Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бали арлын жуулчдад тахианы мах нэрэн дор нохойн мах зардаг байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Индонезийн хамгийн өндөр хөгжсөн аралд Балиг тооцдог. Барууны жуулчдын хамгийн их очдог газруудын нэг энэ арал юм. Хуримын бал сараас өгсүүлээд үүргэвчтэй хямд төсөр, баян тансаг аялал жуулчлал бүгд энд өндөр хөгжсөн байдаг. Тэгвэл саяхан амьтны эрхийг хамгаалах Animals Australia байгууллагынхан мөрдлөг явуулсны үр дүнд арлынхан жуулчдад тахианы мах нэрэн дор нохойн мах зардаг болохыг илрүүлжээ.

Бали аралд өдөр бүр олон тооны нохой, бусад гэрийн тэжээвэр амьтдыг хулгайлан хүнсэнд хэрэглэдэг сүлжээ бий болсон байна. Нохойн махны бизнес энд жилээс жилд өргөжиж, дэлхийд алдартай Хятадын Юлинь нохойн махны баяраас долоо дахин их нохойг Балид нядалдаг болжээ.

Тус байгууллагынхан цуглуулсан материалаа баримтат кино болгон Австралийн ABC сувгаар цацах гэж байгаа гэнэ.

Арлын хүнс нийлүүлэгчдийн ихэнх нь нохойн махыг тахианы мах гэж зардаг бол ресторануудынх нь 70 хувь нохойн махтай хоол зардаг байна. Зарим нохойг тэд барихын тулд хор хэрэглэдэг тул хортой мах жуулчдын хүнсэнд хэрэглэгдэж байж ч болзошгүй гэж мөрдөгчид дүгнэжээ.

Animals Australia байгууллагын төслийн захирал Лин Уайт “Амьтдыг зэрлэгээр нядлах асуудлыг мөрддөг хүнийхээ хувьд би сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн хэдий ч эндхийн тосгонд явагдаж байгаа нядалгааг хараад цочролд орсон” гэж ABC сувагт ярьжээ.

“Би аль болох камераа ажиллуулах талд анхаарлаа хандуулахыг хичээж байсан ч нохдын улих, гаслах дуун зүрх шимшрүүлж байсан” гэж тэр нэмж ярьсан юм.

Гэхдээ Бали арлынхан бүгд нохойн ангуучид биш, эндхийн амьтны эрхийг хамгаалах Balinese Animal Welfare Association байгууллага энэхүү зэрлэг явдалтай тэмцдэг аж. Тэд одоогоор 150 гаруй нохойг авраад байгаа ч жилд Балид 70,000 орчим нохойг хяддаг гэсэн тоо байгаа нь байдал ямар хүнд байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: Independent