийн чиг хандлагад уялдуулан зохицуулалтыг боловсронгуй болгох, өнөөгийн зохицуулалтын арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх боломжтой аливаа шийдлийг боловсруулах зорилгоор төрөл бүрийн судалгааг хийж нийтэд мэдээлж байгаа бөгөөд эдгээр судалгаа нь тус хороонд төдийгүй, салбарын үйлчилгээ эрхлэгчид, судлаачдад хэрэгцээтэй мэдээлэл юм.

Эх сурвалж: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо