Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Жастин Каплад уучлал үзүүллээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн талаар төрийн тэргүүний албан ёсны сайтад мэдээлжээ.  

Дашрамд сануулахад Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан бөгөөд АНУ-ын тойргийн шүүхээс Жастин Каплад уучлал үзүүлэх хүсэлтийг мөн ирүүлээд байсан юм. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч ч өөрийн улсын иргэн Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж, хүсэлт амжилттай хэрэгжиж байсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч уучлалынхаа талаар ийнхүү жиргэлээ.