Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Та өөрөө СТАРТ АП компани: Танилын сүлжээгээ хэрхэн хүчирхэгжүүлж, тордох вэ?

ikon.mn
2014 оны 1 сарын 22
IKON.MN
"Нью -Йорк таймс" -ийн шилдэг борлуулалттай ном - "Та өөрөө СТАРТ АП компани"

“Та өөрөө СТАРТ - АП компани” номын хэсгээс орчуулагч Д.Ганзоригийн зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр iKon.mn сайт Та бүхэндээ хүргэж байгаа билээ. 

- Үргэлжлэл -

ХАМГИЙН ҮР ӨГӨӨЖТЭЙ МЭРГЭЖЛИЙН СҮЛЖЭЭ: ЯЛГААТАЙ БӨГӨӨД НЯГТ БАЙДАЛ

    Хэдэн жилийн өмнө социологич Брайан Уззий 1945-аас 1989 оны хооронд Бродвэйн театрт тавигдсан мюзиклүүдээс олны таашаал хүртсэн нь (Баруун Хэсгийн Түүх, Баяртай Берди гэх мэт) амжилт олоогүй мюзиклүүдээс юугаараа ялгаатай байсныг олж мэдэхээр судалгаа хийжээ. Ялагчид байсан зүйлсээс юу нь ялагдагчид байсангүй вэ? Судалгааны үр дүнд хамаг учир бүтээлийг хийж буй хүмүүсийн сүлжээнд байна гэсэн дүгнэлтэд тэр хүрэв. 

Хоёр үндсэн шалтгааны улмаас зарим бүтээлүүд амжилтад хүрээгүй нь ажиглагджээ. Нэгт, урьд нь өөр уран бүтээл дээр хамтарч байсан, бие биеэ сайн мэддэг жүжигчид, продюсерууд хамтран ажиллахаар, өөрөөр хэлбэл мюзиклийг бүтээгч хүмүүс нь хоорондоо хүчтэй холбоотнууд байвал төрөл бүрийн туршлагатай хүмүүсээс урган гардаг шинэ соргог, бүтээлч үзэл санаагаар уран бүтээл нь дутагдаж амжилтанд хүрээгүй байна. Нөгөө тохиолдолд, уран бүтээлчдийн дунд урьд нь хамтарч ажилласан хүмүүс байхгүй бол мюзикл мөн амжилт олдоггүй дүр зураг харагджээ. Баг гол төлөв сул холбоотнуудаар бүрдээд ирэхээр багийн тоглолт, үр дүнтэй харилцаа, нягт байдал дутагддаг аж. Харин амжилтанд хүрсэн мюзиклүүдийг тавьсан уран бүтээлчдийн сүлжээ нь хүчтэй болон сул холбоотноо аль алийг нь тэнцвэртэй агуулсан байв. Продюсеруудын хувьд жүжигчдэдээ бат итгэж байсан бөгөөд мөн багт шинэ санаа гаргагчид ч байв. Уран бүтээлчид нь хоорондоо нягт холбоотой бөгөөд бүтээлч сэтгэлгээтэй байж чадвал мюзикл амжилттай болдог хэмээн Уззий дүгнэжээ.

Баг гол төлөв сул холбоотнуудаар бүрдээд ирэхээр багийн тоглолт, үр дүнтэй харилцаа, нягт байдал дутагддаг аж.

Яг ийм дүр зураг Бродвэйн театраас хол орших өөр газруудад ч харагддаг. Нобелийн шагналт Мухаммад Юүнэсийн үүсгэн байгуулсан Грамин Банк нь Бангладешийн хөдөө тосгоны ядуу буурай хүмүүст бага хэмжээний зээл олгодог. Зээл авагчид хувиараа хөөцөлдвөл банкны уламжлалт шалгуурт яагаад ч тэнцэхээргүй байдаг аж. Тус банкийг анх байгуулахдаа Юүнэс бүлэг хүмүүст зээл олговол эргэн төлөх үүргийг бүлгийн гишүүд нэг нэгнээсээ шаардан, төлөхгүй байх эрсдэлийг бууруулах тул хувь хүмүүст зээл олгохоос илүү оновчтой гэж үзжээ. Гэхдээ Грамин банк тэдэнд хандсан бүлэг хүмүүс болгонд зээл олгочихдоггүй. Зээлийн мэргэжилтэн нь зээлээ эргэн төлөх хамгийн өндөр магадлалтай бүлгийг хайдаг бөгөөд гол шалгууруудын нэг нь гишүүдийнх нь сүлжээний бүтэц юм. Социологич Николас Кристакис, Жэймс Фаулер нар банкны энэ аргыг ийнхүү дүгнэжээ: "Бүлэг дотор итгэлцлийг бий болгодог хүчтэй холбоотнуудыг Грамин банк дэмждэг бөгөөд хүндрэлтэй асуудал үүсэх үед оновчтой, бүтээлч шийдэл олуулахын тулд тэднийг бүлэг доторх сул холбоотнууднаар нь дамжуулан өөр бүлгийн гишүүдтэй танилцуулдаг." Ийнхүү хүчтэй холбоотнууд нь итгэлцлийг бий болгож, сул холбоотнууд нь нийгмийн бусад хүрээллээс шинэ мэдлэг, шинэ нөөцийг бүлэгтээ танилцуулж, бүтээлч шийдэл олоход нь тусалдаг байна.

Тэгэхээр та ч бас танилын сүлжээгээ ийм бүтэцтэй байлгахыг хичээгээрэй. Үр өгөөжтэй мэргэжлийн сүлжээ гэдэг нарийн мөртлөө гүнзгий (хүчтэй холбоо) бөгөөд өргөн мөртлөө гүехэн (гүүрэн холбоо) байдаг юм шүү.

 

ТАНИЛЫН СҮЛЖЭЭГЭЭ ХЭРХЭН ХҮЧИРХЭГЖҮҮЛЖ, ТОРДОХ ВЭ?

    Харилцаа бол амьд зүйл. Тэжээж, тэтгэж, анхаарал тавьбал амьдарч, үл ойшоовол үгүй болдог. Энэ бол ямар ч түвшний, аль ч төрлийн харилцаанд үнэн. Харилцааг тэтгэх хамгийн шилдэг арга бол урт хугацаанд үргэлжлэх өгөх-авах хандлагыг эрчтэй эхлүүлэх явдал юм. Цаад хүнийхээ төлөө ямар нэг юм хий, тус хүргэ. Харин яаж?

Нэг сайхан жишээ татъя. Твиттерийг үүсгэн байгуулагч Жек Дорсийг Скуэр хэмээх өөр нэг компанийг байгуулах үед (ямар ч ухаалаг утсыг кредит карт уншигч болгон хувиргаж, төлбөр шилжүүлдэг компани) олон хөрөнгө оруулагч түүнийг хоргоож байв. Хөрөнгө оруулагчид үнэхээр гайхалтай санаа гаргасан шилдэг энтрепренерийн төлөө өрсөлдөх нь ч жам. Энэ үед Дигг, Милк хоёрыг үндэслэсэн  Кэвин Рөүз Скуэрийн төхөөрөмжийн анхны загварыг хармагцаа л жижиг бизнест хэрэглэж болох юм гэдгийг ойлгожээ. Тэгээд Жекээс эхний эргэлтийн хөрөнгө босгоход хөрөнгө нэмэрлэх хүн хэрэгтэй эсэхийг лавлахад цаадах нь “Одоо өөр хүн шаардлагагүй болсон” гэжээ. Гэвч Кэвин туслахыг хүссэн хэвээр л байв. Тэр Скуэрийн төхөөрөмж хэрхэн ажилладгийг харуулсан видео вэбсайт дээр нь байхгүй байгааг анзаармагцаа өндөр дүрсний чанартай видео хийн Жект үзүүлжээ. Видео нь ч Жект гүн сэтгэгдэл төрүүлж, хэдийгээр эхний эргэлтийн хөрөнгө оруулалт нь бүрдээд байсан ч Кэвинийг хөрөнгө оруулаач гэж урив. Кэвин зүгээр л Скуэрт үнэ цэн нэмэх арга олж, видеог Жект үзүүлсэн. Хариуд нь юу ч хүсээгүй. Жек ч түүний зүтгэлийг үнэлж, хариу барьсанд гайхах зүйлгүй юм.

Цаад хүнийхээ төлөө ямар нэг юм хий, тус хүргэ. Харин яаж?

Хэн нэгэнд тусална гэдэг нь өөрийгөө хүнд туслах чадвартай гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Хүч султай, баян биш, туршлага муутай бол хүнд тусалж чадахгүй гэсэн буруу ойлголтоо таягдан хая. Хүн болгон бусдад хэрэгцээтэй дэмжлэг үзүүлэх, бүтээлч санаа гаргах чадвартай. Холбоотондоо туслах чадвар, туршлага танд бий бол та хамгийн хэрэгцээтэй хүн мөн. Гэмгүй нөхөрлөх сайхан л даа. Гэхдээ бусадтай сайтар холбогдсон мэргэжилтнүүд л холбоотондоо үнэхээр тусалж чаддаг. Ерөөс энэ нь ердийн нэг сүлжээг биш, мэргэжлийн сүлжээг бий болгогч хүчин зүйл билээ.

Туслах хэрэгтэй гэж бодсныхоо дараагаар ямар тус хэрэгтэй бол гэж эргэцүүлэх хэрэгтэй. Дөнгөж танилцсан танилтайгаа өдрийн хоол идэж суугаад, яриагаа "Би Нью-Йоркт ажил хайж байгаа" гэж эхэллээ гэж төсөөлье. Тэгтэл тэр сэрээгээ доош тавьж, амаа арчаад, нүд рүү тань эгцэлж харснаа "Би чамд яг тохирох ажлын байр мэднэ" гэж хариулав. Тэр танд тус болох уу? Үгүй л болов уу. Яагаад гэвэл тэр танд чухам ямар ажил тохирохыг сайн мэдэхгүй шүү дээ. Харин "Юу хийж чаддагаа, юу сонирхдогоо, ямар туршлагатайгаа жаахан дэлгэрүүлж яриач" гэсэн бол өөр хэрэг. Дан ганц сайхан сэтгэл гаргах нь хангалттай байдаггүй. Хэрэгцээтэй тус хүргэхийн тулд та найзынхаа үнэт зүйл, эрхэмлэдэг зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Юу түүнийг шөнийн 2.00 цагт сэрүүн байлгадаг вэ? Тэр ямар авъяастай вэ? Түүний сонирхол? Дөнгөж уулзаад л "Чамд юугаар туслах вэ?" гэж асуух нь хэтэрхий түргэднэ. Эхлээд цаад хүнээ сайн тань.

Бусадтай сайтар холбогдсон мэргэжилтнүүд л холбоотондоо үнэхээр тусалж чаддаг. Ерөөс энэ нь ердийн нэг сүлжээг биш, мэргэжлийн сүлжээг бий болгогч хүчин зүйл билээ.

Хэрэгцээ шаардлага, хүндрэл бэрхшээл, хүсэл сонирхлыг нь мэдсэнийхээ дараа түүнд ямар бяцхан бэлэг барьж болохыг  бод. Энд бид Amazon.com-ийн бэлгийн карт юм уу хайрцаг навчин тамхины талаар биш, биет бус, танаас их зүйл шаардахгүй хэрнээ цаад хүндээ үнэ цэнтэй байдаг тийм зүйлийн тухай ярьж байна. Хэрэгцээтэй мэдээлэл өгөх, уншууштай нийтлэл дамжуулахаас эхлээд шинэ хүн танилцуулах, зөвлөгөө өгөх зэрэг нь иймэрхүү сонгодог бэлгийн жишээ юм. Хэтэрхий том бэлэг барих нь хахууль мэт сэтгэгдэл төрүүлж, эсрэгээрээ үйлчилчих гээд байдаг. Хямд хэрнээ хэрэгцээтэй бэлэг л хамгийн зөв сонголт юм.

Ямар бэлэг өгөхөө бодохдоо бусдаас ялгарах туршлага, чадварынхаа талаар бодоорой. Нөгөө хүнд тань байхгүй юу танд байж болох вэ? Жишээ болгож жигтэйхэн том зүйл төсөөлье. Билл Гэйтсэд ямар бэлэг хэрэгцээтэй байх бол? Хэн нэгнийг танилцуулах лав биш, яагаад гэвэл тэр хүссэн хүнтэйгээ уулзчихаж чадна. Гэйтс сангийн тухай нийтлэл олсноо илгээх ч бас биш, учир нь тэр өөрөө ярилцлага өгсөн ч байж магадгүй. Түүнд мөнгөний хэрэгцээ байхгүй тул нэг төсөлд нь хөрөнгө оруулах ч оновчтой биш. Үүний оронд жижиг зүйл бодоод үз. Жишээ нь, та өөрөө юм уу сайн найз тань, ах дүү тань коллежид сурдаг бол та түүнд оюутнуудын дунд соёлын болон технологийн ямар хэрэглээ зонхилж байгаа талаар мэдээлэл илгээж болно. Коллежийн оюутнууд буюу шинэ үеийнхэн юу бодож, юу хийж байгааг мэдэх нь маш баян хүний хувьд ч олж мэдэхэд амаргүй зүйл. Танд байдаг хэрнээ нөгөө хүнд тань байдаггүй тодорхой зүйлс юу байна? Тэрхүү онцгой, жижигхэн бэлгийн нууц нь гагцхүү та л өгч чаддагт оршдог.

Эцэст нь хэлэхэд, харилцааг хүчирхэгжүүлэгч хамгийн сайн арга нь нөгөө хүндээ туслах явдал гэвэл, хоёр дахь сайн арга нь нөгөө хүндээ өөрт тань туслах боломжийг олгох явдал юм. Бэнжамин Франклины зөвлөсөнчлөн, хүнтэй найзалмаар байгаа бол өөрт тань туслах боломжийг түүнд үүсгээрэй. Тусыг эргэлзэж (Би ингэж тус хүртэхээр юу хийлээ?) юм уу, сэжиглэнгүй (Энэ нөхөр ямар учраас ингээд байна?) хүлээн авах хэрэггүй. Заримдаа учрыг нь тааварлаж байх хэрэгтэй ч, дандаа бүү тэгээрэй. Хүмүүс туслах дуртай байдаг. Хэрэв хэн нэгэн хүссэн хүнтэй тань танилцуулахыг хүсвэл, эсвэл чухал сэдвээр туршлагаасаа хуваалцахыг хүсвэл тусыг нь хүлээн авч, зүй ёсны талархал илэрхийлээрэй. Хэн хэн нь баяртай үлдэж, та тэр хүнтэй улам ойр болно.