Уншиж байна ...

"Оюу толгой" ХХК энэ оны нэгдүгээр улиралд орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд 7.8 тэрбум төгрөг зарцуулжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Оюу толгой” ХХК 2024 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцуулсан юм.

Танилцуулгын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "2022 онд хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт орсноор компанид маань багагүй бэрхшээл үүссэн. Тухайлбал илүү цагийг тооцоолох болон шөнийн ээлжтэй холбоотой асуудал гарсны улмаас операторууд маань удирдах албан тушаалд очих сонирхолгүй, мөн ижил албан тушаалд байгаа ажилтнууд маань ялгаатай цалин хөлс авч буй талаар гомдол их гарсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор 2022 онд үйлдвэрчний эвлэлтэйгээ тохиролцоонд хүрсэн. Улмаар дундаж цалинг тодорхойлох журамд маань өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж гарахгүй явсаар энэ оны нэгдүгээр улирлаас дундаж цалинг тодорхойлох шинэчилсэн журмыг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ шийдвэрийг гаргахад удирдлагын зүгээс амаргүй байлаа. Гэхдээ компанийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд маш чухал шийдвэр гэдгийг онцолъё. Нөгөө талаас ажилчдынхаа урт хугацааны тогтвортой байдлыг хангах шаардлага байлаа" гэж ярьсан юм. 

"Оюу толгой" компанийн эхний улирлын байдлаар: 

  • 46,084 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн
  • 42,751 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна.

Тус компанийн зүгээс нийт хүдэр боловсруулах үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу явсан боловч баяжуулах үйлдвэрт дамжуулах системд техникийн болон бусад хүндрэл гарсантай холбоотойгоор эхний улиралд баяжуулах үйлдвэрт ирэх хүдрийн тоо 10.6 сая тонн байхаар төлөвлөсөн боловч 10.3 сая тонн болж буурсан үзүүлэлттэй байна.

Дээр дурдсан хүндрэлийн улмаас эхний улиралд 51,836 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэхээр төлөвлөсөн ч 46,084 тонн буюу 11 хувиар буурсан бол алтны хувьд 50,909 унц төлөвлөсөн ч 42,751 унц буюу 16 хувиар багассан.

Цаашид гарч буй хүндрэлийг бууруулах зорилгоор ил уурхайгаас олборлох хүдрийн төлөвлөгөө, дарааллыг илүү оновчтой шийдвэр гаргах, зарим тоног төхөөрөмжийн засварын ажлыг хянах мөн хүдэр холилтын стратегийг сайжруулах ажил хийхээр төлөвлөж буй аж.

Гүний уурхайн бүтээн байгуулалт үр дүн сайн гарсан байна. Гүний уурхайн баг эхний гурван сарын төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж 3,750 метр хөндлөн малтмал хийхээр төлөвлөсөн бол 3,850 метр болгож, ахицтай ажиллалаа.

Мөн гүний уурхайг газрын гадаргатай холбох туузан дамжуургын бүтээн байгуулалт шинээр хийгдэж буй. Уг байгууламжийг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу явж байгаа аж.

Энэ төсөл ашиглалтад орсноор далд уурхайгаас олборлох хүдрийн хэмжээ ирэх жилүүдийн төлөвлөгөөг биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Далд уурхайгаас олборлох хүдрийн хэмжээг нэмэхэд шаардлагатай төлөвлөгөөт ажлыг энэ оны сүүлээр хийнэ. Учир нь далд уурхайн хүдэрт агуулагдах зэс, алтны агуулга ил уурхайгаас өндөр байдаг. Жишээлбэл энэ жилийн хувьд нийт хүдрийн 17% нь далд уурхайн олборлолтоос гардаг бол нийт баяжмалын зэсийн 50%-ыг хангаж байна. Тиймээс 2028 онд гэхэд далд уурхайгаас нийт олборлож буй хүдрийн 50%-ыг хангах, ингэснээр дэлхий дээр зэс нийлүүлэгч дөрөв дэх том компани болох хэтийн зорилгодоо хүрэхэд дэм болно гэж тус компанийн санхүү хариуцсан мэргэжилтэн онцлов.  

Мөн орон нутгийн тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд зориулж 7.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тодруулбал боловсролын салбарт энэ мөнгөний 48%-ыг зарцуулсан бол дэд бүтцийн салбарт 36%-ыг нь зориулжээ. 

Түүнчлэн нэгдүгээр улирлын байдлаар татвар, хураамж, бусад төлбөрт 629 тэрбум төгрөг төлсөн аж. Дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө хоёр их наяд төгрөгт хүрчээ. Үүний 1.2 их наядыг үйл ажиллагааны худалдана авалтын баг 693 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 538 нь дотоодын ханган нийлүүлэгч байв. Өмнөговь аймгийн хэмжээнд 220 тэрбум төгрөгийн худалдаа хийсэн аж.