Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Аялал жуулчлалын компаниуд Америкийн иргэдийг Хойд Солонгос руу аялуулахаас татгалзаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын шоронгоос суллагдсаныхаа дараа нас барсан Отто Уормберийг Пёньянд аялуулж байсан жуулчлалын компани дахин Америкийн иргэдэд үйлчлэхгүй гэдгээ зарлажээ.

Оюутан Уормбер өнгөрсөн жил Бээжингийн Young Pioneer Tours компанийн шугамаар Хойд Солонгост аялж байхдаа баривчлагдаж, 15 жилийн хорих ял авсан юм. Зочид буудлаасаа үзэл суртлын зурагт хуудас хулгайлсанд буруутгагдсан 22 настай оюутан 17 сарын дараа гэртээ ухаангүй ирээд Даваа гарагт нас барсан билээ.

“Отто Уормберийн эмгэнэлт үхэл биднийг Америк жуулчдад үйлчлэхээс татгалзахад хүргэлээ. Хойд Солонгост аялуулсан үйлчлүүлэгчдэд маань ийм харамсалтай явдал өмнө нь тохиолдож байгаагүй. Тэгвэл одоо Америкчуудыг Хойд Солонгост аялуулах нь хэтэрхий өндөр эрсдэлтэй үйлдэл болоод байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Түүнээс гадна Хойд Солонгосын аялал жуулчдад санал болгодог хоёр компани америк жуулчдын талаарх бодлогоо эргэн харж байгаагаа мэдээлсэн байна.

Тэдний нэг нь Бээжинд төвтэй Корё групп бөгөөд тэд Пёньян дахь түншүүдтэйгээ ямар бодлого цаашид баримтлахыг хэлэлцэж байгаа гэжээ. Корё групп нь Хойд Солонгосоос гадна ОХУ, Монгол, Туркменистан, Тажикистан зэрэг орнуудад аялал зохион байгуулдаг юм байна. Нөгөө нэг компани нь болох Uri Tours мөн америк жуулчдад үйлчлэх эсэхээ шийдэхээр ажиллаад эхэлжээ.

 

Эх сурвалж: Travelweekly