Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: АН-ын VIII Их хуралд Х.Баттулгын нэрийг өргөн мэдүүлэхээр тогтлоо

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн санал асуулгын дүнг өнөөдөр албан ёсоор танилцууллаа.

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан Нам үндсэн дүрмийнхээ дагуу тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн дундах асуулга тавдугаар сарын 3-ны өдрийн 10:00 цагаас 20:00 цагийн хоороонд амжилттай болж өндөрлөлөө.

Ардчилсан намаас намын үндсэн дүрмийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн согуульд нэр дэмшигчээ тодруулах зорилгоор дотоод сонгуулийнхаа үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Нийт 180,000 бүртгэлтэй гишүүнээс саналын эрхтэй 132,000 гишүүн оролцсон. Зарим газар байгаль цаг уурын нөхцөл нөлөөлсөн тохиолдлууд гарсан ч ирц хангалттай буюу 60 гаруй хувьтай байлаа.

Санал асуулгын явцад үндсэн дүрэм болон бусад журам зөрчигдсөн маргаан харьцангуй бага байсан. 

Сонгуулийн ирц Улсын дунджаар 60 гаруй хувьтай байлаа.

Асуулгад нийт зургаан нэр дэвшигч оролцсноос:

  1. Х.Баттулга 2740.9 оноо
  2. Р.Амаржаргал 2374.8 оноо
  3. Д.Дорлигжав 1058.6 оноо
  4. Н.Алтанхуяг 1044.1 оноо
  5. Л.Болд 917.3 оноо
  6. Б.Жаргалсайхан 213.3 оноо тус тус авлаа.

Нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноог Х.Баттулга авлаа. Энэ дагуу Ардчилсан Намын асуулга зохион байгуулах төв комиссоос санал асуулгын дүнг дээр дурьдснаар баталж, тавдугаар сарын 6-ны өдөр болох АН-ын VIII Их Хуралд хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч буюу Х.Баттулгыг өргөн мэдүүлэхээр тогтсон болохыг мэдээлж байна.

Намын үндсэн дүрмийн дагуу хамгийн өндөр оноог авсан нэр дэвшигчийг их хуралд оруулж, батлуулахаар байгаа. Сонгуулийн ерөнхий хуулийн дагуу тухайн нэр дэвшигчийн авсан саналын тоо хувь дэмжсэн дэмжээгүйгээр нь мэдүүлж, баталгаажуулах шаардлагатай.

Намын VIII их хурал дээр сонгуулийн төв байгууллага буюу эрх барих дээд байгууллагын хуралдаанаар нэр дэвшигчийг нууц санал хураалтаар баталгаажуулах хуулийн заалттай" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын дотоод сонгуулийн дүнг албан ёсоор мэдээлсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

- Нууц санал хураалтаар Х.Баттулга унасан тохиолдолд яах вэ. Ардчилсан нам олон фракцтай?

- Унасан тохиолдолд асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Хэрэв ийм тохиолдол гарвал УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой.

Олон фракцтай гэж ярьж байна. Манай намд одоогоор фракц байхгүй. Ардчилсан намд Ардчилсан нам гэсэн ганц л фракц бий.

- Сонгуулийн зардлын санхүүжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу. 3.8 тэрбум төгрөг зарцуулна, тодорхой хэсгийг нь намаас гаргана гэж Ц.Туваан дарга хэлж байсан?

- Үндэсний Аудитын Газрын даргаас ирүүлсэн албан бичгээр улс төрийн намууд 6.8 орчим тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч нь 3.9 тэрбум орчим төгрөгийн дээд хягзаартай гэсэн тооцоо бий.

Энэ хүрээнд ажиллана. Яг хэдэн төгрөг цуглаж, зарцуулах нь одоогоор тодорхойгүй байна. Сонгуулийн процесс эхэлж, хандив цуглана. Цугласан хөрөнгө санхүүгийн хэмжээнд ажиллана.

- УИХ-ын гишүүн асан Х.Баттулга хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан төмөр замын хэргүүд яаж шийдэгдсэн бэ. Сэжигтэн хүн сонгуульд нэр дэвшиж болох уу гэсэн яриа гараад байна?

- Монгол Улсын Үндсэн Хууль, хууль дээдлэх зарчимд хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байдаг.

Хүний эрхийн дээд зарчим. Тэгэхээр тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж ярьж болохгүй. Хэн ч байлаа гэсэн хэн нэгнийг хардаж, шалгаж болно.

Эцсийн дүндээ Монгол Улсад гэм буруутай эсэхийг тогтоодог цорын ганц газар бий. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй.

Тиймээс Монгол Улсын иргэнийхээ эрхийг эдлээд явж байгаа хэн ч бай хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй.

- Намын их хурлаар өөр ямар асуудлыг хэлэлцэх вэ?

- VIII Их хурлаар нэр дэвшигчийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, батална.

Хоёрдугаарт, Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг батламжилна.

Үндэсний болдлогын хорооны бүрэн эрх хэрэгжээд эхлэнгүүт бусад томилгоо, хэлэлцэх асуудлуудаа тусдаа хуралдаж, шийдэх ажлууд явагдана.

- Санал хураалтаар гишүүдийн санал хураалтыг хэрэгсэхгүй болгосон зүйл бий юу. Р.Амаржаргал гишүүнд өгсөн санал хүчингүй болсон гэх яриа байна?

- Ямар нэг гишүүний саналыг хүчингүй болгосон асуудал байхгүй. Бүртгэл дээр нэр нь ороогүй буюу зөрчилтэй учраас хасагдсан зэрэг маргаан байсныг тухайн үед нь шийдсэн.

- Н.Алтанхуягийн санал өгөх эрхийг хассан гэсэн мэдээ байсан?

- Нэр дэвшигч Н.Алтанхуягийн талаар нотолгоогүй зүйл яригдсан. Бид шалгасан. Санал өгөх эрхийг нь хассан гэх мэдээлэл үндэслэлгүй. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.