Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Бид ирэх дөрвөн жил ямар бодлоготой байх вэ, юу хийх вэ гэдгээ маш нухацтай ярьсан

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МАН-аас өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон бага хурлынхаа талаар мэдээлэл өглөө.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Амарбаясгалан “Удирдах зөвлөлийн хуралдаанаар олон нийтийн дунд хийсэн судалгаагаар гарч ирсэн таван хүнийг нэр дэвшүүлсэн байгаа. Үүнд МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд Ч.Хүрэлсүх нар багтсан. Удирдах зөвлөлийн хурал дээр гурван хүн сонгуульд өрсөлдөх бодолгүй байгаагаа илэрхийлж, МАН-аас гарч буй нэр дэвшигчээ дэмжинэ гэсэн. МАН-ын VIII бага хуралд УИХ-ын дарга М.Энхболд, дэд дарга Ц.Нямдорж нар өрсөлдөж М.Энхболд дарга 87.5 хувиар ялалт байгуулж нэр дэвшихээр болсон” гэв.

VIII бага хурлыг удирдсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “МАН-ын бага хурлын 310 төлөөлөгчөөс 259 төлөөлөгч оролцсон. 256 төлөөлөгчийн 222 буюу 85.7 хувь нь М.Энхболдыг 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. МАН-ын бага хурлын VIII дугаар хуралдаанд хэлэлцсэн дараагийн гол асуудал бол нэр дэвшигч М.Энхболд ямар мөрийн хөтөлбөртэй орох вэ гэдгийг илүү тухтай ярилцсан.

Найман жил МАН-аас нэр дэвшсэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадаагүй. Өнгөрсөн найман жил Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан.

Бидний хувьд энэ сонгууль маш чухал. Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшил, нийгмийн шударга байдалд энэ сонгууль чухал нөлөө үзүүлнэ гэдэгт санал нэг байгаа. Тийм учраас ирэх дөрвөн жил ямар бодлоготой байх вэ, юу хийх вэ гэдгийг маш нухацтай ярьсан. Энэ бүхнийг эцэслээд мөрийн хөтөлбөрөө бэлдсэн” гэв.

"МАН ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцоно"
 
Гэрэл зургийг MPA.mn

-МАН, МАХН-тай нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу?

Д.Амарбаясгалан:  2016 оны парламентын сонгуулиар Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг МАХН-тай хамтран ажиллах зэрэг олон асуудлаар ярилцаж байсныг санаж байгаа байх.

Тэр үед МАН хангалттай хэмжээнд буулт хийж сонгуульд хамтран оролцох гээд санамж бичиг зурж байсан. Тухайн цаг үед МАХН-ын даргын тавьсан шаардлагыг хүлээж авах боломжгүй болсон учраас нам дангаараа сонгуульд орж байсан. Тэрнээс хойш хоёр намын хооронд хамтран ажиллах байдлаар гэрээ хэлцэл хийгдсэн зүйл байхгүй.

Цаашид энэ талаар бодолцож үзэх шаардлагатай гэдгийг ойлгож байгаа. МАН ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцох шийдвэрээ өчигдөр гаргаад, нэр дэвшигчээ дангаараа тодруулаад явж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.