Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Та юуг, яаж хэмнэдэг вэ?

ikon.mn
2015 оны 6 сарын 8
iKon.MN

Та өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн зүйлийг байнга хэмнэж хэвшүүлсэн үү?

Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна.   

Иймд дэлхийн улс орны иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатайг энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрөөр сануулж, уриалж, уг өдрийг “Долоон тэрбум хүсэл, Нэг дэлхий, Хэмнэлттэй хэрэглээ” уриан дор тэмдэглэж байгаа билээ.

 

Та:

  • Крантны усаа гоожуулахдаа хяналт тавьдаг уу? Эсвэл Та шүдээ угаахдаа стаканд ус хийж угаадаг уу?
  • Цахилгаан их зарцуулах тусам их мөнгө төлнө. Иймээс Та улайсдаг чийдэнгээ цагаан өнгөтэй сүүн гэрлээр сольж амжсан уу?
  • Гар утсаа цэнэглэж дуусаад залгуураас нь салгадаг уу?
  • Өвлийн цагт гэр орноо хэрхэн дулаалдаг вэ? Бид сүүлийн үед бетонон ханатай байшинд олноор амьдрах болсон. Гэтэл ердөө 10 см зузаан ноос дулаан барих чадвараараа 4 метр зузаан бетонон ханатай тэнцүү байдаг гэнэ.
  • Өдөрт Та хуванцар савтай ус хэдийг худалдаж авдаг вэ? Жилд ойролцоогоор 50 тэрбум хуванцар савтай ус зарагддаг бөгөөд үүний 80 хувийг дахиж ашигладаггүй байна. Гэтэл хуванцар савны байгальд задрах хугацаа 700 жилийн дараа эхэлдэг гээд бод доо.
  • Ой модоо хайрлаж, хамгаалахын тулд цаасны хэрэглээгээ хянахаас аргагүй. Дэлхийд жилд дунджаар 15 сая га газрын модыг устгаж байгаагийн гуравны нэг нь зөвхөн цаас үйлдвэрлэхэд зарцуулагддаг. Тиймээс том үсгээр бичих үү, жижиг үсэг сонгох уу гэдгээс эхлээд хэрэглээгээ хянаж болох нь.

Бид үлдэгдэл хоолоо хээвнэг хаячихдаг хэнэггүйхэн хүмүүс. Гэтэл хаягдаж ялзарсан хүнснээс их хэмжээний метан хий ялгарч, хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Дээр нь дэлхийн нөөц баялгийг хомсдуулагч нэг хүчин зүйл болдог тул идэх хэмжээгээрээ л худалдан авч, бэлтгэж хэрэглэхийг НҮБ хүртэл уриалж байна.

Түүнчлэн гялгар уутны хэрэглээгээ багасгах, орчин тойрноо цэвэрлэж, хоол хүнсний хаягдлаа багасгах, ажил руугаа алхаж очих, дугуй унах, хог хаягдлаа ангилан ялгах гэх мэтээр байгаль дэлхийдээ ээлтэй хэвшүүлэх олон ажил бий. Өөрөөр хэлбэл, нэг ширхэг усны савыг хэмнэснээрээ та харамч болохгүй,харин ч байгаль эх дэлхийдээ өгөөжөө өгч буй өглөгч нэгэн болох юм. Танд бусдад хэрэг болохуйц хэмнэлтийн өвөрмөц арга туршлага ч байж болох юм.

Таны хэвшүүлсэн хэмнэлт бусдад санаа өгч, үлгэр дууриал үзүүлж, олон хүний амьдралд хэрэгжээсэй гэсэн үүднээс арга туршлагыг тань хуваалцахаар шийдсэн юм. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, байгаль эх дэлхийнхээ ирээдүйн төлөө Таныг санал бодлоо харамгүй хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Та хэмнэсэн хэрэглээнийхээ үр ашгийг тооцоод ирүүлбэл бүр сайн.

Бид хамгийн үр ашигтай, хэмнэлттэй хэрэглээг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлж чадсан иргэдийн ард иргэдийн арга туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ.

Мөн тэдгээр иргэдэд БОНХАЖ-ын сайд тусгайлан онлайн талархал дэвшүүлнэ.

Бид Таны арга туршлагыг 2015 оны зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд онлайнаар доорх хаягуудаар авч, хариу мэдэгдэх болно.

Та туршлагаа доорх хаягуудар бидэнд илгээнэ үү