Уншиж байна ...

Кремлийн албаны эх сурвалж Украинд явуулж буй дайнаа анх удаа “дайн” гэж нэрлэлээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Украины нутаг дэвсгэрт эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлснээсээ хойш хоёр жил гаруй хугацааны дараа Кремлийн хэвлэлийн алба анх удаа үүнийгээ “дайн” гэж нэрлэлээ.

Өмнө нь Оросын эрх баригчид Украинд явуулж буй дайнаа “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэдэг байв. Бүр дайн гэж нэрлэхийг хатуу хориглож, зөрчвөл шийтгэдэг байсан юм.

Баасан гарагт “Аргументы и Факты” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Үйл явдал цэргийн тусгай ажиллагаагаар эхэлсэн ч Украины талд Өрнөдийн эвсэл зогсож байгаа нь тодорхой болсны дараа бидний хувьд дайн болон хувирсан” гэж ярьжээ.

Гэхдээ тэр бодит байдал дээр Орос улс дайны байдалд байгаа ч хууль ёсны нэрээ хэвээр хадгалах ёстойг энэ үеэр тайлбарласан байна.

“Де юре (de jure), энэ бол цэргийн тусгай ажиллагаа” гэж Песков хэлжээ.

2000 оноос хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй тэр дайны үед эв нэгдэлтэй байхыг оросуудад уриалсан байна.

Одоо Орос улс 2014 онд хүчээр нэгтгэсэн Крымийг оролцуулаад Украины газар нутгийн бараг 20 хувийг хяналтдаа оруулаад байгаа.

Хоёр жил гаруй хугацаанд Украины талаас олон арван мянган хүний амь эрстсэний дотор энгийн иргэд байна.

Өрнөдийн зэр зэвсгийн тусламж саатсан цаг үеийг ашиглан одоо Оросын арми Украины газар нутгаас илүү их хэсгийг эзлэн авахаар шаргуу тулалдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters