Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тэд юуны учир өршөөл хүсэв

Н.Пунцагболд
2015 оны 2 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /Mpa.mn/

Эсрэг тэсрэг байр суурь

"Cаусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудад таван жил, 10 сарын ял оноолоо 

“Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудад 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шүүхээс гэм буруутайд тооцож,  хорих ял оноосон билээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс АНУ-ын иргэн Жастин Капла, Кристобал Дэвид нарт таван жил 10 сар, Филиппины иргэн Хиларион Кажуком Жуниорт  5.6 жил  хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон.

Мөн тус хэргийн хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-иас 35 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн юм.  Тэгвэл энэ үйл явдлын дараагаас олон сонирхолтой зүйл өрнөж эхэллээ.

Тодруулбал, тэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч байгаа юм. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа “Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудын уучлал хүссэн асуудлыг хөндөж байна. 


“Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудад таван жил, 10 сарын ял оноолоо 

2015.01.30: “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд  гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргалаа. 

Ингээд тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарт тус бүр таван жил 10 сарын ял оноолоо. Харин санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР 5.6 жилийн ял оноов. 

Мөн 35 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан олгуулахаар болжээ. Тэднийг 35 тэрбумын татвараас зайлхийсэн хэрэгт буруутгасан билээ.  


Г.Батбаяр: Жастин Каплаг суллавал дараа нь Солонгос, Япон, Хятад улсын иргэнийг ч шийтгэж чадахаа болино

-Мянганы сорилтын сан, түүнтэй гэрээ хийсэн эсвэл холбогдох эрх бүхий албан тушаалтан, байгууллагын зүгээс АНУ-ын иргэнийг хамгаалсан байдлаар удаа дараа мэдэгдэл гаргаж байна. Гэтэл тухайн хэргийн нөхцөл, үйлдсэн цаг хугацаа, байдал, нотлох баримт зэргийг мэдэхгүй байж хөндлөнгөөс шүүхэд шууд нөлөөлөх гэж байгаа мэт мэдэгдэл гаргаад байгаа нь буруу. 

Учир нь Мянганы сорилтын сан гэхэд Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулсан биеэ даасан гэрээ шүү дээ. Тухайлбал, тус сангаас зээл авахын тулд манай улс зээлдэгч талаас тавьсан маш олон болзол, шалгуурыг даваад түүнтэй нийцүүлж ямар нэгэн тодорхой барьцаа, батлан даалт гэх бүх бололцоо нөхцөлийг хангасан байж таарна. Үүний үндсэн дээр энэ сангийн зээлийг авч байгаа. 

Гэтэл аль нэг талын санаачилгаар гэрээг шууд цуцлах боломж байхгүй.  Цаашлаад тухайн гэрээг ямар тохиолдолд цуцлах талаар ч гэрээнд тусгасан заалтууд бий. Үүнд юу гэж заасан нь чухал.

Хэрвээ тэнд “АНУ-ын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогдвол, түүнд ял оноовол энэ гэрээг цуцална” гэсэн агуулгатай зүйл тусгасан бол өөр хэрэг. Ингэж заагаагүй л бол Эрүүгийн хуулийн 13.1-д зааснаар “..Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээд тухайн орны хуулийн дагуу ял шийтгэл хүлээнэ” гээд заачихсан бол үүний дагуу хариуцлагаа хүлээнэ. 

Мөн нутаг дэвсгэрийн хууль үйлчлэх харьяалал ч гэж бий. Энэ зарчмын хүрээнд аль нэг улсын туг далбааг мандуулсан Элчин сайдын яам, мөн тухайн орны төрийн далбааг мандуулсан хөлөг онгоц, түүнтэй адилтгах буюу тухайн улсын эзэмшлийн газар гэж тооцогдож байгаа нутаг дэвсгэрт энэ гэмт хэрэг гарсан тохиолдолд л тухайн улсынхаа буюу энэ хэргийн тухайд АНУ-ын хуулиар зохицуулах учиртай.

Үнэндээ Жастин Капла гэдэг хүн манай улсад ашиг олох зорилгоор ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн захирал шүү дээ. Хэрвээ бид энэ асуудлыг хэтэрхий дэвэргэвэл хоёр хөршийнхөө дунд эвгүй байдалд орно. 

Дараа нь Солонгос, Япон, Хятад улсын иргэнийг ч шийтгэж чадахаа болино. АНУ-ын албан тушаалтнуудын зүгээс нөлөөлж байгаа тул ял оноож болохгүй гэдэг байдлаар хандан Жастин Капла нарыг ялгүй үлдээвэл энэ нь олон улсад маш том сөрөг хандлагыг авчирна.

Монгол гэж авлига, хээл хахуульд идэгдсэн, хууль хэрэгжүүлэх чадваргүй орон юм байна гэдэг мессэжийг олон улсад хүссэн хүсээгүй төрүүлнэ.


“Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагууд Ерөнхийлөгчөөс өршөөл хүслээ

2015.02.11: “Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудад 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шүүхээс гэм буруутайд тооцож, шүүхээс хорих ял оноосон билээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс АНУ-ын иргэн Жастин Капла, Кристобал Дэвид нарт таван жил арван сар, Филиппины иргэн Хиларион Кажуком Жуниорт таван жил зургаан сарын хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, тус хэргийн хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-аас 35 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн юм. 

Шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш шүүгдэгч 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Тэгвэл тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид өршөөл хүссэн захидал илгээсэн гэх мэдээллийг өмгөөлөгч нь өглөө. Тэрбээр “Өчигдөр шүүхийн шийдвэрийг хүлээж авсан. Бид шүүхийн шийдвэрийг аваад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэхээр шийдсэн. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх эрхтэйг заасан байдаг учраас бид хүсэлт гаргаад байгаа” гэв. 

Мөн түүний өмгөөлөгч Н.Цогт “Манай гурван үйлчлүүлэгч үндсэн хуульд заасан эрхийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн өргөдлийг өчигдөр гаргасан. Уучлал хүссэн өргөдлийг гаргасан учраас тэд давж заалдахгүй” гэлээ.


Ч.Өнөрбаяр: 2012 оноос хойш анх удаа гадны иргэн Ерөнхийлөгчөөс өршөөл үзүүлэхийг хүсч байгаа нь энэ 

2015.02.14: “Саусгоби сэндс” компанийн удирдлагууд болох Жастин Капла, Кристобал Дэвид, Хиларион Кажуком Жуниор нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өршөөл хүсээд байгаа. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр “Ийм өргөдөл манайд ирүүлсэн. Намайг энэ албан тушаалд томилогдсоноос хойш лав ийм тохиолдол гараагүй. /Тэрбээр 2012 оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөхөөр томилогдсон юм/. Шүүхээс ял сонссон иргэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй бол Ерөнхийлөгчөөс өршөөл хүсч болно. 

Хэрвээ тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхийн үйл явц үргэлжлээд л явна гэсэн үг. Уучлал үзүүлэх эсэх нь  зөвхөн Төрийн тэргүүний мэдлийн асуудал” хэмээн ярьжээ.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

Ерөнхийлөгч уучлахгүй байлгүй дээ

“Саусгоби сэндс” компанийн удирдлагууд болох Жастин Капла, Кристобал Дэвид, Хиларион Кажуком Жуниор нарт Монгол Улсын шүүхээс тодорхой ял оноогоод байгаа.

Яг ямар хэргээр, хэчнээн жилийн ял оноосон талаар дээр хангалттай дурьдсан болохоор илүү нуршаад яах вэ. Харин тэд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүйгээр давж заалдахын оронд Ерөнхийлөгчөөс уучлал хүслээ. Эндээс харахад, нөхдүүд өөрсдийнхөө гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөөд, “уучлаач” гэж гуйж байна гэж ойлгохоор байна. 

Эдгээр нөхдүүдэд ял оноосны дараа янз бүрийн л дүгнэлтүүд гарч байлаа. Ихэнх нь Монголд хүний эрх хязгаарлагдаж байна. Ялангуяа бизнес эрхлэгчдэд хэтэрхий  хатуурхаж байгаа болохоор гадна, дотны бизнесмэнүүд айдас, түгшүүр дор ажиллаж байгаа гэх мэтээр хөвөрч өгсөн.

Мөн Монгол Улс гадаад ертөнцөд нэр төрөө алдлаа. Хөрөнгө оруулагчид манайхаас үргэж байгаа энэ үед тэдэнд ял өгөхгүй байсан юм гэх мэт захиалгат бичвэрүүд хаа сайгүй тарсан. Гэтэл тэд өөрсдөө ийн гэмтэй гэдгээ хүлээж, давж заалдахгүйгээр зүгээр л Ерөнхийлөгчөөс уучлал хүслээ.  

Одоо уучлах эсэхийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шийдэх хэрэг. Гол нь хэрэг явдал яагаад хэний ч санаанд оромгүйгээр эргэв гэдэг нь сонирхолтой байгаа юм. Нөхдүүд эхнээсээ л гүрийсэн. 35 тэрбумын татвар нуун дарагдуулаагүй. 

Эсвэл гол эздийг нь бариагүй байж, ажилд томилогдоод удаагүй байсан гүйцэтгэх хүмүүст ял оноолоо гэж бичүүлж, Монголын шүүх хууль бус шийдвэр гаргалаа гэх мэтээр захиалгат гэж хэлж болохоор нийтлэл гаргуулж байсан хүмүүс гэнэтхэн ийм шийдвэр гаргасан нь үнэхээр гайхал төрүүлж байна.

 Магадгүй цаагуураа тохироо хийгээд, аль хэдийнэ асуудлыг зохицуулчихсан, Ерөнхийлөгч дуун дээр өршөөж болох юм.  Гэхдээ Ерөнхийлөгч уучлал үзүүлэхгүй байлгүй дээ. Өнөөдөр Монгол Улсад гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа нь үнэн. Хуучныг бодвол багассан гэвэл зөв байх.  

Гэхдээ бүгдийг нь мөрдөн шалгаад, ямар ч хууль бус зүйл хийгээгүй байхад нь бариад, хориод, шүүх цагдаа болсоноос болоод үргэчихсэн гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Ганцхан улс төрийн тогтворгүй, залгамж чанаргүй байдал л гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа гээд хэлчихвэл нэг их хол зөрсөн болохгүй байх.

Дээрээс нь нэг үе манай хуулиад гадны хөрөнгө оруулагчдыг зүгээр л торгонд хөлбөрүүлж, тосонд умбуулж, жаргуулах гэсэн зорилготой юм шиг сулхан байсан. Ямар ч гадны компани манайд орж ирээд, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаад, байгалийн баялгийг нь хэдхэн жилийн хугацаанд цөлмөөд аваад явчихдаг. Тэгсэн мөртлөө татвар мөнгөө гэрээний дагуу төлдөггүй гэх асуудал зөндөө л байсан.  

Олон жишээ дурьдаж болно. Бид гадаадын захын нэг компанид дарлуулж сууснаа тоочиж бичвэл цаг, цаас хүрэлцэхгүй.  Энэ алдаагаа ч манайхан ойлгосон. Хууль журмаа хатуухан гаргаж байгаа. Бид аль болгон гадны хөрөнгө оруулагч гэхээр байдгаа барьж гүйж, царай алдаж, цавиа маажих ёстой юм.

Монгол чинь хууль дүрэмтэй, түүнийг нь дагаж биелүүлэхгүй, давраад байвал хуулийнхаа дагуу шийтгэдэг орон юм байна шүү гэдгийг мэдрүүлэх цаг болсон. Ингэлээ гээд манайхаас гадны хөрөнгө оруулагчид үргэж, дайжаад, огт орж ирэхгүй байна гэж дүгнэвэл дэндүү өрөөсгөл хэрэг байх. Өнөөдөр бизнес эрхлэгчдийг хяхаж, хавчлаа гээд л байна. 

Зүгээр байхад нь оролдоод, зовоогоод байгаа юм байна уу. Энэ мэтээр хууль зөрчөөд, давраад байгаа бизнисмэн нэртэй нөхдүүд олон байгаа. Одоо Монгол Улс гэдэг чинь зангарагтай, төртэй, шүүхтэй, хууль журамтай гэдгийг мэдрүүлэх цаг болсон. “Номхон тэмээ ноолоход амархан” гэдэг шиг байгаад байж болохгүй.

“Саусгоби сэндс” компанийн удирдлагуудад ял оноосон. Тэд үүрэх ёстой хариуцлагаа үүрлээ. Өмгөөлөгч Г.Батбаяр Монгол Улсын шүүх ямар ч дүрэм, журам зөрчөөгүй гэдгийг ярьсан байна билээ. Тэгээд ч өөрсдөө гэм буруугаа хүлээж байгаагаа илтгээд, Ерөнхийлөгчөөс уучлал хүс­лээ. Буруутай хүн л уучлал гуйдаг биз дээ. Тэгэхээр тэд 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь үнэн гэсэн үг болж таарах нь. Одоо ганцхан Ерөнхийлөгчийн шийдвэр л байдал хаашаа эргэхийг шийдэх нь. 

Зураг