Уншиж байна ...

"Тамгаа аваад зугтсан гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигч, байшингийн эзэн компанийнхаа эсрэг шүүхийн шийдвэр гаргуулсан"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Тэнгэр" ТВ болон "Ард санхүүгийн нэгдэл"-ийн үйл ажиллагаа явуулж буй байртай холбоотой асуудлыг "Номын хишиг" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, өмгөөлөгч Б.Будсүрэн нар хөндөн мэдээлэл хийсэн.

Ингэхдээ байрыг суллаж өгөхийг удаа дараа шаардаж, шүүхийн шийдвэр гарсан ч биелүүлэхгүй байгаа талаар хэлж байв. Тэгвэл өнөөдөр "Ард Санхүүгийн Нэгдэл"-ээс энэ асуудлаар тайлбар өглөө. 

"Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн дарга Ч.Ганхуяг "Тухайн асуудал нь 5-6 жил үргэлжилж буй процесс. "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн эрхэм зорилго нь хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох. Энэ хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалтыг олон салбарт оруулсны дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгийн салбар бий.

Тодруулбал "Тэнгэрлиг медиа нэгдэл" гэж хувьцаат компани Монголын Хөрөнгийн Бирж(МХБ) дээр хувьцаагаа зарж байгаа. Түүний доор "Тэнгэр ТВ", "Монгол HD", "Ori Studios", "Ori Media", "Unread Media" гээд олон компани бий. 

"Тэнгэр ТВ" бол манай хөрөнгө оруулалттай компани гэж ойлгож болно.

"Ард Санхүүгийн Нэгдэл" бол 100,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй компани. Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлооно гэсэн зорилгодоо хүрэхээс гадна хэвлэлийн салбар руу орсон учир нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хэн нэгний захиалгатай, улстөрчийн, том бизнесийнх биш нийт ард иргэдэд нээлттэй чөлөөтэй ажилладаг байх ёстой гэдэг үүднээс хөрөнгө оруулалт хийсэн. 

Мөн үл хөдлөхөд хөрөнгө оруулсан. Жишээлбэл жилийн өмнө "Блью Скай"-д хөрөнгө оруулсан. 2012 онд бид "Өнгөт хэвлэл" гэдэг компанид хөрөнгө оруулж байв. 

"Open Data"-гаас "Номын хишиг" гээд хайгаад үзвэл маргаан үүсээд байгаа байшингийн эзэн нь "Ард Санхүүгийн Нэгдэл" байгаа. Та нар өөрсдөө шалгаж болно. Хаяг нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн байр-2 буюу энэ байр нь өөрөө "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн байр гэж бүртгэлтэй байдаг. "Номын хишиг" гэж компани яг энэ хаяг дээр, энэ байран дээр бий. "Тэнгэрлиг Медиа" групп нь мөн энэ хаяг дээр байрладаг. Улсын бүртгэлд бүртгэлтэй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ард Санхүүгийн Нэгдэл" нь өөрөө хөрөнгө оруулалт хийгээд, тэр компанийнхаа ТУЗ-ийг хуралдуулж чаддаггүй, гүйцэтгэх захирлаа олохгүй 4, 5 жил болж байна. Гэтэл олддоггүй, цагдаа нар эрэн сурвалжлаад байдаг гүйцэтгэх захирал маань тамга тэмдгээ авч зугтаад өөрийнхөө хувьцаа эзэмшигч, байшингийн эзэн компанийнхаа эсрэг шүүхийн шийдвэр гаргуулаад луйвар явуулчхаж байгаа юм. 

Шүүхийн шийдвэрийнхэн ирээд биднийг гар гэсэн. Бид 4-5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай засварласнаа нураагаад гараад явсан. Шүүхийн шийдвэр бол шүүхийн шийдвэр. Энэ асуудал шийдэгдтэл гарахаас өөр аргагүй юм байна гээд явсан. Хэлж учирлаж үзсэн, ядахдаа нүүх хугацаа өгөөч гэхэд үгүй гэсэн.

Заримдаа Чингэлтэй дүүргээс хүн ирдэг, заримдаа төвөөс нь, заримдаа дарга нар нь шахах юм. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанийг нэг өдрийн дотор үйл ажиллагаагаа таслаад явуул гэсэн. 9-нөөс хойш хэлсэн, долоо хоногийн дотор бид бүрэн нүүж гарсан.

Бид олон асуудлыг шүүхэд тавьсан. Гурван жил болж байхад ганц нь ч шийдэгдээгүй. Одоо шүүхийн байгууллагад хандаад өмч хөрөнгийн маргааны асуудлыг хоёр талаас нь зөв шийдэж өгөөч гэж хүснэ" хэмээв.