Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

М.Даваасүрэн: Үндэсний том үйлдвэрүүдээ дэмжиж байж ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ хөгждөг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын шилдэг үйлдвэрүүдийн нэг, 32 жилийн түүхтэй “Ган хийц” ХК-ийн Ерөнхий захирал, зөвлөх инженер М.Даваасүрэнтэй Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн талаар ярилцлаа. 


-Барилга, бүтээн байгуулалтын салбарт гуч гаруй жил ажилласан компанийн хувьд өнөөдөр хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ ямар ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна вэ?

-1990 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд бид Монгол Улсын үндэсний баялаг, бүтээн байгуулалтыг хийхийг зорьсон. Өвөг дээдсээс бидэнд энэ сайхан баялаг орныг үлдээсэн. Бид газар доорх баялгаа бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээл дээр гаргах ёстой. Тиймээс хүн бүр өөрсдийн хэмжээнд бүтээн байгуулалт хийх нь чухал юм. 

“Ган хийц” ХК 1985 онд байгуулагдсанаасаа хойш Монгол Улсад есөн том үйлдвэр байгууллаа. Энэ есөн том үйлдвэрийг байгуулахдаа бид хэзээ ч нэг хүнээс зээл авч, дарга цэргээс гуйж байгаагүй. 

Ажил дээрээсээ гараад гэр рүүгээ явах, гэрээсээ гараад ажил руугаа явах замдаа харсан зүйлсээ “Яагаад үүнийг эх орондоо хийж болдоггүй юм бэ” хэмээн бодож, компанийн бодлогоо энэ зүгт чиглүүлж ажилласан. 

Анх ясны гурилын үйлдвэрийг Монголд байгуулаад гудамжаар хөглөрөн хэвтэж буй ясыг боловсруулж, 6,000 тонныг Япон руу гаргаж байсан. Дараа нь барилга бариад явж байхдаа ойд ургаж буй залуухан моднуудыг тайрч, эрчим хүний шугам хийж байгааг хараад хөгжилтэй орнууд шиг бетонон шон хийхийг зорьсон гэх мэт. 

Бидний байгуулсан үйлдвэр болгон түүхтэй. Үүнийг хийхийн тулд бид маш их хөдөлмөрлөсөн. 

Одоо манай компани барилга угсралтын үйлчилгээ, хүчитгэсэн бетон тулгуурын үйлдвэр, сендвич хавтангийн үйлдвэр, вакум хаалга, цонхны цех, барилгын төмөр хийцийн үйлдвэр, хадаасны үйлдвэр, хусандай мөөгний үйлдвэр, төмөр замын дэр бетоны үйлдвэрийг ажиллуулж байна. 

-Энэ хугацаанд бизнесийн салбарт ямар зарчим баримталж ажилласан бэ?

-Бид нэг тендер авахад зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Нэг даргын тендерийг авах гэж ажил хийдэггүй. Манай компани Монгол Улсад хэрэгцээтэй зүйлсийг үйлдвэрлэж, 20 жилийн дараа юу хэрэгтэй вэ гэдэгт тохирсон бодлогыг явуулдаг. 

Тийм учраас бидний байгуулсан үйлдвэрүүд ажилтай, амжилттай явдаг. 

Монголд эрчим хүчний шугамын тулгуурын үйлдвэрийг нэг хэсэг байгуулж 27 үйлдвэртэй болсон. Тэр нь төрөөс Монгол Улсыг эрчим хүчний нэгдсэн системд холбох шийдвэр гарсантай холбоотой. Тухайн үед хүн бүр тулгуур хийх юм болсон. 

Одоо дөрөвхөн үйлдвэр л үлдсэн байна. Монголын төр энэ дөрвөн үйлдвэрийг дэмжих ёстой. Дэмжинэ гэдэг нь биднээс чанартай бүтээгдэхүүн ав. Хэрэв чадахгүй бол хариуцлага тооц. 

Саяхан Хөвсгөл рүү явсан эрчим хүчний шугам уналаа. Салхинаас болоод унасан гэж тайлбарлаад байгаа. Салхинаас болоогүй. Энэ бол хариуцлагагүй хүмүүс чанар муутай, тооцоо хийгээгүй, хямдхан юм авчирч угсарснаас болсон. Тиймээс хариуцлага тооцох ёстой. Ингэж байж юмыг чанартай хийдэг болно. 
Юм нурахаар байгаль дэлхий руу буруугаа чихээд байж болохгүй. 

"“Монцемент” компанийн бүтээгдэхүүнийг сонгож, тэдэнтэй урт хугацааны гэрээ байгуулаад ажиллаж байна"

-Эрчим хүчний тулгуур болон төмөр замын бетон дэрний үйлдвэрийг “Ган хийц” компани байгуулсан. Бетон тулгуурын хамгийн гол материал болох цементээ Монголоос авдаг гэсэн. Монгол цементийн чанарын тухайд?

-Бид Монголын шилдэг компаниудтай хамтран ажиллаж байж манлайлж чадна. Манай компани Дорнод аймгийн хөгжлийн төв Чойбалсан хотод барилгын материалын парк байгуулж байгаа. Тэнд эрчим хүчний тулгуурын үйлдвэр бий. Мөн тэнд төмөр замын дэр бетоны үйлдвэрийг байгууллаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй ширхэг төмөр замын дэр бетоныг үйлдвэрлэн нийлүүлсэн байна. 

Үүнийг хийхэд бидэнд дээд зэргийн чанартай цемент хэрэгтэй. Бид Хятадаас цемент авч хэрэглэхийг хүсдэггүй. Манай компани Монголын үндэсний үйлдвэрлэгч “Монцемент” компанийн бүтээгдэхүүнийг сонгож, тэдэнтэй урт хугацааны гэрээ байгуулаад ажиллаж байна.

"Монцемент"-ийн гаргасан цемент чанартай учраас манай бүтээгдэхүүн дээд зэргийн чанартай гардаг. Жилдээ бидэнд 3,000 гаруй тонн цемент хэрэгцээтэй байдаг. 
Бидний байгуулсан үйлдвэрүүд гадаадаас орж ирж буй чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй материал, дарга нарын шахсан бүтээгдэхүүнээр Монголыг хохироодог байдлыг таслан зогсооно. 

-Танайх гаргаж буй бүтээгдэхүүнээ хоёр хөрш рүүгээ экспортлох талаар ямар ажил хийж байгаа вэ?

-Дорнодод байгуулсан үйлдвэрийн бүтээгдэхүүн болох төмөр зарын дэр бетоноо ОХУ-ын Чита муж руу гаргахаар судалж байна. Чита мужийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргатай бид уулзаж энэ талаар ярилцсан байгаа. 

Мөн төмөр хийцийн бүтээгдэхүүнээс БНХАУ руу экспортлох боломжтой. Энэ ажлуудаа хийнэ.  

-“Ган хийц” компани ямар хүмүүсийг ажилд авдаг вэ. Энэ салбарт ажилладаг компаниуд Монгол залуусыг ажил хийж чаддаггүй, хаяж явдаг, залхуу гэж шүүмжлэх тохиолдол их байдаг?

-Бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Монголчуудын толгойг 1990 онд Ардчилал гэдэг нэрийн дор угаачихсан. Монголын залуучуудын оюун санаанд хөдөлмөр хийж мөнгө олдог талаар суулгалгүй 27 жил явчихлаа. Үүнээс л болсон. 

Монголын төрийн бодлого ажил хийдэггүй хүн амьдрах боломжгүй болгох ёстой. Засгийн газар, УИХ тэрэнд зориулсан бодлогоо гаргах ёстой. 
“Ган хийц” компани 200 гаруй үндсэн ажилчинтай.  Манай компани дээр ажиллаж байгаа ажилчдыг бид өөрсдөө бэлддэг. Чухал шаардлагатай мэргэжлүүдээрээ сургалт явуулж, түүнээсээ сонгодог. Мөн ажиллаж байсан хүмүүсийнхээ хүүхдүүдийг бид авах дуртай. Энэ компанийн төлөө хугархай зүү байсан ч хямгадаж, сэтгэл гаргаж ажиллах чаддаг болгох бодлогыг бид баримталдаг. 

Мөн дээд сургуульд сурч буй оюутнуудыг зуны амралтаар тогтмол авч ажиллуулж, цалинг нь өгдөг байлаа. Одоо оюутнууд залхуу болж. “Ган хийц” компани дээр дадлага хийсэн оюутнуудаас манай компанид одоо ажиллаж буй 6 инженер бий. Энэ залуус оюутан байхаасаа эхлээд урдаа тавьсан зорилготой байж, сайн ажиллаж байгаа. 

Залуус юу хийж чаддагаа харуулахаас илүү цалин хэд вэ гэж асуудаг болж. Би юу хийж чаддагт чинь тохируулж цалин өгнө гэхээр залхуу хүн гараад л явдаг. Манай компанид цалин авах гэж биш юм сурч, түүнийгээ гайхуулж, түүндээ тохирсон өндөр цалинтай болох гэж ирдэг хүмүүс хэрэгтэй. 

"манай компанийн нэгж хувьцааны үнэ 1,300 дахин өссөн"
 
Гэрэл зургийг MPA.mn

-“Ган хийц” ХК бол олон нийтэд нээлттэй компани. Анх Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байснаас хойш компанийн үнэлгээ хэрхэн өссөн бэ. Танайх шиг бүтээн байгуулалт хийдэг компаниуд ийнхүү нээлттэй компани болоход ямар асуудал бэрхшээл байна?

-Монгол Улсын хөгжлийн асуудлыг томоор нь харахад компаниуд Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах чухал хэрэгтэй. Гэхдээ энэ боломжийг төр олгохгүй байна. 

Манай компани 1993 оны наймдугаар сард Хувьцаат компани болсон. Манай компаниас нэг хувьцаагаа 100 төгрөгөөр үнэлж, 700 ширхэг хувьцааг 7,000 төгрөгөөр авсан. 

Одоо манай компанийн нэгж хувьцааны үнэ 1,300 дахин өссөн. 

Гэхдээ Монгол хүмүүс Хөрөнгийн биржээс хувьцаа авахгүй байна. Яагаад гэвэл тэр хүмүүсийн мөнгө банканд байх нь ашигтай. 100 сая төгрөгтэй хүн юу ч хийхгүй, юу ч зарахгүйгээр мөнгөө нэг жил хадгалуулаад 20 сая төгрөг нэмж авна гээд бод доо. Энэ чинь буруу байна.  

Хөгжилтэй орнуудад тийм байдаггүй. Харин ч мөнгөө хадгалуулсныхаа төлөө төлбөр төлдөг. Тийм учраас Хувьцаат компаниудыг хөгжүүлэхийн тулд Монгол Улс хадгаламжийн хүүг бууруулах ёстой. Хүмүүс үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж эхэлбэл бүтээн байгуулалт эхэлнэ. 

Монголын төрийн хийх ёстой ажил нь энэ. 

-Улс төрчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг. Үнэн хэрэгтээ Үндэсний том бүтээн байгуулагчдаа дэмжиж чадаж байна уу?

-Жижиг дунд үйлдвэр гэсэн нэрийдлээр 21 аймгийн сум бүрт жилд олон тэрбум төгрөг өгөөд үр дүнд хүрэхгүй байгаа. Сүүлийн 15 жил жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэж ярьж байна. 

Гар урчууд, жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст хэрэгтэй ч аугаа том үйлдвэрүүд, том бүтээн байгуулагчид бий болж байж жижиг дунд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг авч, дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргах ажлыг зохион байгуулдаг. 

Монгол Улсыг цемент, арматургүйгээр төсөөлье. Бүтээн байгуулалт явахгүй. Бид дандаа хүнээс гуйж явж болохгүй. Тиймээс томоохон компаниудаа төр бодлогоор дэмжих ёстой. Одоо бол дэмжиж чадахгүй байна. Энэ босвол босно биз. Унавал унана л биз гээд хаядаг. 

-Одоо Монголын төрийн хамгийн эхэнд хийх ёстой зүйл юу вэ?

-Монголын төрийн бүх яам эхлээд бодлогоор нэгдэх ёстой. Аж үйлдвэрийн парк байгуулах гэж байгаа бол бүх салбарын яам энэ нэгдсэн бодлогын төлөө ажиллах хэрэгтэй. Одоо манайд ингэж нэгддэг нэг ч яам байхгүй. Нэг нь сайхан юм хийхэд хамтраад ажилладаг нэг ч яам байдаггүй. 

Ю.Цэдэнбал дарга анх “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах гэрээ зурсныхаа дараа бүх сайд дарга нараа дуудаад үүрэг өгснөөр дөрөвхөн жилийн дотор баяжуулах үйлдвэрийг Эрдэнэт хоттой нь байгуулж байсан түүхтэй. 

Хоёрдугаарт төрийн яам хоорондын бодлогыг зохицуулдаг газар нь байхгүй. Монгол Улсын хөгжлийн бодлогыг зангидаад барьдаг газар ч байхгүй. Тиймээс энэ бүхнийг Монгол төр хийж эхлэх хэрэгтэй байна. 

Ингэснээр бид эх орондоо бүхнийг хийж чаддаг болно. Монгол хүн хэзээ ч гуйлгачин байгаагүй. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.