Уншиж байна ...

Ц.Шинэбаяр: Эрүүл мэнд, эм зүйн салбар нэлээд "цус ойртсон" шинжтэй болсон. "Хортой ургамал"-ыг тасалсан ч дахиад гараад ирдэг

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эм худалдан авах үйл ажиллагаа, КОВИД-ын үеийн замбараагүй худалдан авалтын (агуулахад хугацаа дууссан эм) асуудлыг тус тус хэлэлцэж байгаа юм. 

Тодруулбал улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар

  • бүртгэлтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй 44 ААН-ийн 50 хувь
  • эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй 459 ААН-ийн 27 хувь
  • эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-ийн 17 хувь нь эм хангамжийн байгууллагуудын төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай байгааг шинжээч танилцуулсан юм. 
зураг
 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асууж, Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, комиссар Ц.Шинэбаяр дараах хариултыг өгсөн юм. 



УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: КОВИД-19-ийн үеэр чанаргүй, хугацаа дууссан гэдэг байдлаар маш их эмийг устгалд оруулж байсан. Гэхдээ устгагдсан гэдэгт хэн итгэх вэ?

Аймаг, орон нутгийн Засаг дарга нар бүгд эмийн компаниудтай хамааралтай байна. Эмийн устгалыг тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх холбогдох зөвлөл нь устгадаг гэж байгаа. Тэгвэл устгалд хяналт тавьдаг уу гэдэгт итгэх боломжгүй болсон. 

Ард түмэн ууж байгаа эмдээ итгэх боломжгүй болчихсон байна. Тиймээс эмийн үнийн дүнтэй хамааралтай жишээ дурдаач гэж шинжээч нараас хүсмээр байна. Нөгөө талаар Авлигатай Тэмцэх Газрын хийх ажил биш юм уу?

АТГ-ын комиссар Ц.Шинэбаяр: Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд дор хаяж гурван тохиолдолд ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг өгдөг.

  1. Албан тушаалд шинээр томилогдох болон шилжин томилогдох үед урьдчилсан мэдүүлэг өгдөг. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-наас өмнө хувийн ашиг сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг (ХОМ) өгнө.
  2. ХОМ-т их хэмжээний өөрчлөлт гарсан үед, эсвэл албан тушаалаас шилжин томилогдож байгаа үед мэдүүлэг гаргадаг.
  3. Зарим цөөн тохиолдолд шинээр томилох албан тушаалтан нь манайд урьдчилсан мэдүүлэг өгөлгүйгээр томилогддог. Үүнийг АТГ-аас илрүүлээд хяналт шалгалтаар зохих шаардлагаа тавьдаг.

Өмнө нь хийгдсэн АТГ-ын хяналт шалгалтын үр дүн, шинжээч нарынхаас зөрүүтэй байна. Бид холбогдох материалуудыг аваад дахин хянаж, шалгая.

Эрүүл мэнд, эм зүйн салбарын хувьд нэлээд ашиг сонирхлын зөрчилтэй, "цус ойртсон" маягтай салбар гэдгийг удаа дараагийн шалгалтаар гаргаж ирж байсан.

АТГ-аас янз бүрийн арга хэмжээ авч, "хортой ургамал"-ыг хэчнээн тасалсан ч цаанаасаа дахин дахин гарч ирээд байдаг нь төвөгтэй. Авлигын эрсдэлийн үнэлгээ болон бусад судалгаагаар хамгийн өндөр эрсдэлтэй салбаруудын нэг нь эрүүл мэндийн салбар байгаа.