Уншиж байна ...

Б.Жаргалмаа: ₮15,000 байсан эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ороод ₮45,000 болчихжээ. Яагаад үнэ өсөв?

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эмийн үнэ улам нэмэгдсэн асуудлыг дурдлаа. 

Энэ талаар тэрбээр "Элэгний В, Д вирустэй иргэн өчигдөр надад мэдээлэл өгч байсан. 

Тодруулбал өмнө нь Энтекавир гэдэг эмийг 15,000 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол эрүүл мэндийн даатгалд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ороод 45,000 төгрөг болсон гэж хэллээ. 

Энэ асуудалд аудит дүгнэлт хийж болох уу? Яагаад өмнө нь 15,000 төгрөгөөр худалдаалж байсан эм улсаас дааж, хөнгөлөлт эдлүүлэхээр болтол 45,000 төгрөгт хүрч байгаа юм бэ?

Үүнийг ганц жишээн дээр тайлбарлахад л олон нийт ойлгохгүй болж байгаа юм" хэмээн ярилаа. 

С.Энхболд: Хаанаас ийм мэдээлэл авсныг мэдэхгүй. Ямарваа нэг юмыг ярихдаа бодитой нотолгоонд суурилах ёстой

"15,000 төгрөгөөр эмийн санд зарагддаг эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулснаар 45,000 төгрөгөөр зардаг" гэх мэдээллийн талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоос сэтгүүлчид тодруулав.

Дэд сайд С.Энхболд "Даатгалынхнаас асуухад зах зээлд 15,000 төгрөгөөр зарагддаг эм биш. 45,000 төгрөгөөр зарагддаг Энтекавир эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжийг бүрдүүлсэн гэсэн мэдээлэл өгсөн. Энтекавир бол В вирусийн эсрэг элэгний эм. Түүнчлэн В вирусийн дараа дараагийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Хаанаас ийм мэдээлэл авсныг мэдэхгүй. Ямарваа нэг юмыг ярихдаа эх сурвалжтай, бодитой нотолгоонд суурилж ярих ёстой" гэлээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1131050998188638