Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден марихуаны хэрэглээг хуулиар зөвшөөрөх чиглэлд томоохон алхам хийлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр марихуан биедээ авч явсан, хэрэглэсэн зэрэг хөнгөн гэмт хэрэгт холбогдож, холбооны засаг захиргааны хуулиар шийтгүүлсэн олон мянган хүнийг өршөөх захирамж гаргалаа.

Ингэснээр марихуаны хэрэглээг хуулиар зөвшөөрөх чиглэлд томоохон алхам хийж байна. Байдены захирамж зөвхөн холбооны засаг захиргааны хуулиар шийтгүүлсэн иргэдэд үйлчлэх ба мужуудын захирагч нарт ижил арга хэмжээ авахыг тэрбээр уриалжээ.

“Марихуаныг зөвхөн хадгалсан, хэрэглэсэн шалтгаанаар хэн ч хоригдох ёсгүй. Бид марихуантай буруу аргаар тэмцсэний улмаас маш олон хүний амьдрал эрсэдсэн. Одоо энэ алдаагаа засах цаг ирлээ” гэж Байден мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

 

Цагаан ордны мэдээлснээр яг одоо холбооны шоронгуудад марихуаны энгийн хэрэглээтэй холбоотой хоригдож байгаа хүн байхгүй гэнэ. Гэхдээ өмнө нь ийм хэргээр шийтгүүлснийхээ төлөө байр түрээслэх, ажилд орох, боловсрол эзэмших зэрэг олон боломжоо алдсан мянга мянган хүн өршөөгдөж байгааг тайлбарлажээ.

Гэхдээ Байдены өршөөлд марихуан үйлдвэрлэсэн, борлуулсан, бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан хүмүүс хамрагдахгүй юм байна.

Бас гэмт хэрэг үйлдэх үедээ АНУ-д хууль бусаар амьдарч байсан гадаадын иргэдийг хамруулаагүй байна.

Байден өчигдөр бас одоогийн хуульд тусгасан марихуаны ангиллыг өөрчлөх чиглэлийг Эрүүл Мэндийн яам, АНУ-ын ерөнхий прокурорын газарт өгчээ.

Одоогоор уг бодис нь героин, LSD зэрэг мансууруулах төрлийн бодисуудтай нэг ангилалд ордог юм байна.

Байдены шийдвэрээс өмнө Нью-Йорк зэрэг АНУ-ын зарим том хотууд марихуаны бага хэмжээтэй хэрэглээг гэмт хэрэгт тооцохоо болиод байжээ.

 

Эх сурвалж: Associated Press