Уншиж байна ...

Б.Будсүрэн: "Тэнгэр ТВ" болон "Ард санхүүгийн нэгдэл" нь шүүхэд худал баримт гаргаж өгсөн

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр "Үндэсний Мэдээллийн Төв"-д “Тэнгэр” ТВ болон "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК шүүхэд худал тайлбар, баримт гаргаж өгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тус байгууллагын шинээр томилогдсон дарга нараар дамжуулан нөлөөлж байгаа талаар "Номын хишиг" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, өмгөөлөгч Б.Будсүрэн нар сэтгүүлчдэд хандлаа.

Энэ талаар тус компанийн өмгөөлөгч Б.Будсүрэн ""Ард санхүүгийн нэгдэл" ХК нь "Номын хишиг" компанийн хоёр давхар байрыг 2014 оноос 2022 оны зургаадугаар сар хүртэл түрээсийн гэрээтэй байсан. Үүний дараа гэрээгээ цаашид сунгахгүй гэдгээ "Номын хишиг" компани түрээслэгч талд мэдэгдсэн юм.

Үүний дараа буюу долдугаар сарын 22-нд тус байранд үйл ажиллагаагаа явуулж байсан "Промедиа нетворк" буюу "Тэнгэр ТВ"-ийн зүгээс бидэнтэй цаашид гэрээгээ сунгаж ажиллах албан бичиг ирүүлсэн. Уг байранд телевиз үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэж үзсэн тул бид зөвшөөрөөгүй.

Харамсалтай нь "Тэнгэр ТВ" тус өмчлөлийн байрыг чөлөөлөхгүй байсан тул бидний зүгээс 2022 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд албадан чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Ингээд 2023 оны есдүгээр сарын 22-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч, уг байрыг чөлөөлөхийг шаардсан.

Энэ хугацаанд "Ард санхүүгийн нэгдэл"-ээс ямар тайлбар өгсөн бэ гэвэл "Түрээсийн гэрээ дуусаагүй. Дамжуулан түрээслэх эрхтэй учраас "Промедиа нетворк" компанид түрээслүүлсэн" гэдэг тайлбар өгч байсан бол яг шүүх хурал болдог өдөр нь "Тэнгэр ТВ"-ийн зүгээс "Бид тухайн байранд үйл ажиллагаа явуулахаа больсон. "Ард санхүүгийн нэгдэл"-д хүлээлгэж өгсөн. Цаашид Централ тауэрт үйл ажиллагаагаа явуулах болсон тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэсэн тайлбар өгсөн.

Ингэхдээ хүлээлгэж өгсөн болон үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа талаар нотлох баримтыг шүүхэд өгсөн хэрнээ өнөөдрийг хүртэл буюу дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл тус байранд үйл ажиллагаагаа явуулж байсныг нотлох баримтаар тогтоосон.

Албадан чөлөөлөх шийдвэр гарснаас хойш Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-аас "Промедиа нетворк" компанид гурван удаа хугацаатай мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тиймээс энэ сарын 9-ний өдөр ШШГЕГ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй албадан чөлөөлөх ажиллагаа явагдсан. Гэвч тухайн өдрийн 20:00 цаг хүртэл албадан чөлөөлөх ажиллагаа явагдаад өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.

"Тэнгэр ТВ"-ийн зүгээс тусгай тоног төхөөрөмжийг зөөхөд хугацаа орох тул нэг өдрөөр сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг ШШГЕГ-т тавьсан тул ажиллагаа түр зогссон гэдэг тайлбарыг өгч буй юм.

Үүний дараа ШШГЕГ-аас биднийг дуудаж уулзаад "Тэнгэр ТВ"-ийн зүгээс хүн хүч олдохгүй байгаа тул дахиж сунгах хүсэлт тавьсан. Тиймээс дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл сунгаад шийдэгдэхгүй бол хүн хүч байгаа эсэхээс үл шалтгаалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана гэж тайлбарласан. Бидний зүгээс хангалттай хүлээсэн боловч ямар нэг ажиллагаа явагдаагүй. Тус байгууллагаас ямар нэгэн албан бичиггүйгээр дахиж сунгах хүсэлтэй байгаагаа "Тэнгэр ТВ"-ийн зүгээс мэдэгдсэн тул өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулах хүсэлтэй байгааг хэлсэн.

Яг одоо хэвлэлийн хурал хийж байх явцад уг байрыг чөлөөлж байна гэж тус компанийн зүгээс мэдэгдэж байна.

Энэ сарын 3-ны өдөр ШШГЕГ-ын дарга солигдсон мөн 9-ний өдөр буюу манай албадан чөлөөлөх ажиллагаа явагдаж байх хугацаанд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар (НШШГГ)-ын дарга нь солигдсон. Дарга нар солигдохоос өмнө шүүхийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь хуулийнхаа хүрээнд явагдаж байсан ч үүний дараа тодорхойгүй нөхцөлд орсон нь хуулийн байгууллагад нөлөөлж байна гэж үзэх үндэслэлтэй.

Уг асуудал нь хоёр жил үргэлжилж буй маргаан. Бидний зүгээс хуулийнхаа дагуу арга хэмжээ авахаар шүүхэд хандсан, хуулийнхаа дагуу асуудлаа шийдвэрлэх хүсэлтэй байсан ч "Тэнгэр ТВ" нь энэ сарын 10-ны өдрийн мэдээгээрээ өөрсдөө хохирогч болсон мэтээр илт худал мэдээлэл цацаж, биднийг гүтгэсэн тул сэтгүүлчдэд хандахаас өөр аргагүйд хүрлээ.

Бидний зүгээс удаа дараа хуулийнхаа дагуу хэлэлцээд дотооддоо асуудлаа шийдье гэсэн хүсэлт тавьж байсан ч дөнгөж сая буюу хэвлэлийн хурлыг зарласны дараа л хэлэлцье гэсэн санал тавьсан нь хоёр талдаа хүндрэл учруулж байна" гэж ярилаа.

"ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг нь өөрийн нөлөөгөө ашиглаж байна гэж гэж үзэх үндэслэл бий"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Номын хишиг" компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа "Дээр дурдсанчлан анхан шатны шүүхэд "Тэнгэр ТВ" нь тус байрыг чөлөөлсөн, "Ард санхүүгийн нэгдэл" хүлээн авсан акт баримт өгсөн. Гэвч шүүхээс ийм зүйл болоогүй байна, албадан чөлөөл гэдэг шийдвэр гарсан. 

Тухайн маргаан гараад буй өмчлөлийн байр нь "Номын хишиг" компанийн мэдэлд байдаг.

Миний хувьд "Номын хишиг" компанийн өмнөөс уг шүүхийн асуудалд оролцох эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч. ШШГЕГ-ын алба хаагчидтай уулзах үеэр Ч.Ганхуяг гуай "Энд ямар хүмүүс байна вэ, эднийг зайлуул, би өөрийнхөө өмч дээр ирсэн байна. Энэ хүмүүсийг гарга" гэхчлэн авирлаж байсан.

Маргаантай байгаа байрны эцсийн өмчлөгч нь "Ард санхүүгийн нэгдэл" биш. Тус компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягийн нэр дээр ч байдаггүй. Биднийг байхад ийм авир гаргаж байгаа хүн цаанаа ямар ааш зан гаргаж өдийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсныг бид мэдэхгүй.

Тиймээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Ч.Ганхуяг нь өөрийн нөлөөллөө ашиглаж төрийн байгууллагуудад саад учруулсан, хамтран ажиллаж байж болзошгүй гэж хардаж байна" гэлээ.

"Ард санхүүгийн нэгдэл" нь "Номын хишиг" компанийн 20 хувийг эзэмшигч гэдгийг өмгөөлөгч Б.Будсүрэн онцолсон. Гэхдээ хувьцаа эзэмшигч байлаа гээд "Номын хишиг" компанийн өмчлөлийн мэдэлд буй байрыг "Миний өмчлөлийн байр" гэсэн байр суурьтай асуудалд хандах ёсгүйг хэлсэн юм.